Европын холбооноос Украинд 600 сая евро хуваарилахаас татгалзлаа

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 11

Европын холбооны зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж Украин улсад 600 сая евро хуваарилсан ч олгохоос татгалзжээ.

Энэ тухай Европын холбооны Төлөөлөгчийн газрын дарга Хьюг Мингарелли мэдэгдсэн байна. Тэрбээр “Украин улс Европын холбооны зүгээс тавьсан 21 нөхцөл шаардлагын 4-ийг биелүүлэх боломжгүй болсон учраас тэдэнд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг цуцалсан” гэжээ.

Тэрбээр Украины эрх баригчдад хандан макро эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах шинэ тусламж дэмжлэгийн асуудлыг Европын холбооны мэргэжилтнүүд судалж эхэлсэн тухай мэдэгджээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Зүүн Европын түншлэлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Петро Порошенко Европын холбооны ерөнхийлөгч Ян Клод Юнкерт хандаж макро эдийн засгийг сайжруулахад тусламж үзүүлэхийг хүсч байв. Үүний хариуд Ян Клод Юнкер шаардлагатай тусламжийн хэмжээг үнэлэхэд хугацаа шаардлагатай гэжээ.

Украины Эдийн засгийн сайд Виктор Суслов улс орныхоо эдийн засгийг Олон улсын валютын сан, бусад хандивлагч улс орнуудаас хэт хамааралтай байгааг анхааруулсан мэдэгдэл хийж байв.