Р.Булгамаа: Прокуророос хэргийг үнэн зөвөөр шалгах эсэхэд эргэлзэж байна

Нийгэм / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 10

Өнөөдөр Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Ц.Баасандорж,  Р.Булгамаа нар мэдээлэл хийлээ. 2017 оны 11-р сарын 30-ны өдөр Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл цацаж, олны анхаарлыг татсан. Харин сайд асан Г. Ганхуяг Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав болон Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргаснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эхлээд байсан билээ. Тэгвэл уг хэргийн талаар охины өмгөөлөгчид мэдээлэл хийв. 

Өмгөөлөгч Р.Булгамаа “Г.Номуундарь өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цацсан. Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Г.Номуундарийн ярьсан зүйлс олон нийт, нийгмийн анхаарлыг татаж байгаа. Охины эрүүл эсэхэд эргэлзэж байгаа мэт төөрөгдөл ч үүссэн. Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон байсан. Охиныг бичлэг хийсний дараа шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон. Охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан.Ц.Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байгаа. Харамсалтай нь, гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн байгууллагууд асуудалд анхаарал, болгоомжгүй хандаж байна. Прокурорын байгууллагад эргэлзээ төрж байна. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор ташаа мэдээлэл өгч байна. Цагдаагийн байгууллага хууль зөрчиж байна. Цагдаагийн албан хаагчид өмгөөлөгч нарыг гэрчийг байцаахдаа оролцуулахгүй байна. Гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авсан эсэхэд бид эргэлзэж байгаа” гэв.

Өмгөөлөгч О.Чулуунчимэг "Г.Номуундарь охины хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн нэр бүхий гэрчүүд асуугдсан. Энэ гэрчүүдийг асуулгах хүсэлтийг өмгөөлөгчид өгсөн. Өмгөөлөгчид өөрсдийн өгсөн хүсэлт дээр байлцах бүрэн эрхтэй байдаг. Харамсалтай нь, зарим гэрч дээр биднийг байлцуулаагүй. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр хэрэгт хоёр этгээд холбогдсон байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Энэ хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Оргон зайлах магадлал маш өндөр байсан” хэмээн мэдэгдлээ. 

Хуулийн хувьд тус хэрэг "Хэрэг бүртгэл"-ийн шатанд явж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн боломжтой. Хэрэгт холбогдсон гэх гадаадад сурч байгаа хүүхдүүдийг монголд авчраад хэргийн үнэнийг тогтоож болно гэж өмгөөлөгчид үзэж байгаагаа хэлэв. Мөн Г. Номуундарийг сэтгэцийн өвчтэй, японд байгаа гэх мэдээлэл худал болохыг хэлж, түүнийг удахгүй уг хэргийн талаар дахин мэдээлэл хийнэ гэв.