“САЙН УУ, ГУНИГ МИНЬ” номын сэтгэгдэл

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 12

Францын нэрт зохиолч Франсуаза Саганы 18 насандаа бичсэн анхны бүтээл болох “Сайн уу, гуниг минь” нэрт бэсрэг романыг монгол хэлэнд Б. Сувддуламын хөрвүүлснээр Тагтаа паблишинг- аас эрхлэн гаргаад удаагүй байгаа билээ. Тус бүтээлийг уншаад төрсөн сэтгэгдэлээ ийн буулгасан юм. 

1. “Өвлийн ном”

Бага балчир насандаа төрсөн эхээсээ хагацаж, хэсэг хугацаанд эцгээсээ тусдаа амьдарсан 17 настай Сесиль гэгч хэвлүүхэн охин нэг л өдөр эцэгтэйгээ хамт амьдрахаар төрсөн гэртээ ирнэ. Түүний эцэг Рэймон “эрх чөлөөт” амьдралыг эрхэмлэдэг, хайр сэтгэлийг тун чиг нээлттэйгээр ойлгох, эдлэх хүсэлтэй нэгэн агаад Эльза хэмээх залуухан амрагтайгаа амьдардаг хижээл насны эр. Тэд хамтдаа нэгэн зуныг далайн эргийн гоёмсог харшид өнгөрүүлэхээр болж буйгаар зохиол эхэлнэ. Улмаар зуны амралтаа өнгөрүүлэх газраа Сесиль хуулийн мэргэжлээр суралцдаг Сирил гэгч залуутай танилцан дотносох болно. Удалгүй тэдэн дээр Сесилийн ээжийн найз байсан Анна хэмээх эмэгтэй амрах гэж ирсэнээр зохиолын үйл явдал өрнөнө. Товчхондоо бол ийм. Гэвч надад зохиолын үйл явдалууд бодож байснаас минь тэс өөрөөр эргэж, тэс өөрөөр төгсдөг нь л үнэхээр сонирхолтой бас хачирхалтай санагдав...

Эл зохиолд өвлийн тухай өгүүлсэн хэсэг байхгүй л дээ. Тийм болохоор л би “Өвлийн ном” гэж нэрлэхээр шийдсэн юм. Тэр тусмаа жиндүүхэн салхитай, хүйтэн цаг агаартай Улаанбаатарын өвөлд яг тохирсон “дулаахан” ном гэж хэлмээр байна. Хэрэв та жаахан ганцаардаж, сэтгэлд тань дулаан илч хэрэгтэй байгаа бол энэ зохиолыг уншаад үзээрэй гэж зөвлөе.  Зохиолын үйл явдал таныг нарс модоор хүрээлэгдсэн, газар дундын тэнгисийн эрэг дээр байрлах том цагаан харшид аваачих болно.  Тэнгисийн давалгаа тогтуун, нар дулаахан төөнөсөн, ямар үзэсгэлэнтэй сайхан мэдрэмж таныг бүчин авна гээч, лав даарахгүй л болов уу... Би л хувьдаа тэнд бүтэн өвлийн турш баймаар санагдсан шүү. 

“Маргааш өглөө нь нүүрэн дээр нар тусаж, халуун илчээрээ төөнөхүйд би учир нь үл олдох хачин зүүднээсээ сэрлээ. Нойрмог чигээрээ гараараа нүүрээ дарж хурц нарнаас халхлав...”/Сайн уу, гуниг минь. 28- р тал/  Энэ хэсгийг уншаад өнгөрсөн зун говьд аялж явсан минь санаанд оров. Ийм л “халуун” мэдрэмж өгөх хэсгүүд  энэ номыг унших шалтгаануудыг минь нэгээр нэмж байлаа. Үүнээс үүдэн энэ хэсгийг уншихдаа өөрийгөө яг л Сесилийн өрөөнд байгаа мэтээр төсөөлөв. Тэр яг одоо орон дээрээ хэвтэж байна. Удалгүй босон унтлагын хувцастайгаа доош буун, тагтан дээрээ гарлаа. Би араас нь дагав. Анна тагтан дээр сонин уншаад сууж байлаа. Сесиль түүнд чимээ өгөлгүй аяга кофе, ширхэг жүрж аваад шатан дээр суух нь харагдав. Би Сесилийн хажууд очин зогслоо...

“Жүржнээсээ нэг хазаж, аманд урсан орох чихэрлэг шүүсийг нь амтархан залгисныхаа дараа уур савссан халуун хар кофеноосоо нэг балгаад, амтат жүржээсээ ахиад нэг хазав. Халуун нар зулай дээрээс төөнөхөд арьсан дээр тодорсон үрчлээс арилан толийв...” /Сайн уу, гуниг минь. 28- р тал/ Үнэхээр л амттай дүрслэл байгаа биз. Энэ үед түүнийг дэргэдээс нь ажиглан зогсоход ямар ихэмсэг, дур булаам харагдсан гэж санана.  Иймэрхүү хөнгөхөн дүрслэлүүд, далайн эргийн таатай мэдрэмж, арван долоон настай охины дэврүүн хүсэл гээд тийм ч хүнд биш олон зүйлсийг зохиолын өрнөл хүртэл уншиж болно. Харин өрнөлөөс хойш танд тийм ч хөнгөхөн санагдахгүй л болов уу.

“... Хааяахан нэг цэвэр тохиолдлоор л өөр бусдын дотоод сэтгэл рүү өнгийж явсан байх. Харин одоо би үг ямар хүчтэй болохыг, түүгээр хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөж болохыг мэдэж авлаа. Худал үлгэр зохион байж энэ бүхнийг ухаарсан минь харамсалтай. Хэзээ нэгэн цагт би ч бас хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, зүрх сэтгэлд нь хүрэхээр алгуур довтлох өдөр ирэх л байх даа...” /Сайн уу, гуниг минь 81- 82- р тал./ Улмаар зохиолын өрнөл хэсэгт  Сесиль ч өөрөө дотроо хэд, хэд хуваагдахад хүрдэг нь залуу зохиолч эмэгтэйн тухайн үедээ барьж авсан хамгийн чухал зүйлийн тусгал байсан болов уу, гэж би таамаглав. Тэр нь мэдээж “Гуниг” билээ. Яг үнэндээ Сесиль зохиолын төгсгөлд л гунигийг мэдэрсэн бус илэрхийлсэн нь тэр байсан байх. Сесиль бүр эхнээсээ л гуниг дүүрэн амьдрал туулсан юм шиг. Анхандаа өөрөө түүнийгээ анзаардаггүй, ойлгодоггүй, тайлбарлаж чаддаггүй байж л дээ. Харин алхам алхамаар түүнийг нээн, таньж мэдэхэд гуниг үнэхээр тунгалаг зүйл болохыг ухаарна. Даанч тэр ухаарал их л “үнэ”-ээр олддог нь зохиолын төгсгөлд гардаг. 

2. “Үзэсгэлэнтэй юм аа, гуниг гэдэг!”

Гуниг гэдэг надад хэзээний л оргүй хоосонг илтгэдэг байсан юм л даа. Ер нь ихэнх зүйл миний хувьд тийм байдаг шиг. Харин энэ номыг уншаад гуниг гэдэг нээрэн л ариун, тунгалаг, үзэсгэлэнтэй зүйл гэдэгт бүр гүн бат итгэж орхив. 

Миний бодлоор энэ зохиол нь эмэгтэй хүний дотоод ертөнцийг их нарийн нээж өгсөн мэт. Нээх нээхдээ арван наймхан настай охины сэтгэлзүйгээр нээсэн байгаа юм.  Зохиолч магадгүй өөрийнхөө эргэн тойрноос, өөрийг нь хүрээлэн буцлах бодит амьдралаас Анна шиг, Эльза шиг, Сесиль шиг, мөн Сирилийн ээж шиг, Рэймоны найз Шарль Вэббийн эхнэр шиг, магадгүй Сесилийн нас барсан ээж шиг орчлон хорвоод өөрийгөө таниулж амжаагүй олон эмэгтэйн дүрийг олж харжээ. Яг ийм л эмэгтэйчүүд өнөөдөр бидний дунд амьдарсаар л байна. 

“Аннатай хууч хөөрөх болбол ярианд нь өөрийн эрхгүй автчихаад байдаг юм. Дотоод сэтгэл рүүгээ өнгийж хардаггүй намайг эргэцүүлж бодоход хүргэдэг цор ганц хүн бол Анна. Түүний дэргэд байхдаа би амьдралыг илүү гүн гүнзгий ойлгодог...” /Сайн уу, гуниг минь 119- р тал./ Яг ийм л эмэгтэйчүүд байдаг даа. Эмэгтэй ч гэлтгүй ийм хүмүүс. Түүнийг таньж мэдэх тусмаа өөрийгөө илүү ойлгодог. Хэн нэгнийг хайрлах тусам өөрийгөө таньж мэддэг. Магадгүй тэр л зөвхөн жинхэнэ хайр байх. Хайрын тухай, ганцаардлын тухай, хүсэл шуналын тухай ийм энгүүн бодрол эргэцүүллүүд зохиолчийн маань жинхэнэ төрмөл “авьяас”- тай л холбоотой биз ээ гэж таамаглан сууна. 

Зохиолын төгсгөлд би ч бас Сесильтэй хамт “гунигийг” ухаарав. Тэр ухаарал надад ийн буусан юм. Агшин хором бүрийг яг байгаагаар нь мэдэрье. Бүхий л зүйлсийг жам ёстой хамт алсран холдохоос нь өмнө амжиж хайрлая. Байхгүй болсон хойно нь тэр хайр зөвхөн зүрхэнд л үлдэх учир. Магадгүй орон зай нь гунигаар дүүрдэг байх л даа... Үзэсгэлэнтэй юм аа, гуниг гэдэг! Тэр тусмаа Франсуаза Саганы бүтээсэн гуниг дэндүү үзэсгэлэнтэй юм...

Саган арван долоон насандаа уран зохиолын ангид шалгалт өгөөд тэнцээгүй гэдэг. Гэтэл ердөө ганцхан жилийн дараа хэвлэгдсэн анхны бүтээл нь түүнд амжилт, алдар нэрийг авчирсан байдаг. “Тэр гэхийн аргагүй уйт бодол буй биеийг минь бүхэлд нь эзэмдэхэд түүнийг би гуниг гэх сүржин үгээр гоёчлон нэрлэж эс түвдэв. Гуниг гээч намайг саяхныг хүртэл соронздон татдаг байлаа. Гэтэл одоо одоо ганилант бодлын хүлээснээсээ хагацаж үл чадаад гэмших сэтгэлд автан суух амуй. Уйтгарлах, харамсах, гэмшихийг үзсэнгүй явлаа. Өнөөдөр тэрхүү гуниг намайг торгон нэхээст тор адил тал талаас ороон бүчиж, алгуурхан тамирыг минь барж, амьд хүн бүрээс алсаглан холдуулав. Тэр зун би арван долоон настай, аз жаргалд бялхсан охин явлаа...” Түүний зохиол ингэж эхэлдэг. Магадгүй тэр ямар ч оршилгүйгээр “арван найман”  насандаа мэдэрсэн бүхнээ буулгахыг хүссэн байх. Би ч бас ямар ч оршилгүйгээр гуниглахыг мөрөөсөж хэвтэхүйд өрөөний хаалга тогших шиг болов. Үүдэнд анир чимээгүй зогсоо түүнийг уриалагханаар угтаж авахдаа би нэн таатай байлаа. “Сайн уу, гуниг минь!”...

Н. Даваасүрэн