П.Батсайхан: Бизнесийн гол зарчим ашгийн төлөө гээд амархан томъёолчихож болно. Гэвч...

NTV Нэвтрүүлэг / Time Admin
4 өдрийн өмнө

БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлгийн тусгай дугаарын онцлох зочин “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайханы ярилцлага. 

-2017 онд Монгол Улсад нэгэн онцлох үйл явдал болсон нь JCI байгууллагын ASPAC чуулга уулзалт байлаа. Энэ уулзалтаар олон улсын 4000 гаруй зочин, төлөөлөгч Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Үүнийг яагаад дурдав гэхээр, 2007 онд та JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед Тайваньд болсон ASPAC чуулга уулзалтад оролцож байхдаа та “10 жилийн дараа ASPAC чуулга уулзалтыг Монголд зохион байгуулна” гэж олон хүний өмнө зорилго тавьсан байдаг. 10 жилийн өмнөх Монгол Улс, Улаанбаатар хотын  нөхцөл байдлыг харвал  таны тэр амлалтыг сонссон хүнд мөрөөдөл юм шиг санагдаж байсан байх. Тухайн үед та дэлхийн олон орны манлайлагч залуусыг эх орондоо авчрахын тулд хэрхэн хичээж, юунд итгэж мөрөөдөж байсан бэ? Та ASPAC чуулга уулзалтыг зохион байгуулахад голлон удирдсан, зөвлөх ерөнхийлөгчөөр ажилласан хүн шүү дээ. 

Энэ бол ганц миний мөрөөдөл байгаагүй Монголын залуучуудын мөрөөдөл байсан. Өнөөдрөөс 10 жилийн өмнөх үеийн тухай ярихад Монгол Улсын эдийн засаг одоогийнхоос 2.5 тэрбумаар бага, 4.5 тэрбум ам.долларын эдийн засагтай, дэд бүтэц бүрэн хөгжөөгүй байсан хэдий ч залуучуудын маань хүсэл мөрөөдөл дэлхийн том хэмжээний чуулга уулзалтыг хийнэ гэсэн зорилготой байсан. Манай залуус хийж чадсан. Арван жилийн тэртээ энэ чуулга уулзалтыг 2017 онд хийнэ гэж байсныг сонссон хүнд бол бүтэшгүй санагдаж байсан байх. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2040 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Монголд зохионо гэж хэлсэн шиг л. Гэхдээ энэ мөрөөдлөө мөрөөдөл чигээр нь хаячихаж болохгүй л дээ. Мөрөөдлийг бид ажил, зорилго болгох ёстой. Мөн монгол залуусын чадал, ур чадварын  түвшин өндөр болсон гэдгийг харуулах ёстой гэсэн эрмэлзэл байсан. Тиймээс л бид үүнийг хийж чадсан. JCI байгууллагын 50-иад орны 4000 гаруй зочид Монгол Улс, Улаанбаатар хотод цуглалаа. Долоо хоногийн хугацаанд дэлхийн маш олон залууст Монгол улсаа сурталчлаад, эх орныхоо хөгжил, бизнес хамтын ажиллагааны боломж, залуусын чадамж  бусад орны залуустай эн зэрэгцэж яваа шүү гэдгийг маш тодорхой харуулсан ийм том арга хэмжээ болсон. 

JCI гэдэг байгууллага бол улс төрөөс хол, ямар нэгэн хуйвалдаан лобби зохиож өөртөө ашигтай ажиллая гэсэн хувийн амбиц огт байдаггүй, цэвэр итгэл үнэмшилээр цугласан, нийгмийнхээ  сайн сайхны төлөө юу хийж болохоор байна, чадахаар байна гэдэг зорилгын дор  нэгдэж цаг гарган ажилладаг залуучуудын сайн дурын байгууллага юм. Энэ бүх залуус нийлж энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж чадсан. Энэ бол Монгол Улсын нэрийг дэлхийд сурталчилсан, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа, экспортыг дэмжсэн маш чухал үйл явдлуудын нэг. 

-Таны ажил бизнесийн хувьд 2017 онд бас нэгэн онцлох үйл явдал болсон.  90 жилийн түүхтэй “АПУ” ХК түүхэндээ шинэ хуудас нээж, Монголын хөрөнгийн зах зээл дээр байгаагүй үйл явдал болсныг манай үзэгчид санаж байгаа. Энэ бол Монголын шингэн хүнсний үйлдвэрлэлийн томоохон нэгдлийн үйл явц юм. Үүнийг сэтгүүлч миний хувьд олон улсын зах зээлд гаргах экспортын хэмжээг өсгөх эхний алхам болж чадсан гэж харж байгаа. Бизнесийн нэгдлийн үр дүнд шингэн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг хэд дахин өсгөж чадна гэж та харж байгаа вэ?

Бидний хийсэн бизнесийн нэгдлийг хүмүүс янз бүрээр ойлгож ярьж байх шиг байна. Чи зорилгыг нь зөв харжээ. Бид шингэн хүнсний зах зээлд давамгайлагч байх гэдэгт ерөөсөө ач холбогдол өгөөгүй.  Зорилго маань гадаад зах зээлд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг таниулж, шингэн хүнсний экспортыг өсгөх юм. Заавал Австрали,  Америк гэж холын улсуудыг яриад яахав. Ойрхоноос эхэлье. Бидний урд 24 сая хүнтэй Өвөрмонгол гэж зах зээл байна. Тэдний 5.6 сая нь монголчууд. Биднээр бахархаж байж байдаг хүмүүс шүү дээ. Бид тэр зах зээл рүү гарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ би  ганцаараа бүтээгдэхүүнээ яаж худалдах вэ гэхээсээ илүү олуулаа нийлж нэгдэж, бизнесийн нэг концепцтойгоор хөдлөх хэрэгтэй юм. Саяхан сонсох нь ээ, манайхан  Хөх хотод “Торго” гээд загварын салон нээсэн, “Эрдэнэт хивс” бас дэлгүүрээ нээсэн. Одоо дахиад дараагийнх нь хүмүүс нээх гэж байна гэх мэт зүйлсийг анзаарвал боломж тэнд байгааг харуулж байна. Гэхдээ бид үүнийг арай илүү томоор харах хэрэгтэй байх. Бүгдээрээ нийлээд Монгол гэдэг брэндийг бий болгож, бодлоготойгоор тэр зах зээл рүү ажиллах хэрэгтэй. Магадгүй тэндээс л бид Хятад гэдэг эх газар руу дамжиж орох болно. Түүнээс биш нэг монгол хүн Бээжинд очоод ийм юм зарах гэсэн юм гэвэл хүлээж авна гэдэг хэцүү. 

Бидэнд боломж байна, давуу талууд ч маш их байгаа. Бид ийм итгэлтэйгээр экспортын бүтээгдэхүүнийхээ өнөөдрийн хэмжээг 10 жилийн дараа 10 дахин нугалсан борлуулалт хийсэн байхыг үгүйсгэхгүй гэж итгэдэг. Бид дотоодынхоо зах зээл дээр хоорондоо өрсөлдөж ханалаа. Одоо гадны зах зээл дээр өрсөлдөх хэрэгтэй.

Монгол залуучуудын чадамж маш өндөр байгаа. Маш өндөр өртөгтэй, нэр хүндтэй сургуулиудаас эрдэм мэдлэг сурч, боловсорч эх орондоо авчирч  байна. Гэхдээ бидний гол асуудал бол маш жижигхэн эдийн засагтай гэдэгт байгаа юм. Тиймээс дахин хэлэхэд бид дотоодын зах зээл дээрээ өрсөлдөж ханасан. Одоо арай өөрөөр харж гадаад зах зээл рүү тэмүүлсэн бизнесийг хийж эхлэх хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр “АПУ” ХК-д хоёр сая төгрөгийн цалинтай маркетингийн менежер байя. Гэхдээ тэр хүний сураад ирсэн сургууль, сурах явцдаа  зарцуулсан зардал нь бол дэлхийн хэмжээний. Тэр хүнийг бид буцаагаад дэлхийн хэмжээний үнэлэмжтэй болгохын тулд Баянхошуунд, Хан-Уул дүүрэгт бүтээгдэхүүнээ яаж заруулах вэ гэдэг талаар бодуулна гэдэг хэтэрхий харамсалтай юм. Хоёр сая төгрөгийн цалинтай залуучуудыг 20 сая төгрөгийн орлоготой болгохын тулд бид гадаад зах зээл рүү гарч ажиллаж байж, экспортынхоо тоо хэмжээг өсгөж байж, эдийн засгаа тэлж байж тийм  боломжуудыг бий болгоно. 

-Манай бизнесийнхэн ч гэсэн таны хэлж байгаа концепцийг хараад эхэлчихэж. Монголын старт-ап компаниуд олон улсад гарах зорилготойгоор бизнесээ эхлүүлж байна. Томоохон үйлдвэрлэгч  компаниуд маань нэгдэн нийлэх замаар олон улсад гарч болох нь. Энэ бол эхний алхам тавигдлаа гэж үзэхэд,  дараагийн алхам буюу ямар брэндингээр яаж гарах вэ? 

Солонгосоор жишээ авъя. Манайхан солонгос кино маш их үздэг. Тэд үндэснийхээ хэмжээнд солонгос сериал, К-pop, урлагтайгаа нийлж брэнд болж олон улсад маш эрчимтэй тэлж байна. Наад захын жишээ солонгосчууд гоо сайхны мэс заслыг дэлхийд Америкаас хоёр дахин их, германаас гурав дахин их хийж байна. Гэхдээ Америк Германаас хоёр, гурав дахин царай муутай байсан гэсэн үг биш шүү дээ. Зүгээр нэг алдартай жүжигчнийхээ зургийг тавиад чи ийм царайтай болмоор байвал 10000 вон төлчих. Хамрыг чинь засаад өгье, нүдийг чинь засаад өгье, ингэсээр байгаад нэг концепци бий болгочихож байна.

1960-аад онд солонгосууд маш олноороо германы уурхайд очиж ажилладаг байсан гэсэн. Тэр хүмүүс буцаж ирэхдээ германчуудын технологийг олж ирээд тэрнээс нь илүү болгоод хөгжүүлж германчуудаас хол даваад явчихсан л байна. Бид хамгийн ойроороо солонгосуудаас бүгдээрээ нийлж хэрхэн Солонгос гэдэг брэндинг, концепци бий болгож байгааг сайн харах хэрэгтэй. 

-Юутай ч бид зөвхөн дотоодын зах зээл дээрээ өрсөлдөөд болохгүй нь гэдгийг ойлгожээ?

Өрсөлдөөний сайн тал нь хэрэглэгч хожино. Гэхдээ өрсөлдөөн өөрөө өртөгтэй шүү дээ. Дагаад шал дэмий зардал гарч л байгаа. Тэр зардлаа бид гадаад зах зээл рүү тэлэх бодлогодоо ашиглахыг хичээх хэрэгтэй. Бид Хятадад байгаа компаниудаас санхүүгийн потенциалаараа илүү биш юмаа гэхэд оюуны потенциалаар илүү байж гэмээнэ тэр зах зээл “тоглоно” шүү дээ. Тэгэхээр бид их хөдөлмөрлөх, хөгжих хэрэгтэй. 

-Сүүлийн үед эдийн засаг хямралтай, удаашралтай байна гэж олон бизнес эрхлэгч  дүгнэн ярьж байна. Хямралын эсрэг авах гол арга хэмжээг та юу гэж харж байгаа вэ? 

Санхүүгийн сахилга бат бол бизнесийн хүмүүст цагаан толгойн A, B, C- ийнх нь нэг нь. Санхүүгийн сахилга баттай байдалд бид суралцах ёстой. Бизнес өөрөө итгэлцэл дээр үндэслэж байдаг болохоор чи хэр сахилга баттай хүн бэ гэдгээс дараагийн ажлууд явдаг. Засаг төр маань татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан баялаг, байгалийн баялгийг сахилга баттай үрэх ёстой. 2008 он, 2014 онд бид эдийн засгийн хямралтай нүүр тулсан. Бизнесийн орчин тогтвортой байх нь маш чухал. Ялангуяа татварын бодлого тогтвортой байх хэрэгтэй. Гэтэл манайд хямралын өмнөх татвар, хямралын үеийн татвар, хямралын дараах татвар гэдэг сонин тогтолцооны систем бий болчихсон. Үүнийг нь  дагаад ямар ч ажлыг урт хугацаагаар төлөвлөхөд маш хэцүү. Ямар ч зүйл тогтвортой хөгжихөд маш ойлгомжтой тогтвортой, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Ядаж хэдэн ойлгомжтой параметр байх ёстой. Жишээ нь, Хонконгийн татварын бодлого маш ойлгомжтой, маш тогтвортой. 12.5 хувийн тогтсон татвар нь хямрал болсон болоогүй тэр хэвээрээ л байж байдаг. Манайд бол нөгөө сахилга батгүй нөхөд чинь дур зоргоороо өөрчилчихдөг. Тэрнээс нь болж магадгүй хямрал болдог, эсвэл хямралаас гарах хугацаа нь удааширдаг. 

Миний хувьд төр засгаас их хол байхыг хичээдэг. Надад хэн нэгэнд таалагдах шаардлага байхгүй. Гэхдээ энэ ярилцлага нэгэнт төр засаг гээд холбогдоод ирж байгаа болохоор дээрх асуултанд төр нь бизнесийн оролцоогоо багасгавал зах зээлийн хөгжлийн хурдац нэмэгдээд л ирнэ. Үүнийг би ч ганцаараа хэлээд байгаа юм биш. 17-р зуунд францын бизнесүүд төрдөө хандаж тэгж хэлсэн л гэж ярьдаг. Энэ бол шалгарсан арга юм.

-Бизнесийн орчноор нь авч үзвэл бидэнд боломж, давуу талууд юу байгаа вэ?

Боломж бол хязгааргүй. Боломжийг олж харах ёстой, ашиглах ёстой. Гэхдээ хүн болгон нэг боломж дээр бүгдээрээ цуглавал өрсөлдөөн болчихно. Ямар ч байсан боломж бүхнийг ашиглах ёстой. Миний хувьд ямар нэгэн юмнаас хоцорчихлоо  гэсэн бодол огт төрдөггүй. Дараагийн боломжинд л хүрэх ёстой гэдгийг ойлгодог.  

-“Шунхлай групп”-ийн хувьд шингэн хүнсний үйлдвэрлэл, нефть импорт, харилцаа холбоо, барилга гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Та хөрөнгө оруулалт хийхдээ тухайн цаг үе, нөхцөл байдлаа хэрхэн мэдэрч шийдвэр гаргадаг вэ? 

1990-ээд он эхэн үеэс боломж гэдэг зүйл бүх хүнд адилхан нээгдсэн. Тэр үед манайхан боломж харагдсан салбар бүрт л зэрэг орсон байх. Манай компанийн хувьд нэг бизнесээс нөгөө бизнес лүү дамжиж явсан. Энд хөрөнгө оруулалт хийгээд тэр нь үр дүнтэй болоод тэр хөрөнгөө өөр салбарт хийж ирсэн. Шинэ гарч ирж байгаа бизнесийнхэн, залууст хэлэхэд олон бизнест орж ажиллах нь хүчээ тарамдахын нэмэр шүү гэж одоо хэлдэг юм. Ер нь өөрийнхөө хамгийн сайн мэддэг, дуртай 1-2 юмыг маш сайнаар нь хийвэл тэр нь хөгжөөд дараа дараагийн боломж ургаж гарч ирнэ шүү дээ. 

-Өнгөрсөн хугацаанд бизнесээ амжилттай удирдан авч яваа таны хөрөнгө оруулалтын бодлого, бизнесийн хамгийн чухал гурван зарчмыг эрэмбэл гэвэл та ямар гурван зарчмыг хэлэх вэ? 

Эхлээд мэдлэг чухал. Хийж байгаа ажлаа мэддэг байх ёстой. Мэдэхийн төлөө байх ёстой. Дараа нь шударга байх. Шударга дотроо хариуцлагатай байх, чин сэтгэлтэй байх гээд багтчихна. Гурав дахь нь сахилга баттай байх. Хувийн болон санхүүгийн сахилга бат гээд бас задарна. Миний хувьд бизнесээ авч явж байгаа гол ачаа үүрдэг хүмүүстээ тавьдаг шаардлага энэ л дээ. Бүхэлд нь хэлэхэд хамгийн чухал гурван зарчим бол мэдлэг, шударга байх, хариуцлага гурав юм.-Анзаараад байхад “Шунхлай групп”-ийн компаниуд  болох “АПУ” ХК, “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирлууд маш олон жил тогтвортойгоор компаниа удирдаж яваа.  Бизнесээ удирдуулах, компанийн удирдлагыг маш зөв таньж, томилох гэдэг бизнесийн чухал шийдвэрүүдийн нэг байх?

Түрүүнд ярьсан мэдлэг туршлага дээр нь үндэслэж сонголтыг хийж байгаа. Гол нь томилсон хүндээ итгэл өгөх,  ажиллах боломжоор нь хангаж өгөх тэр зарчмаа тодорхой болгох нь бас чухал. Хувьцаа эзэмшигч байх уу? Хөрөнгө оруулагч байх уу, гэр бүл байх уу гэдэг нь тодорхой бус байвал гүйцэтгэх удирдлагуудаас хариуцлага нэхэх хэцүү. Засаглалын зарчим нь тодорхой байхад чадвартай мэдлэгтэй залуус бизнесийг аваад явчихна. 

-Та хэвлэл мэдээлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй хүн. Харин 10 жилийн өмнө Монгол Улсын бизнес эдийн засгийн салбарын шилдэг бизнесменээр нэрлэгдсэний дараа өгсөн ярилцлагадаа, “Бизнес эрхлэхэд мөнгө чухал. Гэхдээ мөнгөнөөс илүү чухал зүйл бий” гэсэн байсан. Тэр үед тэгж хэлж байсан үзэл хандлагадаа одоо үнэнч байгаа юу? Хэрвээ мөнгөнөөс чухал зүйл гэж байдаг бол тэр нь юу вэ?

Мөнгө өөрөө бизнесийн нэг л хэсэг. Гэхдээ үүнээс илүү зүйлүүд байгаа гэдэгт үргэлж итгэх хэрэгтэй. Энэ итгэл бизнесийг илүү дархлаажуулж, бизнес илүү амжилттай болно. Зөвхөн мөнгийг шүтэх нь бизнесийн сайн суурь болохгүй.  

Бизнесийн гол зарчим бол ашгийн төлөө гээд амархан томъёолчихож болно. Гэвч бизнес бол “хариуцлагын тогтолцоо” гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа хариуцлага, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх компанийн хариуцлага, ажилтануудыгаа илүү өндөр цалинтай болгохын төлөөх хариуцлага гээд олон зүйлийг бизнесийг хариуцлагын тогтолцоо гэж тодорхойлж болно. 

Жишээ нь, бид хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг. Уул уурхай алт, нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа ч түүнийгээ дагаад нөхөн сэргээлт, байгаль орчноо хамгаалах гээд олон хариуцлагыг давхар үүрч байж бизнес болно. Тэгэхээр компани бол зөвхөн ашгийн төлөө биш юм. Түүнтэй адил мөнгө өөрөө гол зүйл биш, дархлаа тогтсон систем үргэлжлээд явах нь чухал.  -Сая та уул уурхайн тухай ярилаа. Бас бизнесүүд олон улсад гарах хэрэгтэй гэж дээр хэлсэн. Харин “Шунхлай групп” уул уурхайн бизнесээс бүр мөсөн гарчихсан байгаа. Танай компанийн олон улсад гарах гол бизнес уул уурхай биш байсан гэж үү. Уул уурхайн бус экспорт уул уурхайн экспортыг давна гэж итгэж байгаа тул та бүхэн энэ салбарын бизнесээс гарчихав уу?  

Бид бол “Mongolian mining corporation” буюу “Энержи ресурс”-ын үүсгэн байгуулагчдын нэг нь. 2007 оноос 2014, 2015 онд энэ компанийн хувьцаа эзэмшигч байж нэлээн явсан. Гэхдээ одоо бол бидэнд уул уурхайн ямар нэгэн бизнес байхгүй. Ер нь манайд уул уурхай л гол баялаг бүтээдэг гэдэг буруу хандлагатай болчихож. Уул уурхайд 5000 хүн ажилладаг гэж сураг сонсож байсан. Хөгжөөд хөгжөөд 10000 хүн ажиллах байх. Арван мянган хүний хэд нь экскаваторын жолооч, хэд нь автомашины жолооч хийх вэ? Сая уул уурхайд ажиллагсдын тоо 5000-аасаа буурлаа. Буруутгаж байгаа юм биш. Гол нь бид уул уурхайгаас хамааралгүй өөр бизнестээ давхар анхаарч, хөгжүүлж байх хэрэгтэй. 

Чили улс манайхтай адил уул уурхай гээд л яваад байсан. Гэтэл Чили виногоороо дэлхийн бараг 5 дахь том экспортлогч орон болчихсон байна. Хаа байгаа Чилийн виног Улаанбаатар хотод “Ноён Уул” гээд компанийн дэлгүүрээс 30-50 мянган төгрөгөөр аваад уугаад л сууж байна. Тэгэхээр тэд уул уурхайгаас өөр юмыг хийж чадаж байна аа даа. 

Миний хувьд үүн дээр Монгол залуусын чадвар чадавхи асар өндөр, зөвхөн тэр экскаваторын жолооч хийхээр хязгаарлагдахгүй, гадаад зах зээл рүү тэлж ажиллаасай гэж хэлмээр байна. Тэр зах зээл дээр очиж хөрөнгө оруулалт хийх хэмжээний болоосой гэж хүсдэг. Энэ нь л бидний гол экспорт. 

Хоёрдугаарт, уул уурхайн бизнес нэлээн төвөгтэй бизнес. Ашиг орлогын хувьд бол ашиг орлоготой үедээ үнэхээр өндөр юм байна лээ. Гэхдээ хэтэрхий их бооцоо тавьбал эрсдэлтэй бизнес юм байна гэж харсан. Тийм учраас, бас яахав “шаталтууд” байсан. Манай компани ойролцоогоор  30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд хамгийн сүүлд нь та бүхэн мэдэж байгаа “MMC”-ийн хувьцаа өнөөдөр бараг 19 мөнгө л байна  шүү дээ. Бид багагүй хэмжээнд “шатсан” учраас эрсдэлийг тодорхой хэмжээгээр үүрч байгаа. Гэхдээ ямар ч байсан эрсдэл даах чадвартай болсон байна. 

-Манай нэвтрүүлгийн үзэгчдийн хамгийн дуртай, уламжлал болсон нэг асуулт байдаг. Таны  амьдралдаа гаргаж байсан шийдвэрүүдээс хамгийн зөв гэж бодсон шийдвэр,  туршлага дагуулсан ажил нь юу вэ? 

Магадгүй 10-р анги төгсөөд өөрийнхөө сурах сургуулиа, мэргэжлээ сонгосон нь миний хувь хүн болоод гаргасан хамгийн анхны зөв шийдвэр гэж би боддог. Тэр маань өөрөө намайг хаашаа явах, юу хийх чиглэлийг маань тогтоож өгсөн. Магадгүй би тэр үед эмч болно гээд явсан бол, одоо шүдний эмч хийгээд,  шүд ухаад л явж байсан байх /инээв/. 

Тухайн үед ээж, аав маань намайг ямар мэргэжилтэй, ямар хүн болох тухай их зөвлөдөг байсан л даа. Гэхдээ би аль 8-р ангид байхдаа л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодохойлчихсон байсан. Ингээд 18 нас хүрэхэд ээж аав маань намайг Москвагийн их сургуульд нийгмийн ухааны чиглэлээр сур гэж зөвлөхөд нь би “Чех явна” гээд л өөрөө шийдвэрээ гаргачихсан. Намайг 8-р дугаар ангид байхад Чех улсад суралцдаг байсан оюутан ирж , зуны амралтаа хамт өнгөрөөсөн юм. Тэр ах маань Чехийн тухай  маш их зүйлийг ярьсан. Тэгээд л Чех явж сурах ёстой юм байна гэдэг ойлголт 9,10-р ангид байхад толгойноос салаагүй. Бидний үед чинь конкурсын дараа дүнгээр нь жагсаадаг байлаа. Би дээрээсээ 3-т орсон. Маш олон сонголт байсан ч би Чехийг сонгосон. Тухайн үед хүмүүс гайхаж байсан л даа. Магадгүй тэр сонголт бол зах зээлийн эдийн засаг руу арай түрүүлж орж, түрүүлж харсан шийдвэр болсон. Мөн намайг Чехэд оюутан байхад одоо энэ ардчилал чинь Чехэд 1988 онд эхэлсэн. Тэгэхээр би өөрийнхөө хувь заяаг тэндээс эхэлсэн гэж боддог. 

Тэгвэл таны хамгийн их “шүүсийг шахсан” ажил нь юу вэ?  

Би “АПУ” компанийн хувьчлалд 2001 онд оролцоод 16 жил өнгөрлөө. Нэлээн эрч хүчтэй цаг хугацааг би “АПУ”-д зарцуулсан байна. “АПУ” миний хамгийн их сорилт дагуулсан ажил байх. Гэхдээ дууссан гэж бодоогүй л байна. Дахиад бас соригдоод явна шүү дээ. 

Та компанийнхаа залуу ажилтануудад ямар шалгуур тавьж,  албан тушаалд дэвшүүлдэг вэ? 

Тэр бол хүний нөөцийн бодлогоор л явдаг ажил. Гэхдээ удирдагч хүн компанийн үүднээс эхлээд жижиг ажлаас том хүртэл нь мэддэг байх нь шийдвэр гаргахад дөхөмтэй. Өнөөдөр “Шунхлай групп” нийт  4000 ажилтантай болсон байна. Би ажлынхаа хаалгаар ороод  үүднийхээ харуулыг, үйлчлэгчийнхээ нэрийг мэднэ, юу хийдгийг нь мэднэ. Тийм хэмжээнд ажиллахыг хичээдэг. Хоёрдугаарт тэр дотроос залуучууд аяандаа асуудал дэвшүүлээд, хариуцуулсан ажлыг сайн гүйцэтгээд тодроод гараад ирдэг. Гэхдээ мэдээж залуу хүнд алдаж онох зүйл олон байна. Алдаа оноотой талаас нь илүү тэр хүний ирээдүй болон хандлагыг нь зөв танихыг хичээдэг. Миний хувьд хандлага гэдэг зүйлд их ач холбогдол өгдөг дөө. Зөв хандлагатай бол мэдлэг, туршлагыг нэмэх амархан шүү дээ. Туршлага нэмэх бол цаг хугацааны л асуудал. 

Таны хийж байгаа бизнес нэг талаараа хэцүү бизнес. “Муу нэрт”-ийг үйлдвэрлэдэг, хүмүүсийн амьдралд хор хохирол авчирдаг гэдэг ч юм уу. Энэ бүх хэл амнаас та өөрийгөө яаж тусгаарлаж чаддаг вэ? 

Үүнийг би хийхгүй бол хэн нэгэн хүн хийх л байсан.  Гэхдээ 1996 онд бид нефтийн бүтээгдэхүүний импортын бизнесийг хийхэд нефтийн бүтээгдэхүүн импортолдог 100 компани байсан. 2001 онд бид "АПУ" ХК-ийн хувьчлалд оролцоход архи үйлдвэрлэдэг 200 компани байсан. Түүнээс хойш олон юм болсныг бид дуулж л байсан. Энэ бизнесийг хэн ч хийж болно. Гол нь хариуцлагатай хийх нь чухал. Миний хувьд бизнесийг илүү хариуцлага гэж ойлгодог. Тийм учраас бид бизнестээ хариуцлагатай юм хийхийн төлөө явж байгаа гэдэг дээрээ илүү анхаарлаа хандуулдаг. Хийсэн ажилдаа хариуцлагатай байх гол баталгаа нь нэр төр шүү дээ. 

-"АПУ" ХК-ийн хувьцааны үнэлгээ Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр  үнэлэгдэж  хөрөнгийн биржийн түүхэн дэхь нэг их наядын үнэлгээнд хүрлээ. Энэ бол зах зээл өргөжиж байгааг харуулж байна. Зах зээл идэвхитэй томорч байгаагийн хэрээр та дараагийн хөрөнгө оруулах салбараа ямар салбар гэж  харж байгаа вэ?

Хийх ажил зөндөө байна. Магадгүй өнөөдрийн “АПУ” ХК -ийн экспортын борлуулалт болон чиний ярьсан хэмжээг 5 дахин өсгөж, тэгээд энд ажиллаж байгаа хүмүүсийн орлого 10 дахин өсгөхийн төлөө л хичээж ажиллах болно доо. 

Бидний урилгыг хүлээн авч маш сайхан нээлттэй ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.


Нэвтрүүлэг бүрэн эхээрээ