МҮЭХ татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа

Нийгэм / Time Admin
2018 оны 01 сарын 12

Өнөөдөр Сүхбаатарын талбайд МҮЭХ-ны 10 мянга гаруй гишүүн хүрэлцэн ирж уриа лоозон барьсаар эсэргүүцлийн жагсаалд оролцов. Жагсагчид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлж буй асуудлыг эсэргүүцлээ. 

Ер нь татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцлийн арга хэмжээ авч ирсэн.

Гэвч МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөлгүй энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. 

Жагсагчид, “Татвар нэм хямралаас гардаг бодлого дэлхийн хаана ч байхгүй”, “Бид өр төлөгчид биш”, “Уул уурхайн ажилчид тансаг амьдралтай биш. Илүү хүч хөдөлмөр зарж амьдардаг. Татварыг эсэргүүцэж байна” зэрэг лоозон барьжээ.