Д.Бат-Ундрах: ИТХ хуулийн хугацаандаа хуралдаагүй тул 2018 оны төлөвлөгөө батлуулж амжаагүй байна

Ярилцлага / Ц. Анхзул
5 өдрийн өмнө

Газраа ашиглах, өмчлөх, эрх шилжүүлэх, ашиглалтын хугацаагаа сунгуулах хүсэлтэй Баянзүрх дүүргийн иргэд хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй, дарга нарын улс төрийн маргааны хөлд чирэгдсээр багагүй хугацаа өнгөрлөө. Уг асуудлаар БЗД-ийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрахтай ярилцлаа. 

“Газрын гэрчилгээ авахаар өргөдөл өгсөн нь шийдэгдэхгүй жил тойрон хүлээлээ” гэх иргэдийн гомдол, шүүмж их байна. Ямар шалтгаанаар асуудал үүсээд байна вэ? 

Газар ашиглах хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн зориулалт өөрчлүүлэх, шинээр гэрчилгээ гаргуулах хүсэлтүүд гацсан нь үнэн. 2017 оны нэг, хоёрдугаар сард БЗД-ийн Засаг даргаар Д.Пүрэвдаваа ажиллаж байх үед нийт 14 захирамж гарч, 600 гаруй иргэний асуудал шийдэгдсэн. 

Т.Баясах даргатай хамтран ажиллаж, захирамжууд гараад эхэлсэн. Оны өмнө 600 гаруй захирамжид гарын үсэг зуруулахаар хүргүүлсэн нь дүүргийн Хуулийн хэлтэст хянагдаж байгаа сураг дуулдсан. Удахгүй иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, бухимдал төрүүлэхгүйгээр гэрчилгээнүүд гараад эхлэх байх. 

Гэрчилгээ гарахгүй байгаагийн шалтгаан нь БЗД-ийн Засаг дарга гарын үсгээ зурж өгөхгүй, ажил гацааж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Харин БЗД-ийн Хэвлэл мэдээллийн алба “Газрын алба асуудал шийдүүлэхээр оруулж ирэхгүй байгаа. Оруулж ирсэн 350 захирамжийг тухайн үед нь шийдээд явуулсан” гэсэн тайлбарыг хэлдэг. Т.Баясах дарга та нарын дунд үл ойлголцох ямар асуудал байна вэ? Иргэдэд хүндрэл учирч байгаагийн шалтгаан нь юунд байна? 
Т.Баясах даргатай үл ойлголцсон асуудал байхгүй. Цаагуураа улс төрийн асуудал байж магад. Би тэр талаар мэдэхгүй байна. Иргэдийн гэрчилгээ гаргуулах асуудалд дүүргийн зүгээс хяналт, шалгалт хийх гээд хугацаа их шаарддаг байх. 

Дарга нарын үл ойлголцол, улстөржилт иргэдэд хамаагүй. Гол нь иргэд төрийн үйлчилгээг тасралтгүй авч байх эрхтэй. Төрийн байгууллагад иргэн өргөдлөө өгөөд 30 хоногт багтаан хариу авах хуулийн заалт бий. БЗД-ийн иргэд энэ эрхээ эдэлж чадахгүй хохирч байна гэдэгтэй та санал нийлэх үү? 
Нийлж байна. Гэхдээ, газрын гэрчилгээ баталгаажих асуудал л үлдээд байна.Оны өмнөхөн 600 гаруй иргэний материалыг оруулсан. Ирэх долоо хоногтоо багтаад захирамж нь гарах байх. Яарадьай шийдэх талаас нь Засаг даргатай хамтран ажиллана. Энэ мэтээр ирэх гуравдугаар сард буюу эхний улиралдаа багтаад бүх иргэний өргөдөлд хариу өгөх, шийдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Нийт хэчнээн иргэний өргөдөл шийдвэрлэгдээгүй, хүлээгдэж байна вэ? 
2016 оны сүүлийн хагас жилээс 2017 оныг дуустал 1300 гаруй өргөдөл ирсэн нь хүлээгдэж байна. Үүнд шинээр гэрчилгээ гаргуулах өргөдлүүд давамгайлж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А17, А18 гэж захирамжийн дагуу Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тогтоогоод, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр газар олгохгүй болсон. Гэтэл яг энэ чиглэлээр гэрчилгээ гаргуулах хүсэлтэй иргэдийн өргөдөл нэлээд хувийг эзэлж байна. Дээрх захирамжид газар нь багтсан иргэдэд “Таны асуудал шийдэгдэхгүй” гэсэн хариу өгөхөд “Газрын алба ажил хийхгүй байна” гэсэн буруу мэдээллийг гаргах тохиолдол байна. Энэ мэтээр иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг олж авч чадахгүйгээс ойлголтын зөрүү гарч байна. 

Энэ онд танай байгууллага ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ? 
Дүүргийн Засаг дарга, нийслэлийн Газрын албаны удирдлагууд уулзаж, ярилцсан. Эхний ээлжинд газрын хугацаа сунгах, нэр шилжих ерөнхий стандартаар хийгддэг ажлуудыг иргэдэд чирэгдэл, бухимдалгүйгээр явуулах асуудал яригдсан.
2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй.  Батлагдвал тодорхой ажлууд жигдрэн хийгдэх ёстой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийн ИТХ-аар баталдаг. Хуулиараа аймаг, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаад дараа нь сум, дүүргийнх батлагдах ёстой. Сум дүүргийн ИТХ тухайн оныхоо 12 дугаар сарын 20-ны дотор хуралдаж, төлөвлөгөөг батлах ёстой байдаг ч хурал болоогүй. 

Төлөвлөгөөг газрын алба боловсруулан ИТХ-д оруулах ёстой юу. Танайх төлөвлөгөөгөө бэлэн болгочихсон байгаа юу? 
Манайх баг, хороо, төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагуудаас санал авч  нэгтгээд, төлөвлөгөөгөө бэлэн болгосон байгаа. Түүнийг дүүргийн Засаг дарга ИТХ-даа өргөн барьж хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх ёстой. 

2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг таныг ИТХ-д батлуулаагүй. Өмнө нь ажиллаж байсан Батмандах дарга батлуулсан дагуу таныг ажлаа хийж байгаа гэх мэдээлэл бий. 

Намайг яг ажлаа авч байх үед 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл гэсэн зүйл хийгдэж байсан. 2017 онд ИТХ төсөв хэлэлцэж хуралдах үеэрээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг яриагүй. 

Тухайн үед засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийн газрын албаны даргаар  Ц.Батмандахыг томилсон байсан. Тэр томилгоог нь нийслэлийн Засаг дарга захирамж гарган хүчингүй болгосон. Тухайн үед бидний хийж байсан, нийслэлийн Газрын албаны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг Ц.Батмандах ИТХ-д оруулан батлуулсан. ИТХ уг нь өмнөх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хянаад, дараа оных нь төлөвлөгөө төслийг батлах учиртай. Гэтэл 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт хэлэлцэхгүйгээр 2017 оны төлөвлөгөө баталсан. Нэгэнт өнгөрсөн асуудлыг зөв буруу, хэлэлцэх ёстой байсан эсэх талаар одоо ярих нь илүүц. Хуулийн байгууллагуудын хоорондын асуудал байх. 

Ц.Батмандахын батлуулсан төлөвлөгөөний дагуу Д.Бат-Ундрах ажилласан гэвэл 2017 онд газрын чиглэлээр Д.Бат-Ундрах ямар ч ажил хийгээгүй болно. Нийслэлээс өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар ТҮЦ, павилеон буулгасан, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлсөн ажлууд хийгдсэн. Хөрөнгө оруулалтын ажлууд буюу авто зам чөлөөлтийн ажлууд хийгдсэн. Дээр нь иргэдийн өргөдлийн шийдвэрлэлт болох захирамжууд гарсан. Энэ захирамжууд нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй, төлөвлөгөөгүй иргэний хүсэлт, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр хийгдэж буй ажил юм. Хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн зориулалтаа өөрчлөх гэх мэт. 

Дүүргийн Засаг даргын томилгоог нийслэлийн Засаг дарга хүчингүй болгох захирамж гаргасан. Ингэснээр Ц.Батмандах шүүх байгууллагад хандсан гэж ойлгож болох уу? Шүүхийн ямар шатанд яваа вэ?

Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан талаар сонссон. Ингэхдээ НЗДТГ-ын захирамжид гомдол гаргасан болохоор энэ талаар би сайн мэдэхгүй байна. 

Таныг ч бас хууль бус томилгоотой гэдэг. 

Би гудамжнаас ирээд энд суучихаагүй. Хувийн компанийн хөрөнгө булаацалдаж байгаа мэт тийм асуудал байхгүй. 1999 онд МУИС-ийн газар зохион байгуулалтын чиглэлээр дотооддоо бэлдсэн анхны төгсөгчдийн нэг болж төгссөн. Тэр оныхоо наймдугаар сард нийслэлийн Газрын албанд техникчээр ажилд орсноос хойш тасралтгүй 18 жилийн хугацаанд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртлээ ажиллаж байгаад, энд ирсэн. 

Миний томилгооны тухайд хуулиараа дүүргийн Засаг дарга юмуу дээд шатны Засаг дарга нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөн томилно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, “Газрын албаны даргатай хамтран ажиллах боломжтой” гэсэн албан бичгийг дүүргийн Засаг дарга нийслэлийн Газрын албанд хүргүүлэх учиртай. Дүүргийн газрын албаны ажил байдлын тухайд дүүргийн Засаг дарга иргэдийн гэрчилгээ хүсч байгаа асуудалд л гарын үсэг зурж оролцдог. Бусад бүх асуудлыг нийслэлийн Газрын албанаас шийддэг. Ажилтнуудын цалин, бүтэц орон тоо, урсгал зардлуудыг бүгдийг тэндээс шийддэг. 

Ажил хүлээн авснаас хойшх хийсэн ажлуудынхаа талаар яриач? 

2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулалт хийгдэж, Баянзүрх дүүргийн газрын албанд өмнө нь ажиллаж байсан хоёр хүнийг үлдээж, бусдыг нь шинэчлээд,  шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд дүүргийн Засаг даргатай нийслэлийн Газрын албаны дарга зөвшилцөх асуудал, дүүргийн Засаг дарга батламжлах асуудал зэрэг нь улс төрийн шалтгаанаар гацсан. Энэ нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан. 

Одоо танай байгууллага хэчнээн ажилтантай вэ. Ажлын таван өдрийн хоёрт нь дотоод ажилтай байдаг юм байна. 

Одоогийн байдлаар 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүйтний улирал буюу 12 сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэл газрын маргааны асуудлууд намждаг. Энэ хугацаанд долоо хоногийн хоёр өдөрт нь дотоод ажилтай байдаг Зөрчил маргаанаа шүүхийн шатанд шийдүүлэх, бичиг цаасны ажлуудаа энэ өдрүүддээ хийдэг.