Д.Дамба-Очир: Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдэл багасна

Улс төр / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 69.1 хувийн саналаар баталлаа.

Уг хуулийн төслийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, өнөөдөр эцэслэн баталж байна. 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эдийн засгийн хямралтай холбоотой санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс Төв банкны хууль, Арилжааны банкуудын гол суурь хуулиудад өөрчлөлт орж байна. Төв банкны хуульд өөрчлөлт орсноор Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, хамтын шийдвэр гаргадаг дөрвөн зөвлөлтэй, нэг хороотой болгож байна. Төв банк арилжааны банкуудыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авдаг болж байна. Мөнгөний бодлогын шийдвэрийг Төв банк хамтаараа нийлж шийдвэр гаргадаг, ерөнхийлөгч нь эцэст баталгаажуулж гарын үсэг зурдаг болох юм. Нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрт Монголбанк зээл олгож байсныг хориглож, зөвхөн арилжааны банк, Засгийн газарт шаардлагатай үед нь олгож байна. Ингэж байж хамтын удирдлагатай болж байгаа юм” хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголбанкны хуулийн үндсэн гол зорилтод Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн хуучин заалтыг хэвээр үлдээж байгаа. Эдийн засаг өнөөдөр шилжилтийн байдалтай, хямралтай байна. Энэ үед төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, цаашлаад инфляцийг хангах юм. Монголбанк Мөнгөний бодлогын хороо ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийдвэр гаргадаг байсан бол одоо орсон өөрчлөлтөөр шууд шийдвэр гаргадаг болж байна. Хяналт шалгалтын хороо нь арилжааны банкуудтай харилцаж, банкны системийн үйл ажиллагааг хянах зорилттой юм" гэв.

Мөн Монголбанкны тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны хуульд өөрчлөлт оруулсан зорилго нь олон улсын жишигт нийцсэн Төв банктай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх юм. Мөн Төв банкны засаглалыг сайжруулж, нэг хүний бус хамт олны шийдвэртэй болгож, Мөнгөний бодлогын зорилтууд, арга хэрэгслийг шинэчилж байна" гэлээ.