Трамп: Би Ким Чен Унтай нээлттэй харилцаа тогтоож чадна

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хойд Солонгосын асуудлаар нэлээд яриа өрнүүлжээ. Тэрбээр тус улстай харилцаагаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Доналд Трамп “Би Ким Чен Унтай маш сайхан харилцаатай байж чадна” гэжээ. БНАСАУ-ын эрх баригчид пуужингийн туршилт хийж, АНУ-ын баруун эрэгт хүрэх боломжтой гэж мэдэгдсэнээс хэдэн сарын дараа тэрбээр анх удаа Пхеньяны удирдагчид нааштай хандсан зүйл ярилаа гэж ажиглагчид дүгнэж байна.

Доналд Трамп Хойд Солонгосы удирдагч Ким Чен Унтай утсаар ярьсан эсэх сэтгүүлчийн асуултанд хариулахаас татгалзаж, “Би энэ асуудалд одоо ямар нэгэн тайлбар хийхийг хүсэхгүй байна” гэжээ. Харин ажиглагчид түүнийг Ким Чен Унтай утсаар ярьсан байж болзошгүй бөгөөд үүний дараа түүний санаа сэтгэл өөр хандлагатай болсон гэнэ.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Вьетнамд айлчлал хийх үеэрээ Ким Чен Уны тухай “Сонирхолтой нь бид найзууд болж болох юм” хэмээн ярьжээ.
Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт “Миний ширээн дээр цөмийн зэвсгийн товчлуур байна” гэж хэлсний хариуд Трамп “Twitter”-ээрээ дамжуулан “Минийх түүнийхээс илүү том, бас хүчирхэг” хэмээн хариулсан юм. Сэтгүүлч түүний “Twitter”-т цочмог утга агуулгатай жиргээ бичдэг тухайд нь “Энэ бол тоглоом биш” гэж хэлэхэд хариуд нь Трамп “Чи надтай олон удаа уулзаж болно. Тэгээд миний хэр зэрэг сайн найз болохыг мэднэ. Би чамд 20 жишээ харуулж чадна. Чи ч гэсэн надад 30 жишээ харуулна. Би маш уян хатан хүн шүү” гэжээ.

Тэрбээр “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Өмнөд Солонгост болох өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын тамирчид оролцох асуудлыг “Хойд Солонгосын хувьд маш сайн үйл явдал” гэж дүгнэв.

БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногийн мягмар гарагт цэрэггүй бүсэд уулзалт хийсний дараа Трамп “АНУ-ын хувьд Пхеньянтай зөв, эерэг нөхцлөөр яриа хэлэлцээр хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн юм.

“Wall Street Journal” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг шинжээчид Цагаан ордны тэргүүн Хойд Солонгосын асуудлаар илүү нээлттэй, зөөлөн бодлого баримталж эхэлсэн байна гэж дүгнэж байна.