Д.Сумъябазар: Оюутолгойд мэдээлэл зөөж худалддаг олон хүн бий

Улс төр / Time Admin
2018 оны 01 сарын 11


Уул уурхайн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК, Рио Тинто холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Энэ талаар уул уурхайн сайд Д.Сумъябазараас тодрууллаа.

Тэрбээр “Зарчмын хувьд Засгийн газрын байр суурь биш. Яамны, сайдын байр суурь биш. Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2 зүйлд ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзсэн. Нарийн тооцоо судалгаа хийсний эцэст нэгдүгээрт хүүний зардлыг бууруулах, хоёрдугаарт өгөөжийг эргэн харах ёстой. Яагаад өгөөжгүй яваад байгаа гэхээр үйл ажиллагааны зардал дээр хяналтаа сайжруулаач ээ гэж. 

Ерөнхийлөгч өчигдөр телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. Ер нь ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Үйл ажиллагаа ойлгомжтой, жигд байх ёстой. Яаж цаашдаа ийм үлбэгэр байдлаар Монгол Улс үр өгөөжөө хүртэх юм.

Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудал дээр эхлээд фокусалж ажиллая гэж бодож байна.
Цаашлаад асар их шүүмжлэл дагуулдаг Дубайн гэрээ байна. Цаг нь болхоор бид холбогдох мэдээ мэдээллүүдийг өгнө.

Хувь хүн Д.Сумъябазар миний бодлоор Оюу толгой компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг шүү. Засгийн газрын боловсруулсан материалуудыг зөөж худалддаг ийм байдлаар олон жил явж ирсэн. Асуудал болоод хоёр талаасаа асуудал ярих гэхээр наана нь асуудлыг бужигнуулдаг, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш чиглүүлдэг зүйл манай улсад их байдаг. 

Өнөөдрийн хоол уу, ирээдүйд үр хүүхдэдээ юм үлдээх үү гэдэг сонголт байна.Цаашид Засгийн газрын байр сууринаас гажсан юм ярьвал Д.Загджавтай хатуу хариуцлага тооцно гэдгээ албан ёсоор илэрхийлж байна” гэлээ