Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 12, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
5 өдрийн өмнө

1. Д.Сумъябазар: Оюутолгойд мэдээлэл зөөж худалддаг олон хүн бий

Оюу толгой ХХК, Рио Тинто холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъябазар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудал дээр эхлээд фокусалж ажиллая гэж бодож байна. Цаашлаад асар их шүүмжлэл дагуулдаг Дубайн гэрээ байна. Цаг нь болхоор бид холбогдох мэдээ мэдээллүүдийг өгнө” гэв. Мөн, “Хувь хүн Д.Сумъябазар миний бодлоор Оюу толгой компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг шүү. Засгийн газрын боловсруулсан материалуудыг зөөж худалддаг ийм байдлаар олон жил явж ирсэн. Асуудал болоод хоёр талаасаа асуудал ярих гэхээр наана нь асуудлыг бужигнуулдаг, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш чиглүүлдэг зүйл манай улсад их байдаг.” гэв. [Time.mn]

2. Монголын эдийн засаг 3.1 хувиар өснө гэж Дэлхийн банк үзжээ

Дэлхийн банкнаас энэ жил дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө гэж тооцоолохын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг ч энэ онд мөн 3.1 хувиар өснө хэмээн урьдчилан таамаглаад байна. Цаашлаад 2019 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7.3, 2020 онд 5.5 хувьд хүрнэ хэмээн тэд тооцоолжээ. Харин Азийн хөгжлийн банк энэ онд Монгол Улсын эдийн засгийг 3 хувиар, Олон улсын валютын сан 4.2 хувиар өснө гэж таамагласан байна. [News.mn]

3. Х.Булгантуяа: 8 хувийн зээлээр 2-3 дахь байраа авсан гажуудал байна 

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар тавьсан асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариулав. Тэрбээр, “Ипотекийн зээлийн санхүүжилтэд 2017 онд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 оны төсөвт 300 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Бид ипотекийн зээлийн санхүүжилтийн бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллагууд руу хандан ажиллаж байна. Найман хувийн зээлийн хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрээгүй тухай гомдол нэлээд гарч байна. Найман хувийн зээлээр 2-3 удаа байр авсан хүн олон байна.” гэжээ. [Gogo.mn]  

4. Давосын форумд монгол эмэгтэй Билл Гейтстэй уулзахаар болжээ

“Дэлхийн Эдийн Засгийн Форум” энэ сарын 23-26-ны өдрүүдэд Швейцарын Давос хотноо болно. Форумын хүрээнд “Оддарьяа” сангийн үүсгэн байгуулагч А.Ургамал хэмээх монгол эмэгтэй тэрбумтан, бизнес эрхлэгч Билл Гейтстэй ганцаарчилсан уулзалт хийхээр болжээ. Энэ жилийн форумд нийт 2000 гаруй зочин төлөөлөгч оролцох бөгөөд зөвхөн цөөн залуус л тэргүүлэгч бизнес эрхлэгчидтэй ганцаарчлан уулзахаар болсны нэг нь А.Ургамал ажээ. [Ub.life]

5. Ж.Чинбүрэн Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн болжээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүний докторыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн  гардан авлаа. Ийнхүү  Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүнээр Монголч эмч тодорч байна. Энэхүү нэр хүндтэй академыг 1731 онд Францын эзэн хаан Людовик XV -ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй. [Time.mn]  

6. Татварын хөнгөлөлтийн дараа “Toyota”, “Mazda” АНУ-д үйлдвэр байгуулахаар болов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп татварыг бууруулах шийдвэр гаргасныхаа дараа анх эерэг үр дүнгээ танилцууллаа. “Toyota”, “Mazda” компани тус улсын Алабама мужид автомашины үйлдвэр байгуулахаар болсон тухай тэрбээр жиргэсэн байна. Трамп “Татварын хөнгөлөлт үзүүлж, зохицуулалтыг илүү хялбаршуулсны дараа АНУ-д хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Сайн мэдээ гэвэл “Toyota”, “Mazda” компани Алабама мужид 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 4000 ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд туслахаар боллоо” гэжээ. [Time.mn]

7. АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж магадгүй

Хэрвээ Америктай илүү шударга, тэгш харьцвал АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж болох юм гэж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. “Парисын хэлэлцээр нь АНУ-ын хувьд тус болохоосоо илүү ус болж байна. Энэ хэлэлцээрийг дагаж мөрдсөнөөр манай улс 6.5 сая ажлын байраа алдаж, 3 их наяд долларын хохирол амсана” гэж Д.Трамп мэдэгдэж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаагаа өнгөрсөн оны зургадугаар сард нийтэд зарласан билээ. Үүнтэй нь холбогдуулан “Дэлхий дахины нуруун дээрх хамгийн том ачааг үүрэлцэхээс татгалзлаа” гэж АНУ-ыг ажиглагчид шүүмжилж байгаа юм. [Montsame.mn]

8. БНСУ бага насны хүүхэдтэй өрх бүрт нэмэлт тэтгэмж олгоно

БНСУ-ын засгийн газар тав хүртэлх насны хүүхэдтэй айл, өрх бүрт эцэг, эхийн орлогын дүнгээс үл хамааран сар бүр нэмэлт 100 мянган воны /225 мянган төгрөг/ тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд мэдэгдсэн байна. “Засгийн газрын зүгээс хүн бүрт хүүхэд асран хамгаалахад шаардлагатай мөнгөн тэтгэмж олгохоор зорьж байна. Хоёрдугаар сар гэхэд хуулийг батлуулах зорилттой ажиллаж байна” гэж сайд Пак Нюн-Хо хэлжээ. [News.mn]

9. Зимбабве улсаас анхны тэрбумтан төрлөө

Африкийн өмнөд хэсгийн Зимбабве улсаас анхны тэрбумтан мэндэлжээ. Форбс сэтгүүлийн мэдээлснээр харилцаа холбооны компанийн үүсгэн байгуулагч, 57 настай Стив Масийвагийн хөрөнгө $1.7 тэрбумд хүрсэн байна. Масийва нь Зимбабвегийн гар утасны үйлчилгээ эрхлэгч Econet Group-ийн гол эзэмшигч бөгөөд санхүү, даатгал, электрон худалдаа, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, Кока Коланы үйлдвэр, зочид буудал зэрэг олон салбарт хөрөнгө оруулжээ. [ikon.mn]

10. 42 хүүхэд хүчирхийлсэн этгээд баригджээ

ДОХ/ХДХВ-ээр өвчилсөн дасгалжуулагч эр ажилладаг сургуулийнхаа бага насны 42 хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагджээ. Карлос Дингело Белл гэгч этгээдийг энэхүү аймшигт үйлдлийг дараагийн гэмт хэргээ үйлдэхээр төлөвлөсөн өдрөөс нь нэг хоногийн өмнө таслан зогсоосон байна. Гаж донтон 2015 оны тавдугаар сараас 2017 оны зургаадугаар сарын хооронд 11-17 насны 42 хүүхдийг хүчирхийлсэн гэдгээ хүлээсэн гэнэ. [Wikimon.mn]