“Uber”, “Careem” Саудын Арабт эмэгтэй жолооч нарыг элсүүлж байна

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 11

Саудын Араб улсад дуудлагын таксины үйл ажиллагаа явуулдаг “Uber”, “Careem” компани тус улсын эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй болсонтой холбогдуулж эмэгтэй жолооч нарыг бүртгэж эхэлжээ.

2018 оны зургадугаар сараас Саудын араб эмэгтэйчүүд албан ёсоор жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох эрх нь нээгдэнэ. Тус улсын эрх баригчид өнгөрсөн оны есдүгээр сард энэ тухай шийдвэрийг гаргасан юм. 

Саудын Арабт “Uber” компанийн үйлчлүүлэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд бол Дубайд төвтэй “Careem” компанийнх 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. “Careem” компани Саудын Арабын эрх баригчдын шийдвэрийн дараа тус улсын Рияд, Жедда, Аль-Хобар хотод төлөөлөгч ажиллуулж эмэгтэйчүүдэд 90 минутын хугацаатай сургалт зохион байгуулжээ.

“Careem” нь Ойрхи дорнод, Хойд Африк, Пакистан гэх мэт 13 улсад дуудлагын такси дуудлагын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 1 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Компанийг үндэслэгч, нууцлалын албаны дарга Абдулла Эльяс “Эхний ээлжинд бид өөрсдийн программд ажиллах эмэгтэйчүүдийг угтан авахад бэлэн гэдгээ зарласан. Сургалтанд сууж гэрчилгээ авсан эмэгтэйчүүд бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй болж байгаа” гэв. Одоо Саудын Араб улсад эмэгтэйчүүд жолооны дамжаанд сурч байгаа юм.