Хилс хэрэгт хэлмэгдэгчдэд 80 сая хүртэлх тэтгэмж олгоно

Улс төр / Admin
2018 оны 01 сарын 12

УИХ-ын чуулган хуралдаж байна.  Хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслөөр хэлмэгдсдийн ар гэрт нөхөн олговор олгох талаар тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт  авч байна. Нийт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэнээс 31 мянга гаруй нь цагаатгагджээ. Одоо 5000 гаруй иргэнийг цагаатгах асуудлыг хөндөж байгаа юм. Гэвч цагаатгах хугацаа 2011 оноор дуусгавар болжээ. Энэ хууль батлагдсанаар дээрх иргэд цагаатгуулах гомдлоо гаргах боломж бүрдэж байгаа юм.

Гишүүн О.Баасанхүү “Энэ хууль батлагдахаас өмнө нас барсан хүмүүст хууль эргэж үйлчлэх үү” гэсэн бол гишүүн С.Бямбацогт “Өмнө нь хэлмэгдэгчдэд орон сууц олгож байсан. Одоо орон сууцтай дүйхүүц мөнгө олгох гэж байна. Энэ нь эргээд маргаантай асуудал үүсгэх үү” гэлээ. Үүнд  УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

Цаазаар авахуулсан хэлмэгдэгчдийн үр хүүхдэд бол 80 сая,  шоронд хоригдоод, дараа нь ажил эрхлээд явсан хэлмэгдэгчдийн хүүхдүүдэд 40 сая төгрөг олгохоор тусгасан.  Энэ нь орон сууцны үнэтэй дүйхүүц мөнгө юм. Хоёр жилийн хугацаанд өргөдөл авна. Өргөдлөө өгснөөс энэ хүний эрх нээгдэнэ.  Одоогийн байдлаар 400 орчим хүний асуудал хамрагдана” гэлээ. Гишүүн Б.Ундармаа “Ял эдлээд гарч ирсэн хүмүүс илүү тарчилсан. Нөхөн олговрыг яагаад ялгавартай олгож байна вэ? гэж манай сонгогчид асууж байна” гэлээ. Үүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Энэ хүмүүс зовж, зүдэрч байсан нь үнэн. Гэхдээ энэ хүмүүс амьд үлдээд, улс орондоо ажил хийж, хөдөлмөр нь үнэлэгдсэн. Харин шоронд тарчилж байгаад нас барсан нь цаазаар авагдсантай адил юм. Тиймээс цаазаар авагдсан хэлмэгдэгсэдтэй адил нөхөн олговор олгоно. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.