Жулиан Ассанж Эквадорын иргэн болжээ

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 11

Алдарт "Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж өчигдөр өөрийн “Twitter” дэх хуудсандаа Эквадорын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлтэй зургаа нийтэлжээ.

Энэ нь Лондон дахь тус улсын ЭСЯ-д орогнож байгаатай холбоотой, жирийн нэгэн жиргээ биш бөгөөд Эквадорын албаныхан түүний иргэншил хүссэн өргөдлийг нь хүлээн авч баталгаажуулсан нь энэ аж.

Тус улсын холбогдох албаныхан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд Жулиан Ассанжийн өргөдөл, холбогдох бичиг баримтыг хүлээн авсан байна. Мөн түүний иргэний үнэмлэхний давтагдашгүй дугаарыг Эквадорын хэвлэлүүд иргэний бүртгэлийн сангаас хайхад баталгаажсан гэж гарч иржээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Петер Татчелл RT сувагт өгсөн ярилцлагадаа "Хэрэв түүнд иргэншил олгож, иргэний үнэмлэх олгосон бол удахгүй дипломат паспорт өгөх магадлалтай гэсэн үг" гэв.

АНУ-ын эрх баригчид, Пентагоны олон сая нууц цахим шууданг хакерын аргаар ил болгосон Жулиан Ассанж эрэн сурвалжлагдаж 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-д орогнож байгаа юм.