Өөжгий: Дугуй хагарахад замын голд садаа болж зогсохоо л больчих

Нийтлэл / ЗРМ За Рулём
10 өдрийн өмнө

Монголын бартаат замын спортын УЗ-ийн гишүүн, гитарчин Өөжгийтэй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциациийн тэргүүн, хурандаа С.Энхтөрийн хийсэн ярилцлага. 

С.Энхтөр: Таныхаар замын хөдөлгөөний соёл гэж тусдаа ойлголт байна уу, эсвэл дүрмээ баримтлах нь өөрөө замын хөдөлгөөний соёл юм уу?

Д.Өлзий-Орших: Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж явах нь хамгийн том соёл юм. Гэхдээ нөгөө талаар “Миний эгнээний ногоон гэрэл ассан л юм чинь яадаг юм” гэсэн байдлаар уулзвар пиг машинтай байхад зүтгэсээр байгаад орж бөөн түгжээ үүсгэх, эсвэл дөнгөж ногоон гэрэл асав уу үгүй юу галзуу юм шиг сигналдаад л хашгирч хараах нь  уг жолоочийн зөв мэт байвч тухайн жолооч их хотын замын хөдөлгөөнд тайван бухимдалгүй, хүлээцтэй оролцож сурах нь чухал гэж боддог.

С.Энхтөр: Бусдыг хүндэтгэж, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог хэрнээ автомашин нь техникийн хувьд хангалтгүй, халтардаж бохирдсон, үйлчилгээ хийлгээгүй жолооч, унаж яваа машин нь гял цал болсон хэрнээ өөрөө замын хөдөлгөөнд бүдүүлэгдүү, авто зам дээр би гэсэн сэтгэлгээгээр оролцдог хоёр жолоочийн аль нь сайн жолооч вэ?

Д.Өлзий-Орших: Аль аль нь муу жолооч. Гэхдээ Lexus LX570, Land Cruiser 200 унаад би л том хүчтэй машинтай нь гэсэн шиг дайрч давшилж явдаг хэсэг нөхдийн дэргэд хар утаа хаялсан халтар машинтай ч дүрмээ бариад явж байгаа жолооч нь арай дээр.

Замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигдсэн байдаг.

С.Энхтөр: Автомашинаа жолоодож явахад явган зорчигчдын талаар ямар бодол төрдөг вэ? Эсвэл эсрэгээрээ явган явахдаа жолооч нарын талаар төрдөг сэтгэгдлээ бидэнтэй чин үнэнээсээ хуваалцахгүй юу?
Д.Өлзий-Орших:
Явган зорчигчид маань нэг үеэ бодвол гарц, гэрэл дохионы дүрмийг сайн мөрддөг болсон шүү. Зарим нэг эзгүй талд ганцаараа яваа юм шиг нөхдийг эс тооцвол. Харин гудмаар явган алхаж байхад зарим жолооч нарын дохиогүй гарц, эргэлтэн дээр хийж байгаа үйлдлүүд ч хэцүү хэцүү. Жолооч нарыг дотор нь сууж явахаас илүү гадна талаас нь ажиглахад хөдөлгөөнд оролцож байгаа зан байдал нь илүү тодорхой харагддаг даа.

Монголдоо Шумахер, харин гадаадад жолооны курсийн сурагч.


С.Энхтөр: Гадаадын аль нэг хотод автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байв уу? Тийм бол манай хотын замын хөдөлгөөн болон жолооч нарын байдал тэднийхээс хэр ялгаатай байна?

Д.Өлзий-Орших: Европ, Америк, Японд машин барьж нэлээд явсан. Аль ч газар нь дүрэм гэдэг зүйл л яс үйлчилдэг. Хэрвээ дүрмээс гажвал нэг бол торгууль, эсвэл осол хүлээж байна. Ялангуяа Германы хурдны зам. Тэнд дүрэм яаж үйлчилдгийг манайхан сайн мэднэ дээ. Замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигдсэн байдаг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан. Тэр бол яг үнэн шүү. Миний ганцхан гайхдаг юм манай улаан галзуу давхидаг сайн эрчүүл чинь гадаадад очихоороо яг дүрмээр амьсгална шүү дээ. Хурд эгнээгээ яг бариад л. Монголдоо бол Шумахер шиг туудаг улсууд тэнд очихоороо жолооны курсийн сурагч шиг болчихдог юм. Уг нь эх орондоо дүрмээ бариад явж байвал сайнсан.

С.Энхтөр: Дугуй хагарах үед запаас дугуйгаа сольж тавих, эсвэл аль нэг гэрэл асахгүй болоход түүнийг солих гээд автомашинд чинь ямар нэгэн хөнгөн гэмтэл гарвал засч чадах уу?

Д.Өлзий-Орших: Тэр зэргийн юмыг жолооч бүр л чаддаг биз дээ? Харин дугуй хагарахад замын голд баахан амьтанд садаа болж зогсохоо л больчихвол зүгээрш үү. Миний хувьд машин техникт жаахан хоббитой тул машиныхаа наад захын компьютер оношилгоо мэтийн жижиг сажиг юмыг бага сага мэдээд өөрөө хийчихдэг.

Эх сурвалж: За рулём Монгол 01. 2018