Холбоод асаачихъя тэгэх үү?

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 12

Өвлийн хүйтэнд батарей суух шиг таагүй зүйл үгүй. Ингэсэн тохиолдолд хэн нэгнийг гуйж холбож асаахаас өөр аргагүй байдаг. Харин батарейг хэрхэн аюулгүй холбох вэ?

ХОЛБОЖ АСААХДАА

Нэмэх хасах туйлаа буруу холбохоос сэргийлж урьдаас сайн нягтлаарай. Тоос шороонд дарагдсан батарейн дээд талын (+) (-) тэмдэг нь харагдахаа байсан байдаг. Цэвэрлэж байгаад баттай холбоорой. Эхлээд цэнэглэгч батарейн (-), дараа нь (+) туйлыг холбож байж асахгүй байгаа машиныхаа (-) (+) туйлыг холбоно. Часс гэж гал манарвал битгий сандар. Цахилгаан шүү дээ. Машин ассаны дараа цэнэглэгч батарейн нэмэхийг салга. Дараа нь цэнэг авч байгаа батарейн нэмэх утсыг салга. Хасах цэнэгийг мөн адил дарааллаар салгана. Энэ ээлж дараалал нь автомашиныг цахилгааны гэмтлээс хамгаална.

БАТАРЕЙ ХОЛБОГЧ КАБЕЛЬ /УТАС/ ХЭР ЧУХАЛ ВЭ?

Стартер дарах үед цахилгаан гүйдэл хэдэн зуун ампер хүртэл нэмэгддэг учир нарийн болон зэсийн хольц багатай холбогч хэт халах аюултай. Автомашинаа холбох гэж байвал ампер цагийг нь харна.
Суудлын автомашиныг холбох бол 200Ампераас дээш, жийп бол 400Ам-аас дээш байвал ямарваа нэгэн хүндрэл үүсэхгүй. Холбогч кабелийн улааныг нэмэх, харыг хасах цэнэгт холбо. Холбогчийн резинэн бүрээс нь өвөл хөлддөггүй, хөдөлгүүрийн эд ангид хүрэхэд хайлхааргүй бат бөх байх хэрэгтэй. 

ХОЛБООД Ч АСАХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Стартераа хэд хэд дараад асахгүй байвал хүчлээд хэрэггүй. Энэ нь таны автомашины асаалтын болон түлшний системд ямар нэгэн гэмтэл гарсантай холбоотой байж болзошгүй. Түлшний систем хэвийн ч асаалтын систем гэмтэлтэй бол очлуур норно гэсэн үг. Нэгэнт норсон очлууртай автомашин асна гэж байхгүй. Цаг алдалгүй дулаан гарааш бараадсан нь дээр шүү.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл