Шивээстэй зураг нь сошиалд цацагдсаны дараа экс якуза баривчлагджээ

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 12

Тайландын цагдаа нар 74 настай Японы иргэн, экс якузаг 15 жилийн дараа баривчиллаа. Түүний шивээстэй зургууд сошиал сүлжээнд нийтлэгдсэний дараа цагдаа нар түүнийг энэ долоо хоногийн лхагва гарагт Лопбури мужаас баривчилсан байна.

Шигэхарү Ширай нь Японы Ямагучигийн якуза бүлэглэлийн гишүүн байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн гэмт хэрэг, аллага үйлдэж байгаагүй гэж мэдүүлжээ. Тэрбээр 2003 онд өөр нэгэн якузагийн бүлэглэлийн толгойлогчийн амийг хөнөөсөнд сэжиглэгдэж байв. Тухайн үед цагдаа нар түүний хамтран зүтгэгч 7 хүнийг баривчилсан ч Шигэхарү Ширай 2005 онд Тайланд руу зугтжээ.

Шигэхарү Ширай энэ хүртлэх хугацаанд хэнтэй ч холбоо барихыг хүсээгүй бөгөөд түүнд ийм харилцаа үүсгэж, хэргийн тухай тайлбар өгөх шаардлага гарч байгаагүй гэж тэрбээр ярьсан байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард “Facebook”-ийн нэгэн хэрэглэгч түүнийг өөрийнхөө бахархал, хүндэлж явдаг хүн нь хэмээн бичиж шивээстэй зургуудыг нийтэлснээр олон мянган Like, Share авч, цагдаа нарын анхааралд өртөж, саяхан түүнийг баривчилжээ. 

Тайландад хууль бусаар нэвтэрсэн Шигэхарү Ширайг одоо Япон руу буцаах ёстой. Гэхдээ үүнээс өмнө цагдаа нар Тайландад байгаа якузагийн бүлэглэлүүдийн тухай мэдээлэл авах сонирхолтой байна.