“Солиот эх”: Гол нь уйл...

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 12

Х-Түц продакшны дэлгэцийн ээлжит бүтээл болох “Солиот эх” уран сайхны кино өнгөрсөн оны сүүлчээс өнөөдрийг хүртэлх хагас сарын хугацаанд хүмүүсийн ярих ганц сэдэв болтлоо өргөжив. Киноны нээлтээс өмнө Гавьяат жүжигчин И.Одончимэгийн гундуухан төрхтэй постер зураг цахим орчинд харагдаж эхэлснээс хойш одоог хүртэл энэ шуугиан намжаагүй байна. Ингэж хүн бүрт хүлээлт үүсэв. Бас хүн бүр Хятадын зохиолч Ван Хэн Жи- гийн Солиот эх өгүүллэгийг уншиж кино үзэх бэлтгэлээ базаасан гэхэд хилсдэхгүй болов уу. Удалгүй анхны трейлор цацагдсанаар нийгэмд “Солиот эх”-ийг үзэх хүсэлтэй хүмүүсийн бяцхан давалгаа үүсэх нь тэр. Би ч мөн тэдний адилаар киноны нээлтийг хүлээж, өгүүллэгийг нь олж уншлаа. Шинэ он ч гарав, кино ч нээлтээ хийв. Монголын кино урлагт нэгэн шинэ уран бүтээл мэндлэв. 

Хүлээсэн ёсоор киногоо хамгийн эхний үзвэрийн ганц билет захиалаад өглөө нь тун чиг цовоо сэргэлэн амьтан/утаагүй өглөө байсныг ч хэлэх үү/ алхсаар кино театрын хаалга татан орлоо. Өдрийн эхний үзвэрт ахимаг насны цөөн хүн, ханиалгасан хоёр эмэгтэйгээс өөр хүн байсангүй /би ч бас ханиадтай л байсан.../ 

Удалгүй  киноны эхний таван хоромд ард минь сууж байсан настай эмэгтэй “Эвий дээ, хөөрхий минь” гэж шүүрс алдахуйд хажууд суух бие давхар эмэгтэйн “Зүүдэнд орохоор үс вэ!” гэх нь дуулдлаа. Үнэндээ хажууд сууж байсан жирэмсэн эмэгтэй жүжигчин И.Одончимэгийн бүтээсэн Номоо гэх солиотой хүүхний бохир, ширэлдсэн үсийг хараад тэгж уулга алдсан хэрэг.

Мэдээж И.Одончимэгийн дүрдээ хэрхэн сайн хувирсаныг дурдахгүй байж болохгүй. Миний бодлоор тэр өөрийн “Дүрийн үр”-ээ золбин нохойноос авсан байх гэж таамагласан юм. Учир нь солиот эхийн биеийн хэлэмж, үйл хөдлөл, харц зэргээс илэрхий байв. Ялангуяа Дэнзэнг дагаж тэдний гэрийн гадаа ирж нохойн хэвтэрийн хажууд бүхэл өдөр өнждөг хэсэгт яг л нохойноос ялгагдах юмгүй харагдаж байв. Мөн нялх хүүгээ хулгайлан зугтааж яваад агуйд чонотой тааран хүүхдээ хамгаалах учраа олж ядахдаа чонын өөдөөс нүцгэн гараараа шороо чулуу самардан эсэргүүцдэг хэсгийг тун гайхалтай бүтээсэн байлаа. Түүний харцнаас “үнэн” айдас мэдрэгдэж байв. Тэр үнэхээр л “солиот” болчихсон байлаа. Хүүхдээ харах харцнаас нь “үнэн” хайр мэдрэгдэнэ. Жүжигчдэд “хүн байх”, “үнэн байх” л хамгаас чухал байдаг билээ. Тэр энэ үүргээ ч маш сайн биелүүлэн чансаатай жүжигчин гэдгээ дахин нэг батлаад авав. 

Сэтгэлдэл тун өндөр үлдсэн бас нэг хэсэг бий. Зургаан жилийн дараах үйл явдал дундуур эзэн ноёнтон чанасан мах идэж суухуйд Номоо түүнийг харан нохойтой цуг мах горьдон дөрвөн хөллөж эзний үйл, хөдлөл бүрийг дагадаг... Эрүүл саруул ухаан үгүй ч араатан амьтны байгалиас заяасан шинжийг гарамгай гарган тоглосон нь энгийн нэгэн үзэгч надад ихэд сайшаалтай санагдсаныг нуумгүй.


Нөгөө талаар аливаад хэт шүүмжлэлтэй хандах гэж хичээгээд яах вэ, зөөлөн нь хатуугаа элээдэг хорвоо хойно гэсэн бодол өвөрлөн кино театрыг зорьсон. Гэвч киноны туршид зөөлөн нь арай л дутчихав уу даа гэж бодогдох шиг. Учир нь дэндүү шорвог хоол идчихсэн юм шиг мэдрэмж төрөөд байлаа. 

Ямартай ч монголчуудад уйлах шалтгаан мундахгүй их байгаа нь нууц биш. Өвлийн туршид хоолой, нүд ялгаагүй аргаж байгаа энэ үед хэтэрхий их “уйланхай” кино болоо юу даа гэж бодогдов. Үнэнийг хэлэхэд кино эхлэлээсээ төгсгөл хүртлээ үзэгчдийг нус, нулимстай нь хутгалдуулсан нь зөв байв уу? Түмэн зовлон дунд байгаа Солиот эхийг үзэж суухдаа өрөвдөх үү? Эсвэл уйлж суугаа өөрийгөө өрөвдөх үү? гэдгээ ялгахаа байхдаа тулах нь кино үзэхээр очсон хүний зорилго уу. Үзээд дууссаныхаа дараа нулимсаа арчингаа жаахан “харилцан яриа” хийгээд өгчихгүй дээ гэж бодогдов. Тэгсэн бол үзэгчид маань арай бага уйлж, Солиот эх маань арай бага “солиорох” байсан ч юм бил үү, хэн мэдлээ. 

Ер нь манайд гарч буй кинонуудын түгээмэл нэг алдаа нь үүнд байгаа юм шиг. Нэг бол хэтэрхий их зовоодог, аль эсвэл утга учиргүй маазраа, хэнд ч хэрэггүй хуулбарын цуглуулга үйл явдлууд үзүүлж үзэгчдийн сэтгэлзүйгээр нааддаг./халаасан дахь хэдэн төгрөгөөр нь нааддаг тухай ярих ч юм биш/.  

Нөгөө талаас бас нэг том алдаа нь Монголын орчин цагийн кино урлаг “мэргэжлийн кино зохиол” үгүйн улмаас гарсан кино бүр нь дутуу болгосон хоол шиг дурамжхан санагдуулдгийг хэн бүхэн хэлж байгаа байх  аа. Киноны Ерөнхий продьюсер Н.Онон нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Киноны зохиол бэлэн болсны дараа 10-аад найруулагчид уншуулсан юм.” гэжээ. Гэтэл яагаад тэр олон найруулагч нь кино зохиолд харилцан яриа дутагдаж байгаа талаар хэлсэнгүй вэ? Үзэгчдэд ядаж уйлахгүй байх хэсэг хугацаа өгөхийг тэд зөвлөсөнгүй вэ? 

Үзэсгэлэнт хөдөөгийн байгаль, монгол ахуй, солиот эхийн зовлонг мэдрүүлэхийн тулд кино зургийн гуравны нэгийг дроноор авсан обшый планууд нэлийнэ. Нэг талаар байгалийн үзэсгэлэн, солиот эхийн нулимс хоёроор үзэгчдээс юуг нуух гэсэн бэ? гэдэг нь бас л сонирхолтой. Үзэгчид мэдээж “уйлахаас” өөрийг хийж чадахгүй нөхцөл байдалд дунд урссаар киног дуусгасан нь энэ талаар бодох сөхөөг ч олгоогүй биз ээ. 

Киноны төгсгөлд “Тэнгэр ээж минь өршөө” гэх дуу явахад ганц л зүйл бодогдов.  Монгол эх ч бай, хятад эх ч бай, “Эх хүн бол эх хүн”. Аж төрж буй энэ гаригаа ч гэсэн бид “Дэлхий ээж” гэж хайрлан дууддаггүй гэж үү? Магадгүй энэ киног үзсэн хүн бүхэн ээжийгээ санасан байх. Гараад л шууд ээжрүүгээ залган “Хайртай шүү” гэж хэлэх ухаарал, зоригийг энэ киноноос авсан байх. Нэг талаараа энэ л урлагийн үүрэг биш гэж үү? Уран бүтээлчдийн киногоороо дамжуулан өгөх гэсэн санааг үзэгчид ойлгоод гарвал тэр жинхэнэ үнэлэмж болж буй хэрэг шүү дээ. 

Би энд киноны сайн муугийн тухай ярьж цэцэрхэхийг хүссэнгүй. Зөвхөн хүлээлт өндөр байсан киногоо үзсэн үзэгчийн хувьд төрсөн сэтгэгдэлээ буулгахыг хичээлээ. Мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдээс гадна хамгийн том үнэлэлт, дүгнэлт өгдөг хүмүүс бол энгийн үзэгчид байдаг билээ. Юутай ч хэн бүхэн “Солиот эх”- ийг үзээд эх хүнийг, ээжийгээ арай илүү ойлгож, хайрлах ёстойгоо л ухаарах байх гэж найдна.

Н. Даваасүрэн
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн 4-р курсийн оюутан