Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Улс төр / Э. Сайнзаяа
4 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төвбанкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Монголбанкны Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгчийн цалин маргаан үүсгэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Цалинг УИХ тогтоох уу, арилжааны банкны захирлуудын жишгээр явж  байна уу.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Монголбанк өөрийнхөө тодорхой үйл ажиллагааны үр ашгаас сан бүрдүүлж цалинждаг. Монголбанк өөрөө тогтоож байхаар итгэлцүүр хийж өгөхөөр болсон.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төв банкны зорилго дотор үнийн болон төгрөгийн тогтвортой байдлыг ялгаж, зааглаж өгсөнгүй. Тиймээс энэ хууль зөв явж чадсангүй. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг эдийн засгийн агуулгаараа валютын тогтвортой байдал. Валютын ханш гэдэг өөрөө гадаад худалдаа, төгрөгийн тэнцэлтэй холбоотой. Засгийн газар асуудлаа өөрөөсөө холдуулаад Төвбанк руугаа чихлээ. Үүний цаана маш том орон зай эзгүй үлдлээ.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Монголбанк мөнгөний тогтвортой байдлыг дангаараа хангаж чадахгүй. Засгийн газарт бас хамаарах ёстой.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монголбанкны хамгийн гол зорилго нь валютын нөөцтэй холбоотой.  Валютын нөөцийн зохистой удирдлага хэрэгтэй. Үүнийг хаана нь хянаад явах вэ?

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Удирдах зөвлөл байгуулах нь Монголбанкинд нээлттэй байгаа. Монгол банкны Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг нь хуулинд тодорхой байгаа. Ер нь нэг хүнээс хамааралтай зүйлийг нь хааж өгч байгаа.  Төв банк төсвөөс цалинждаггүй. Дэлхийн жишиг нь ийм юм. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд мөн энэ замаар явж ирсэн. Буруу зүйлгүй.

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монголбанк нь дэргэдээ Зөвлөл байгуулж болно гэсэн. Энэ зөвлөл олон асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаад явна.  Монгол банкинд дотоод аудит, Үндэсний аудит гээд хяналт тавьдаг.

Гишүүд асуулт асуусны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд Төвбанкны тухай хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувийн саналаар баталлаа.

2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс уг хууль хэрэгжиж эхэлснээр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэнэ. Мөн Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байна.