Ё.Баатарбилэг: Иргэдэд өөр түлэх юм байхгүй юм чинь нүүрсээ л түлнэ

Ярилцлага / Э. Сайнзаяа
4 өдрийн өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ талаар УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгтэй ярилцав.

Агаарын бохирдол ихтэй дүүргүүдээр ажиллаж байна уу?

УИХ-аас гарсан ажлын хэсэг явж байгаа. Ажлын хэсэг байгуулагдснаас хойш хэд хэд хуралдаад их хурлаас тогтоол гаргах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу нэгдүээр сарын 5-ны өдөр Их хурлын тогтоол гарсан. Уг тогтоолд ард иргэдийн яриад байгаа нийгэмд бухимдал үүсгэсэн маш олон асуудлыг, мөн Ерөнхийлөгчийн утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараана гэсэн асуудлыг цогцоор нь тусгасан тогтоол байгаа. Албажаад өнөөдрөөс гарна.

Тогтоолын зүйл заалт болгон нь хугацаа заасан, маш тодорхой шийдлүүдийг засгийн газарт шийдэл болгосон. Тогтоол батлагдсантай холбоотойгоор өнөөдөр Агаарын бохирдлын эсрэг сан байгуулагдлаа. Тодорхой бараа бүтээгдхүүнүүдийг гаалийн болон, импортын НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан. Агаарын бохирдолтой байгаа өнөөдрийн нөхцөлд нэгдүгээрт нэн даруй агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал яригдана. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч тавих, иргэдэд амны хаалт тараах, цахилгаан халаалтын зуух зэрэг зүйлсийг НӨАТ болон гаалиас чөлөөлөхөөр болсон. Хоёрдугаарт, агаарын эсрэг санг дахин байгуулсан. Манай тогтоолд нэн даруй авах арга хэмжээнүүд, хуулийн төсөл юу байна энэ бүгдийг намрын чуулгандаа багтаагаад өргөн барья гэсэн бодолтой байгаа.

Зарим газар зуух тараах асуудал яригдаад байна?

Зуух тараах тийм бодитой шийдэл биш. Айл болгон зуухтай. Маш цөөхөн хэсэг нь цахилгаан халаагуур хэрэглэж байгаа энэ үед зуух тараах ямар ч шаардлагагүй. Харин зууханд нь таарсан сайжруулсан түлшийг нь бэлдэж зах зээл дээр гаргах хэрэгтэй. Иргэдэд өөр түлэх юм байхгүй юм чинь нүүрсээ л түлнэ. Түүхий нүүрсийг хамгийн наад зах нь 500-600 градуст боловсруулаад сайжруулсан утаагүй түлш нь гардаг юм байна. Засгийн газраас энэ хавартаа сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг маш олноор байгуулж, хөрөнгө оруулалт хийгээд татварын бодлого зээлээр дэмжчихмээр л санагдаж байна. Засгийн газарт энэ талаар чиглэл өгсөн.

Намар болтол сайжруулсан түлшээ бэлтгэчих юм бол улаанбаатарруу орох түүхий нүүрсийг нь хорьчих хэрэгтэй. Түлэх түлш нь бэлэн байхад түүхий нүүрс түлээд байвал тэдгээр иргэд, аж ахуй нэгжтэй хариуцлага ярьж болно. Одоо онц байдал зарлаад яах юм. Үүний хажуугаар цахилгаанаар халаах шийдлүүдээ яриад явж болно. Нэг хоёр жилдээ бүх айлыг цахилгаанаар халаах боломжгүй. Цахилгаан зуухных нь өртөг дунджаар нэг айлын 1- 1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр тийм хэмжээний өртөг төлж юм аваад сарын халаалтын өртөг нь хэд ч гарах юм билээ. Айл өрхийн нүүрс түлдэг өртгөөс хэт давчихаар айлууд тэр бүр авч чадахгүй. Боломжтой хүмүүс нь авч болно. Мэдээж тэр шийдэл нь байж байна. Өөр шатахуунаар ажилладаг технологиуд нэвтэрч л байг. Мөн 30 мянган айлын орон сууц байна гэсэн. Тийшээ айл өрхийг оруулах хэрэгтэй байна. Амьдарч байсан газрыг нь төр аваг. Гол нь тэр айл газартаа өөр айл буулгахгүй байх хэрэгтэй.

Оюутнуудыг хотоос гаргах тухай яригдаж байсан санагдана?

Улаанбаатар хотоос их, дээд сургуулиудыг гаргах асуудал яригдсан. Дагуул хот байгуулна гэсэн үг. Их, дээд сургууль утаанд ямар гай болсон юм гэж бодож байгаа байх.

Улаанбаатар хотод 170 гаруй мянган оюутан байна. Төрийн өмчийн их, дээд сургуульд 87 мянган оюутан сурдаг. Энэ 87 мянган оюутны 50-иад мянган оюутан нь орон нутгаас ирж суралцаж байна. Эдгээр оюутнаас 12 мянга нь оюутны байранд амьдардаг. Үлдсэн 40 мянган оюутан бүгд айлын хажуу өрөө түрээслэхгүй шүү дээ. 20-30 мянган оюутан нь гэр хороололд амьдардаг. 4000 багш ажилтан байна. Тэгэхээр энэ багш оюутны амьдрах болон хичээллэх байрыг шийдээд хотоос гаргачих юм бол болно гэж харж байна. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд бий болно. Усан сан, бассейн, номын сан, дэлгүүр хоршоо бүх юм нь төвлөрнө.

2018 оноос түүхий нүүрсээр ажилладаг зуухнуудыг хаах талаар чигдэл өгсөн. Наана нь технологиийн шинэчлэл хийнэ. Их дээд сургуулиуд амарчихсан болохоор зам хөдөлгөөн ч чөлөөтэй байна. 2018-2019 оны хичээлийн жилийн хичээллэх хуваарь юмнуудаа эртхэн засгийн газар дээр шийдэхийг санал болгосон. Яагаад арванхоёроос хоёрдугаар сарын хооронд амарч болохгүй гэж. Зургаадугаар сарын 1-нд тардаг байсан бол долоодугаар сарын 1-нд амраачих. Ингээд болоо шүү дээ. Ийм гаргалгаа шийдэл, боломжуудыг судлах хэрэгтэй. Засгийн газарт сэтгэл зүтгэл байвал энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Утааны асуудал бол бүх нийтийн асуудал.  Ерөнхийлөгч өөрөө ч засгийн газарт 2-3 удаа ажилласан хүн байж утаагаа бууруулахгүй бол УИХ-ыг тараана гэж ярьж болохгүй. Сүүлийн хэдэн жил утааг хангалттай ярьсан. Энэ асуудлыг улстөржүүлж болохгүй. Зөв бодлого гаргах хэрэгтэй.магадгүй алдаа гарах гээд байвал тал талаасаа ярилцаж шийдвэрлэх нь зөв.

Хууль хэрэгжих хугацааны хувьд 2019 оноос гэсэн байсан?

Импортын татвар энэ сарын 20-ноос хэрэгжинэ. Харин Агаарын бохирдлын санг байгуулахад улсын төсвөөс нэг хэсэг нь бүрдэх учир 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гэсэн. Сангаа бол байгуулчихсан. Гадна дотноос хөрөнгө оруулалт орж ирвэл ямар ч асуудалгүй.