Ангараг гарагт мөсөн уулнууд байгааг тогтоолоо

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 12

Америкийн шинжлэх ухаан сэтгүүлд Ангараг гарагт мөсөн уул байгааг тогтоосон тухай мэдээлэл нийтлэгджээ.

Тэнд бичсэнээр гарагт хэдэн мянган жилийн өмнө ус байсан бөгөөд цагийн явцад хөлдөж, улмаар шороонд дарагдаж цөл болж хувирсан байна. Гэхдээ байгалийн өөрчлөлтийн цаг хугацаагаар тооцвол энэ нь саяхан үүссэн мөс.

Ангараг гарагт мөс байгааг тогтоосон нь ирээдүйд тус гарагт амьдрах хүн төрөлхтөнд усны хомсдол үүсэхгүй гэж сэтгүүлд онцлон бичжээ.

Аризонагийн их сургуулийн доктор Шэйн Бюрн ярихдаа “Ангарагт бидний судалгаагаар 8 мөсөн талбай байгааг тогтоосон. Зарим нь газрын гадаргуунаас доош метр хүрэхгүй зайд байгаа бол зарим нь 100 метр хүртэл зайд байна. Далд хадгалагдсан мөснүүдийг цэвэр ус гэж үзэх боломжтой” гэв.

2010 онд анх Ангараг гарагт ус байгааг мэргэжилтнүүд тогтоосон юм. Гэхдээ шингэн төлөв байдалд байхгүй. Харин газрын гүнд их хэмжээгээрээ байж болзошгүй гэж таамаглаж байв.

АНУ-ын Геологийн судалгааны геологич Колин Дандас “Ангарагын мөс нь бидний бодсоноос илүү өргөн хүрээнд тогтсон” гэв. Түүний ярьснаар гарагийн гадаргууны гуравны нэг нь гүехэн мөсөөр хучигдсан байна.

НАСА 2030 онд Ангараг руу хүн илгээхээр төлөвлөж байгаа юм.