Хүчирхийллийн улмаас зургаан хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байжээ

Нийгэм / Time Admin
6 өдрийн өмнө

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан, хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч 2017 онд нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн 757 гэмт хэрэг үйлдэгджээ. Хэрэг үйлдэгчээр 1578 иргэнийг 7-30 хоног саатуулан, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ухуулга, сургалт зохион байгуулсан байна. Дээрх хэргүүдийн улмаас 647 иргэн хохирсны 90 хувь нь эмэгтэйчүүд, долоон хувь нь хүүхэд, гурван хувь нь эрэгтэйчүүд байжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас зургаан хүн амь насаа алдсаны нэг нь бага насны хүүхэд байсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Түр хамгаалах байранд байрлуулан хамгаалдаг бөгөөд өнгөрөгч 2017 онд 267 хүнийг хамгаалжээ.

Харин 555 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд дийлэнх нь хулгай, бусдын биед гэмтэл учруулах хэрэг бүртгэгджээ. Иймд хүүхдэдээ тавих анхаарал, хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.