Г.Баасан: “Мэргэжлийн тэмцэгч” цолынхоо ид шидийг гаргаж, Х.Энхжаргалыг АТГ-ын даргын суудлаас буулгана

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 01 сарын 11

“Авилгатай тэмцэх газрын нэр хүндийг унагасан “ гэх үндэслэлээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг шүүхэд өгөхөөр мэдэгдээд буй. Уг асуудлаар Г.Баасан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Иргэн АТГ-т албан байгуллага, хот, яамны хүнд суртал, авилгын асуудлыг мэдээллэхэд АТГ хяналт шалгалт явуулах ёстой. Гэтэл энэ мэдээлэл чинь үнэн юмуу, үүнийгээ батал гээд мэдээлэл өгсөн хүнийг эргээд хэрэгт татаж, гүтгэгч цол зүүчихдэг. Тиймээс АТГ-т хандах иргэн байхаа больж байна. Түүнчлэн тухайн асуудалд өртсөн байгууллагын дарга удирдлагад нь танай байгууллагтай холбоотой мэдээлэл ирсэн шүү гээд хэлчихдэг. АТГ-т дуудагдаагүй том бизнесменүүд, албан тушаалтнууд Монголд байхгүй болсон. Гэсэн ч тэднийг шалгадаггүй.  АТГ дунд шатны авилгатай нарийн хариуцлага тооцно гэж ярьдаг. Дээд шатныхантай бол хариуцлага тооцохгүй.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай томилдог. Орон тооны бус цалингүй ажилладаг. Улсын хэмжээнд хэрсэн хулгайч, авилгачидтай цалингүй ганц эмэгтэй тэмцээд дийлэхгүй байна. Гэхдээ би ард түмнээсээ МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭГЧ цол авсан. Түүнийхээ ид шидийг гаргаж Х.Энхжаргалыг АТГ-ын даргын суудлаас буулгана.

Би Олон нийтийн төв рүүгээ орохын тулд үнэмлэхээ үзүүлж, шалгуулж нэвтэрч байна. Иргэдэд бол бүр хаалттай. Олон нийтийн төвөө нээлттэй болгооч гэсэн асуудлыг Х.Энхжаргалд 2017 оны 12 сарын 26-нд тавьсан. Гэтэл “2018 оноос худлаач гэсэн хүн ордог болно” гэсэн хариулт өгсөн. “Орон нутгийн иргэдтэй холбоо барьж болохгүй байна. Өрөөнд минь суурин утас тавиад өгөөч” гэхэд “Төсөв байхгүй. Судалж үзье” гэсэн хариу хэлсэн атлаа АТГ-ын байранд тансаг зэрэглэлийн тавилгууд бүхий өрөө хэд хэдээр нь тохижуулсан. АТГ-ын тансаглал хэрээс хэтэрч байна.

Олон нийтийн дэд зөвлөл гэсэн байгууллага хууль зөрчин байгууллаа. Тэндхийн ажилтнууд нь Х.Энхжаргалын заавар, зөвшөөрлөөр ажлаа хийж байна. Улаанбаатар дахь ажилтан нь 500 мянган төгрөгний цалинтай, орон нутаг дахь ажилтан нь 300 мянган төгрөгний цалинтай ажиллаж байна. Үүнийг татан буулгаач гэж Ерөнхий сайд У.Хурэлсүхэд албан бичиг явуулсан.Удахгүй хариу нь ирэх байх.

 “АТГ-ын нэр хүндийг унагалаа” гэж намайг шүүхэд өгч болно. Гэхдээ төрийн байгууллагад нэр хүнд гэсэн ойлголт байдаггүй юм. Төрийн байгууллага иргэдийнхээ шүүмжийн дор ажилладаг юм. Хувийн хэвшил бол би хүлээн зөвшөөрнө. Эсвэл АТГ-ыг Х.Энхжаргал хувьчлаад авчихсан юм уу?

2015 онд Азийн сангаас хийсэн судалгаагаар иргэдийн 74 хувь нь АТГ-ын үйл ажиллагаанд итгэхгүй байна гэсэн хариу өгсөн шүү дээ. АТГ-т ямар нэр хүнд байсан юм.Гэхдээ би АТГ-тай тэмцээгүй. АТГ-ын ажлыг хийлгэхгүй, хааж боож буй бул хар чулуу Х.Энхжаргалтай тэмцсэн юм. АТГ-т ажлаа хийдэг шударга ажилтнуудыг би хэлээгүй” гэлээ.