Биткойны халимууд

Эдийн засаг / Time Admin
2018 оны 01 сарын 10

Их хэмжээний Биткойн эзэмшдэг хүмүүсийг халимууд гэх бөгөөд тэд Биткойны хөрөнгө оруулагч нарын санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйлүүдийн нэг болоод байна. 11 сарын 12-нд л гэхэд нэг халим арилжааны бирж рүү 25’000 ширхэг Биткойн шилжүүлснээр хүмүүс “зарах бол уу, яах бол” гэсэн эргэлзээнд автаж, янз бүрийн шуум тарж эхэлсэн.

Яг одоогоор нийт эргэлтэнд байгаа Биткойны 40%-г ойролцоогоор 1000 халим эзэмшдэг бөгөөд Биткойны үнэ урьд өмнө байгаагүй хэмжээнд өссөнөөр нэлээдгүй олон нь өөрсдийн эзэмшлээс заримыг зарах сонирхолтой байгаа бололтой. Эдгээр халимууд нь Биткойныг хүн бүр шоолж байх үед энэ технологид итгэж, HODL хийж ирсэн хүмүүс бөгөөд ихэнх нь бие биенээ таньдаг гэнэ. Тиймээс тэд Биткойноо борлуулахдаа хоорондоо ярьж, тохирч, өөрсдийнх нь хөдөлгөөн зах зээлд хэрхэн нөлөөлөхнүү гэдгийг туршиж, өөрсдөдөө хамгийн ашигтай байдлаар борлуулах гэж оролдох юм.

Криптовалютын хувьд зах зээл нь дөнгөж эхний шатандаа явж байгаа болохоор хэсэг бүлэг хүмүүс зах зээлийг хөдөлгөх боломж нь бусад удаан хөгжсөн зах зээлүүдтэй харьцуулахад илүү юм. Хамгийн түгээмэл арга бол “Pump and dump” хэмээх арга байдаг. Хэсэг бүлэг хүмүүс хоорондоо тохирч нэгэн төрлийн криптовалютыг зогсолтгүй худалдана авч үнийг нь өндөр өсгөж байгаад хормын дотор бүгдийг нь борлуулж гарахыг хэлнэ.

Хэдийгээр Биткойны хувьд энэ нь таагүй юм шиг сонсогдох боловч Биткойны хамгийн топ 100 хэтэвч нийт зах зээлийн 17.3%-г агуулдаг гэдэг нь бусад зооснуудтай харьцуулахад хамаагүй сайн тархсан гэсэн үг юм. Эфириум гэхэд топ 100 хэтэвчинд нийт зоосны 40% нь оршиж байх жишээтэй. Бүр жижигхэн зооснуудын хувьд бараг 90% нь хэдхэн хүний гарт байж байдаг. Энэ нь IPO зарлахаас өмнө компанийн хувьцаа үүсгэн байгуулагчийн гарт бүгд байдагтай төстэй юм. Мөн Биткойны үнэд ямар нэгэн таагүй уналт болох үед хамгийн их алдах хүмүүс нь халимнууд өөрсдөө учир тэд болчимгүй үйлдэл хийж өөрсдөдөө ийм эрсдэл авчрахгүй байх гэж хүмүүс найдаж байна.

Эх сурвалж: Monbit.mn