Г.Бадамсамбуу: Есдүгээр сарын 11-ний явдлаас өмнөх 10 жилд дэлхий яг диваажин шиг байсан

NTV Нэвтрүүлэг / Time Admin
2018 оны 01 сарын 15

NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлэгт оролцсон сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуугийн ярилцлагыг хүргэж байна.

СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ХИЙХ НЬ ЯРУУ НАЙРАГ БИЧИХТЭЙ АДИЛ ТИЙМ ГОЁ ГЭЖ БОДОЖ БАЙСАНГҮЙ

-Сайхан өвөлжиж байна уу, танаар сонин сайхан юутайв?

Сайхан өвөлжиж байна аа. Ерөнхийдөө гэрээрээ ажиллаад, судалгааны ажлаа хийгээд сууж байна.

-Сэтгүүлзүйн нэгэн үеийн төлөөлөгч болсон хүн тэгвэл судалгаа руу нэлээд хэлбийгээд байгаа юм аа даа?

Судалгаанд ер нь сонирхолтой болж байгаа гэх үү дээ. Бараг сүүлийн дөрөв, таван жил энэ чиглэл рүү ажиллаж байна. Нэг талаас хөгширсөн хойноо ч гэдэг юм уу. Залуудаа бол бага сага хийдэг л байсан. Одоо бодоход бас харамсах юм байна шүү дээ. Ер нь сэтгүүлзүй гэж явснаас энэ чиглэл рүү явсан бол одоо нүдний шил зүүсэн эрдэмтэн болчихсон сууж байх байж дээ гээд бас бодогдох л юм. Гэхдээ сэтгүүлзүйн амьдрал бол миний дуртай зүйл мөн л дөө. Харин судалгаа бол чадах нь уу, үгүй юу гэдэг бас нэг асуудал байна. Ерөнхийдөө бол үүнийг хийгээд явж байна. Эрдэмтэй том хүмүүсээс юм мэдэж авах юмсан гэсэн хүсэл дүүрэн байна. Ерөнхийдөө бараг шулуудчихсан л байна, хөгширсөн хойноо.

-Та өөрийгөө хөгширсөн гэж үнэхээр бодож байгаа юм уу.(инээв)

Ер нь одоо тэгээд явж байна даа. Зуугийн тал гэдэг чинь нөгөө Ерөнхий сайд байсан нэгэн хүний хэлснээр бол залуу хүний хөгшин нас, хөгшин хүний залуу нас. Тэгэхээр бараг л өөрийгөө ухаан ордог насан дээрээ байна гэж бодох болсон. Миний бодлоор ер нь 40 наснаас хойш эр хүн чинь нэг тийм сайхан болдог юм шиг санагдаад байгаа юм. Тэр нь 60 хүртэл үргэлжилнэ тийм ээ. Тэрнээс цааш гэвэл харин ахмаддаа ороод явчих байх. 

-Сэтгүүлч Г.Бадамсамбуу гэхээр таны нэвтрүүлгийг үзэх дуртай хүмүүс бий. Энэ тал дээр орон зай байгаа гэж бодож байна. Гэтэл та сүүлийн жилүүдэд энэ салбараас яагаад хөндийрөх маягтай судлаач хүн болчихов. Судалгаа , тэр дундаа угсаатны зүйн чиглэлээр яагаад нарийвчлан судлах болов?

Оюутан байхдаа би чинь хамгийн хийсвэрлэгч, хамгийн бодитой бус, ерөнхийдөө модернизм гэдэг юм л даа хийсвэр сэтгэлгээний тэр урлагийн чиглэлээр явдаг залуу байлаа. Харин одоо хамгийн бодитой байхыг эрмэлздэг хүн болжээ. Тэр үед их л үгүйсгэж байсан юмаа одоо өөрөө хийж байна. Тэгэхээр сэтгүүлч гэдэг мэргэжил бол өөрийн гэсэн онцлогтой, зорилго чиглэлтэй ажил. Олон нийтэд жишээ нь хялбаршуулсан мэдлэг мэдээлэл хүргэдэг. Энэ мэргэжлээр ажиллаад яваад байхаар яагаад ч юм арай л хямдхандуу юмаар юм хийгээд, хожим хүндэтгэх зүйлээр бага болчих юм шиг санагдаад байгаа юм. Хэдэн баримтат кино хийнэ биз, дэлхий ертөнцийг монголчуудад танилцуулаад, Монгол эх орноо ч бас танилцуулаад тухайн үедээ жаахан урам дэм олон хүнээс аваад, дахиад хийгээчээ гэсэн хүсэлтэд дарагдаад л. Гэтэл судлал гээч зүйлд жинхэнэ ёсоор юмыг хийж тогтоох, хувь нэмрээ оруулах гэдэг нь, ядаж тийм хүмүүстэй ойр байх нь их сайхан зүйл юмаа гэж би сүүлийн хэдэн жилд бодох болсон. Судалгааны бүтээл хийх нь хөгжмийн зохиол бичих, яруу найраг бичихтэй адил тийм гоё юм гэж бодож байгаагүй. Одоо бол тийм гоё юм байна гэж бодож байгаа. Яагаад гэвэл шинэ нууцуудыг тайлах, ээдрээ учир жанцанг олох тэгээд тэр нь зөвхөн бидний мэдсэн зүйл байгаад, дараа нь нийгэмд тэр зүйл тодорхой хэмжээнд мэдлэг үйлдвэрлэхэд миний, бидний нөхдийн бий болгосон зүйл болж орох нь чухал юм байна гэж ойлгосон. Ер нь цаашдаа яах вэ, хойч үе гээд ярья л даа. Тэдэнд зориулж бас мэдлэг хийгээд үлдээчихсэн юм байх хэрэгтэй. Хувь хүний зүгээс энэ бол нэр алдрын төлөө биш юм. Энэ бол өөрийн эрхгүй арай тулхтай юм хийе гэсэн ханасан бодол.

Залуудаа бол угсаатны зүй, утга зохиолын онолын чиглэлээр юм хийж байсан л даа. Тэгээд олон жил ингээд аялаад яваад байтал, бас өөр ч нөлөөлж байгаа зүйл байна. Би чинь бас нэг талаар их сонин хүн юм билээ. Бусдын хийгээгүй юмыг хийе гэж боддог. Багаас л тийм хачин мөрөөдөлтэй хүүхэд байж. Тийм хүмүүс олон л байдаг байх л даа. Гэхдээ “Аяллын цаг”-ийг тухайн үед аяллын сэтгүүлзүйн төрөл зүйл байхгүй байхад хийснээс хойш 20 гаруй жил болчихож. Харин сүүлдээ хэн ч хийчихэж болохоор болчихлоо. Хүн болгон камертай, хүн болгон явдаг, унаа тэрэгтэй аялчихдаг боллоо. Одоо хүмүүс хийдэг болчихсон юм чинь би тэнд ямар хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл сайн баримтат бүтээлийг, сайн гэрэл зургийг, сэтгүүлзүйн сайн төрөл зүйлүүдийг би л илүү хийж байвал тэрэндээ таашаал авах аминчхан гэмээр юм уу, өөрийн хувийн тийм бодол байна аа даа. Одоо залуус олноороо гарч ирж байна. Тэд хийг л дээ. 

“Аяллын цаг” ганцаархнаа Монголд байдаг байхад хүмүүс долоо хоног бүр үздэг, маш их шагшиж, “Монголд ийм гоё байгаль байдаг билүү”, “Хөөх энэ Лондон ямар гоё юм”, “Токиод тэгдэг гэнээ” гээд нэвтрүүлгийн минь тухай ярьдаг байсан. Одоо хүмүүс яваад үзчихдэг, утсаараа зургийг нь дарчихдаг, хуваалцах хэрэгсэл зөндөө болчихлоо. Тэгэхээр тэнд маш өндөр түвшний мэргэжлийн ажил л хийхгүй бол цаг үрсэн зүйл хийх нь юу л бол доо гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж энэ ажлаа хаяхгүй л дээ. Аялах, зураг авах, явах минь зогсохгүй.

-Гэхдээ бас энэ олон аяллын тухай нэвтрүүлгүүд дундаас арай сэтгэлд үлдэцтэй байсан нь таных байжээ гэж боддог юм л даа. Би сурагч байхдаа Хяргас нууран дээрээс хийсэн таны нэг нэвтрүүлгийг үзээд, “Хөөх, зурагтаар гардаг гадаад далай шиг тийм байгаль Монголд байдаг юм байжээ. Очиж үзэх юмсан” гэж бодож байсан. Тэгээд өнгөрсөн жил очиж үзлээ л дээ. (инээв) 

Одоо танай энэ зураг авч байгаа Эрдэнэбаяр бол манай Соёлт найруулагчийн хүү. Бид хамт Хяргас нуур дээр анх очиж байлаа. Сүүлд тоолж үзэхэд миний нэвтрүүлгээр олонд хүрсэн Монголын 16 газар байдаг юм билээ. Тэр нь ямар газар гэхээр үндэстэн даяар алдаршуулсан газар гэх үү дээ. Мэдээж нутгийнхан нь мэдэж л байсан газар. Миний нэвтрүүлгийн дараа дагаад аялал жуулчлал хөгжсөн, бас байгаль орчны эрсдэл үүссэн газрууд байна. Өөрөөр хэлбэл нөгөө Бадамсамбуу яваад өнгөрөхөөр дагаад баахан хүн ирдэг, загасчид ирдэг. Зарим нь “Бадамсамбуу явж ирээд байгаль сүйтгэчихлээ” гэж ярьдаг л гэсэн. 

-“Бадамсамбуугийн явсан мөрөөр баларсан газрууд” гээд бүр нэршил хүртэл гарчихсан байсан. 

Тэгэхээр миний зорилго бол тэр байгалийн аялал жуулчлалын нөөцийг нь нээж өгч байгаа юм. “Эх орон чинь ийм сайхан шүү” гэж урам дэм өгсөн. Харин дараа нь тэр нөөцөө хэрхэн ашиглах уу гэдэг нь тухайн орон нутгийн захиргаа гэдэг ч юм уу газруудын хариуцах ажил юм л даа. Тэгээд түүх соёлын чиглэлээр ч гэсэн шинэхэн зүйлсийг олж нээж бид нэвтрүүлгээрээ гаргаж байсан. Одоо ингээд бодоход, “Хөөх бас их зүйл амжуулж шүү” гэж санагддаг л юм. Заримдаа бас бодохоор их ядуу үед үнэхээр байгаа боломж, түвшинд нь л хийж байж дээ гэж хөөрхийлөх маягтай. Ийм л байгаа юм. Ер нь бол Монголоор явж дуусахгүй. Аль ч өнцгөөс нь харуулаад явахад их зүйл бий. Одоо энэ салбарт залуучууд олон болж. Чиний хэлснээр миний нэвтрүүлэг илүү гэдэг нь юу л бол. Нэгдүгээрт, миний нэвтрүүлэг энэ салбарт анхны нэвтрүүлэг. Ер нь аливаа юманд анхдагч шинж гэж бий. Монголд угаасаа тийм нэвтрүүлэг байгаагүй. Тэгээд байгалийг тэгж үнэнчээр олж хардаг, авдаг уран бүтээлчдийн баг байгаагүй. Зүгээр бид түүгээрээ жаахан төрөлжөөд явчихсандаа л илүү байсан юм. Дараагийн тийм аяллын нэвтрүүлгүүд хийсэн хүмүүсээс сонсож байхад бидэнтэй харьцуулаад байдаг гэдэг юм. Хүмүүс ч бас одоо хүртэл утасдаад л байдаг. Ийм юм хийж өгөөч, яагаад нэвтрүүлгээ хийхгүй байгаа юм гээд ярина л даа. 

ТЕЛЕВИЗ НАМАЙГ ХӨӨГӨӨД ЯВУУЛЧИХСАН ЮМ ШИГ ЭВГҮЙ САНАГДДАГ ЮМ БИЛЭЭ

-Гэхдээ та одоо телевизээ санаж байгаа байлгүй дээ. Нэвтрүүлгээ хийнэ биз дээ?

20, 30 жилээ үүнд зарчихсан хүн чинь мэдээж холдохгүй. Яахав гадныхантай хамтраад түүх соёлын чиглэлийн баримтат төслүүд байгаа. Сүүлийн жилүүдэд судалгаа руу голлосон учраас аялах цагаа багасгаад ярилцлагын нэвтрүүлэг Үндэсний телевиз дээр хийж байсан. Түүхч Д.Өлзийбаатар бид хэд хөтөлдөг байлаа. Тэгсэн нэг өдөр Үндэсний телевиз биднийг “Хийгээд хэрэггүй” гэж байна. Тэгэхээр нь “За, хэрэггүй гэж байгаа юм бол судалгаа юм руугаа анхааръя даа” гэж дотроо бодсон ч гэсэн бас эвгүй санагддаг юм билээ. Телевиз намайг хөөгөөд явуулчихсан юм шиг. Би ажилгүй хүн болчихсон ч юм шиг. Өөрөөр хэлбэл хүнд чинь нэг тийм ирдэг, очдог дассан газар гэж байдаг юм байна. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн сэтгэлд их том хоосон орон зай үүсдэг юм байна гэж тэгэхэд мэдэрсэн шүү. 20-иод жил Үндэсний телевизийн хажууд яваад ирчихсэн, тэндэхийн хүн гээд бодоод явж байтал нэг өдөр намын тушаалаар дарга нар нь солигдонгуутаа “Энэ студиудтэй хамтарч ажиллахгүй ээ” гэхээр намайг хөөж байгаа юм байна даа гэж бодогддог юм билээ. Тэгээд яахав сэтгүүлзүйгээс бол холдоогүй л дээ. Юмаа хийж л байгаа. 

Үндэсний телевизээсээ бол холдчихсон байх нь?

Тийм, Үндэсний телевизээс бол холдчихсон. Гэхдээ хүмүүс бол намайг Үндэсний телевизээр харах гээд үгүйлээд байх шиг. Бидний тэр түүхийн чиглэлээр хийж байсан ярилцлага бол ер нь монголчуудын түүхийг олон нийтэд хүргэх, түүхчдийг танилцуулах, түүхийн мэдлэг түгээн дэлгэрүүлэх тийм нэвтрүүлэг байсан. Ийм нэвтрүүлгийг гадаадад байгаа монголчууд их үздэг юм билээ. Тэгээд нэвтрүүлэг зогссоны дараа олон хүн санал тавьж, гомдол мэдүүлсэн л дээ. Тэглээ гээд яахав дээ.

-Таны ярианаас сонсоход түүхээ танин мэдүүлэх чиглэлд нэлээд ажиллаад байна гэж ойлгогдлоо. Сүүлийн үед залуус түүхээ мэдэхгүй байна гэдэг шүүмжлэл гарч байгаа. Уншихгүй байна гэж байна. Уншихгүй бол ядаж сонс гэдэг ч юм уу хувилбар хэлж байна. Орчин цагт тэгэхээр арай дэвшилтэт аргаар түүхийг нь мэдүүлэх ёстой ч юм уу. Жишээ нь, хүүхдүүдэд бол хүүхэлдэйн киногоор, залууст орчин үеийн хэрэгслээр нь дамжуулдаг ч юм уу. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Нас насанд нь зохицсон янз  бүрийн аргаар түүхийг мэдүүлэх хэрэгтэй байх. Мэдээж хэрэг бүгд түүх үзэх ёстой гэж шахах ёсгүй байх. Гэхдээ түүх мэдэх гэдэг бол боловсролтой хүний явдал. Өөрөөр хэлбэл хүн илүү их боловсроод улс орноо, ах дүүсээ, орчин тойрноо танин мэдье гээд ингээд явбал аяндаа л таны өмнө түүх хөндөлсөөд байж байх болно. Түүх л үзэхээс аргагүй. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан гэж хэн юм. Чингис хаан гэж хэн бэ гэвэл түүх л байх болно. Дэлхий юу билээ, Трамп хэн юм бэ? гэхэд мөн л түүх яригдана. Түүхгүйгээр оршиж байдаг, түүхгүйгээр тусгаар байгаа улс орон нэгээхэн ч үгүй. Тэгэхээр залууст түүхийг ойлгуулах нь манайх шиг жижиг оронд маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл үндэс угсаа, улс орныхоо бахархал, суурь дэвсгэр өөрийнх тэр хүн болох явцад нь одоо тулгуур мэдээлэл болгож монгол хүн байхад нь их чухал. Нэг л сүрхий Харвард төгсчихсөн хүн, тэгсэн мөртлөө түүхээ мэдэхгүй байж яам удирдаад юм уу, Их сургууль удирдаад явна гэдэг чинь харанхуй бүдүүлэг хүнтэй адил харагдана. Тиймээс залууст түүхийг янз бүрийн аргаар хүргэх хэрэгтэй. Түүхэн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй.

Сүүлийн үед харин сайшаалтай нь хүмүүс түүх уншдаг болжээ. Жилд түүхээр наад зах нь арав гаруй ном гарч байна. Тэр номууд борлож байна, түүх сонирхох хүн олон болж байна. Түүхээ зөв ойлгохгүй бол өнгөрснөө ч зөв танихгүй, ирээдүйгээ ч таних боломжгүй. Түүхэн сургамж гэж бий. Гэхдээ түүхэн сургамж гэдэг бол мэдлэгийн хувьд түүнийг тойрч болох ч, туршлагын хувьд тойрч гардаггүй юм байна гэж бодоод байгаа шүү. 1911 оны ноёдын хагаралдаж тэмцэлдэж байсан байдал, 1921 оноос хойш тэр хувьсгалчдын хоорондоо хагарч урсгал нугалаанууд болж байсан байдал, бүүр өмнө бага хаадын үеийн хагарал чинь яг одоо Төрийн ордон дотор байна. 1990 оны Монголд өлсгөлөн зарлаж, Улс төрийн товчоо унадаг чинь монголчууд ухаантайдаа тэгээд болчихсон гэхээсээ илүү өөр хүчин зүйлүүд байдаг. Жишээлбэл, 1990 оноос өмнө дэлхийн хэд хэдэн улсад дуулиантай, гэхдээ ард түмнийхээ эсрэг зэвсэг барьсан засаг төрийн удирдлагуудын шившигт явдлууд болсон байсан. Тэр Румыны явдал, Африк, Латин Америкт болсон явдал байна. Тэгж байтал тэр Ардчилсан хувьсгал гарахаас дөрөв, тавхан сарын өмнө хятадууд Тянь ань миний талбай дээр жагсаал хийсэн оюутнуудаа хядсан. Энэ бас том дуулиан болсон. Тэгэхэд Монголд залуучуудын дунд престройка гээд, ер нь орон даяар их гэгээрчихсэн байсан. Ямар ч үед ард түмнийхээ эсрэг хөдөлж болохгүй юм байна аа гэдгийг тэр үед бид баттай ойлгосон байсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр 1990 оны тэр цаг үед тал талаас түүхэн мэдээллүүд бүрдэж, “Ингэж болдоггүй юм байна”  гэж нийтээрээ ойлгосон байх гэж би боддог. Энэ утгаараа орчин тойрныхоо түүхийг, өөрийнхөө түүхийг танин мэдэх нь өөрийгөө танин мэдэхэд чухал. Түүхээ үзээгүй хүн бол гадагшаа явж үзээд, нэг гялгар гудамж үзээд, нэг гялгар байшин харангуутаа сөхөрнө. Түүх мэддэг хүн бол энэ гялгар байшинтай улс чинь тэр үедээ тэгж байсан, тэгэхэд бид тэгж байлаа харьцуулалтын өргөн боломжтой учраас “За яах вэ, байдаг л юм. Бид энэ түвшинд тэдэн жилийн дараа хүрнэ. Гэтэл харин энэ хэд тэр үе хүртэл тогтож байдаг байгаа” гэх мэтээр бодно. Ингээд олон харьцуулалтын боломжууд түүх гэдэг юм уу, судалгаа хийдэг хүмүүст байдаг. 

-Монголын түүх ярихаар баатар эрс, хаан удирдагчид их гардаг. Эрдэмтэн мэргэдийн талар орхигддог гэж би анзаараад байдаг юм?

Монгол бол баатарлаг түүхийн орон. Олон орон байна шүү дээ, зарим нь загасчлалаараа, зарим нь аж үйлдвэрээрээ алдартай гэдэг ч юм уу. Янз янзын имиж хэв төрхтэй. Тэр талаараа бол Монгол бол баатарлаг түүхийн орон байж. Монголчуудыг харах гадны имиж тэр шүү дээ. Монголчуудыг сэлэм барьсан бүдүүлэг гэсэн байдлаар хардаг. Гэхдээ Монголд бол асар олон эрдэмтэн, мэргэд байж. Мэдээж ард түмэн байгаа юм чинь, оюун ухаан байгаа юм чинь тухайн тухайн нийгэмдээ эрдэмт хүмүүс байж л таарна. Одоо хүртэл эрдэмтэд, бүүр суут эрдэмтэд ч хариулж чаддаггүй нэг асуулт бий. Эзэнт гүрнийг зүгээр нэг зэрлэгүүд байгуулдаг гэж үү? Тэгээд монголчууд бүдүүлэг байсан гэж хэлчихээд Монголын эзэнт гүрэн гэдгээ судлаад байдаг. Дэлхийн түүхийн талын хамаг л агуу эрдэмтэд Монголын эзэнт гүрний түүхийг шүргэж үзсэн. 

-Монголын түүх бол дэлхийн түүх гэдэг?

Тэгсэн хэрнээ, монголчууд бүдүүлэг зэрлэг байсаан гэдэг. Бүдүүлэг хүмүүс яаж эзэнт гүрэн байгуулсан байх вэ. Тийм бололцоогүй, тийм юм байгаагүй. Тэгвэл Монголын эзэнт гүрэн гэж байсан юм бол тэнд мэдлэг, ёс суртахуун, хууль цааз, засаглал, тогтолцоо, зохион байгуулалт бүгд байсан. Тэгж байж эзэнт гүрэн байж таарна. Тэгэхээр эзэнт гүрэн нэгэнт байсан учраас эрдэмтэн байсан гэсэн үг. Тэдгээр хүмүүс бол тэр судруудад гараад байгаа хүмүүс мөн. Харин бид нарийвчлан судлах хэрэгтэй. Энэ мэтээс эхлээд бид ойлгуулах хэрэгтэй байгаа юм. 

БАДАМСАМБУУ БАРУУНААС ИРЭЭД УЛСТӨРЧ БОЛОХ УУ, САЙД БОЛОХ УУ ГЭДЭГ Л БАЙСАН

-Та бол Монголын уран зохиолд тухайн үедээ шинэ өнгө нэмж байсан “Зүс бүгэг андууд” бүлгэмийг байгуулж байсан хүний нэг. Таны зарим уран бүтээлүүд уран зохиол судлалын номуудад харагддаг юм билээ. Та уран зохиолын ертөнцөөс бас яагаад хөндийрөөд явчихсан бэ?

Түрүүн би хэлсэн дээ. Яагаад ч юм би хүмүүсийн хийгээгүй шинэ юмыг хийх хорхойтой ч гэх юм уу, тийм дадалтай хүн шиг байгаа юм. Аав маань их үлгэрч хүн байлаа. Би өөрөө ер номноос салаагүй ном л уншдаг хүүхэд байлаа. Би чинь Увс аймгийн Зүүн хангай сумын хүүхэд. Тэр Зүүн хангай сумынхаа номын санг тав, зургаадугаар ангид байхдаа уншаад дуусгачихсан. Тэгээд дээд сургуульд орлоо. Миний багын мөрөөдөл зохиолч юм уу, сэтгүүлч болно гэсэн мөрөөдөл байсан. Гэхдээ зохиолч юм уу, сэтгүүлч болно гэдэгтээ яагаад ч юм итгэдэггүй байлаа. Тээр дээр л миний мөрөөдөл байгаа юм шиг, зохиолч сэтгүүлч гэдэг хүмүүс их мундаг хүмүүс санагдана аа. Дээд сургуульд орлоо. Зохиол бичмээр санагдаад болдоггүй. Зохиол бичдэг үеийнхээ залуусыг дугуйланд очоод харахаар тэд арай л нэг том. Шүлэг мүлэгтэй, тэрийгээ уншиж байгаа нь баавартай. Сүрдээд болдоггүй. Тэр үед би өөртөө л бичдэг байсан. Тэгээд нэг удаа Галбаатар доктор гэж одоо энэ МУИС-ийн багш маань миний шүлгийн дэвтрийг “олзлоод” үзэв. Тэгээд намайг “Энэ ерөөсөө шүлэг бичдэг байсан нөхөр байна” гээд дугуйланд чирч орууллаа. Ингэж их сургуулийн дугуйланд нэг орой л би “цоорчихсон”. Оюутнууд, багш нар “Өө, энэ Бадмаа ямар сүрхий бичдэг хүүхэд вэ” гээд л. Тэгээд маргаашнаас бодлоо, “Би чинь ер нь болох юм байна. Багш нар дэмжиж байхад...” гэж. Тэр хүсэлтэй хамт, ерөөсөө бусад хүмүүс шиг бичдэггүй байх хэрэгтэй, өөрийгөө олж өөрөө онцгой байх хэрэгтэй гэсэн хүсэл яагаад ч юм төрсөн. Тэгээд үндсэндээ Монголын уран зохиолд анхны модернист буюу шинэчлэгч уран зохиолын чиглэлээр бидний залуус анхны номоо гаргаж байлаа. “Зүс бүгэг андууд” гэдэг ном гарч хэдэн жил шуугиан тарьсан. Гэхдээ үүнийгээ орхисон. Ерөөсөө давтагдашгүй өөр юм хийе гэж байснаа хэсэг хугацааны дараа “Өө энэ нь гоё юм байна. Аяллын сэтгүүлзүйгээ хийе” гэж бодож байгаа юм. Тэгээд тэр “Зүс бүгэг андууд” гэдэг ном бол Монголын уран зохиолд анх удаа “хий сэрэмжийн яруу найраг” гэдэг зүйлийг оруулна гэж бид томъёолол гаргасан. Өөрөөр хэлбэл утга зохиол, яруу найргийн цэцлэх, уянгалах, утгачлах зүйлээс илүүтэйгээр хүний тэр далд мэдрэмж, барим тавим үелзээ, харанхуй, ёр тэргүүтнийг зуран үзүүлэх, цэвэр яг сэтгэл зүй гэдгийг яаж харуулах вэ гэдэгт зорьж байлаа. Энэ уран зохиолын нэлээд нухацтай оролдлого туршиц юм даа. Тэр үед бид их хөөрцгөөдөг байлаа. Утга зохиолын онолын маргаан, шүүмж залуусын дунд их ярина. Шөнөжин үүр цайтал хэлж, маргацгаана. Сүүлд нь ширээгээ шаагаад босож,нар мандахад тардаг байлаа. Яагаад гэхээр, “Дэлхийд утга зохиолын тухай жинхэнэ яриа энэ л боллоо. Одоо хэн ч дэлхий дээр ингэж ярихгүй байгаа. Францын сэргэн мандалтын уран зохиол аль эрт улирсан. Зөвхөн энд л уран зохиолын тухай ярьж байна” гэж онгирцгоодог байсан. (инээв) 

Бид шуугиулсаан, шуугиулсан. Тэгээд тэр үеэс хойш Монголын утга зохиолын олон ч өнгө аяс өөрчлөгдсөн. Яаж нөлөөлж байгааг бид ч мэдэрдэг байлаа. Гэхдээ хэзээ ч урвахгүй гэж бодож байсан юм шүү. Түүгээр зогсохгүй яруу найргаас урвах гэдэг бол бурхнаас бидэнд илгээсэн тэр зүйлээс урваж байна гэсэн үг хэлж бүх найзуудаа ятгадаг байлаа. Тэгсэн мөртлөө хамгийн түрүүнд би үүнийгээ завсарлаад сэтгүүлзүй рүү явчихсан. 

-Таны ажлын түүхийг харахад Ардчиллын “Алтан харайцайнууд” гэдэг С.Зориг агсан, С.Цогтсайхан агсантай хамтран ажиллаж байсан. Тэр үед та “Ардчилал” сонинд ажиллаж байсан. Дараа нь аяллын сэтгүүлзүйд орсон. Ер нь та хэзээнээс “Би яг л ийм хүн, ийм юм хийх юм байна даа” гэж өөрийгөө таньж мэдсэн бэ?

Хар багаас өөрийн илүү дурладаг байсан юмнуудаа бодоод байхаар ерөнхийдөө би энэ соёл, түүх, байгаль, урлаг талын хүн байжээ. Таашаагаад, надад хүртэгдээд байгаа зүйл нь тэд байж. Гэтэл ингээд явахаар заавал улс төр, нийгмийн юмтай тулгардаг. Тэр ардчилал гэдгийн тухайд бол утга зохиолоо бичиж байсан үеийн л хэрэг. Хөрөнгөтний уран зохиол гэдэг чинь чөлөөт сэтгэлгээ рүү гарчихсан байдаг, тийм болохор яг тэр чөлөөт байдал руу татагдаж байгаа юм. Тэгээд тэр үед надад бодогдож байсан зүйл юу гэхээр яг өөрийн дуртай зүйлийг хийх юмсан гэдэг байсан. Яагаад гэхээр би улс төр, эдийн засгийн сэтгүүлч байв. Дандаа хэрүүл бичдэг болчихсон. Би нэг муу зантай. Нэг зүйлийг нэг байр суурин дээр тавиад харчихвал заавал тэрийг сайн хийчихмээр санагдаад байдаг. Тэгэхээр улс төр, эдийн засгийн сэтгүүлч байна гэдэг чинь нийгэм дэх шинэлэг үзэл, нийгмийн шударга бус явдлын эсрэг довтлох хэрэгтэй болно. Хайр найргүй бичдэг. Түүнээсээ болж сэтгэл санааны хувьд, “За тэр хүнийг арай дэндүү хэлчихэв үү дээ” гэдэг.  Гэхдээ үүний хажуугаар соёл, түүх, байгаль гэсэн юмнууд үгүйлэгдээд байсан. Тэгээд үндсэндээ 1996 оны сонгууль болоод анх удаа Ардчилсан нам ялсан даа. Сонгуульд нь ажилласан учраас намайг Ерөнхий сайд шууд Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар тавья гэлээ. Тэгэхээр нь би, “Хэрэггүй ээ, би албан тушаалд дургүй” гэсэн. Тухайн үед Үндэсний телевизэд “ММ агентлаг” гэж байгаагүй . “Тэр мэдээний секторыг нь би нэг агентлаг болгоё” гэж харин хэлсэн. Ингээд “ММ агентлаг”-ийг байгуулаад. Тэндээс нэг жил болоод явлаа. Одоогийн энэ улстөрчид дунд тухайн үед миний “цэрэг” явсан олон залуу байсан. Ер нь манай “ММ агентлаг”-аас УИХ-ын олон гишүүн төрсөн байдаг. Яг тэр үед нэг бололцоо гараад би Англи руу хагас жил сурахаар явсан юм. Харин Англи явж байхдаа, “Эргэж Монголдоо очоод шал өөр хүн болно оо” гэж бодсон. Яагаад гэвэл би улс төр, эдийн засаг руу улам бүр лавшраад байсан. Улам бүр улстөрчидтэй танил, улам бүр бизнесийнхэнтэй танил болоод л. Нөгөөдүүл маань ч бас, “Чамайг энэ дээр л тавьчихмаар байна. Чи туг өргө” гэнэ. Гэтэл би өөрөө юун дээр ажилламаар байна гэхээр соён гэгээрлийн юмнууд байдаг. Тэгээд 1997 оны есдүгээр сард, яг төрсөн өдрөөрөө Англи руу, анх удаа баруун луу нисэж байхдаа  эргэж ирээд өөр хүн хүн болно оо л гэж бодсон. Тэнд байх хагас жилийнхээ хугацаанд өөр хүн болох бэлтгэлээ хийж, буцаад ирэхэд яг энд намайг хүлээж байсан хүмүүс, “За Бадамсамбуу баруунд тодорхой хугацаанд яваад ирлээ. Ирээд улстөрч болох уу, сайд болох уу” гэдэг л хүлээлттэй байсан. Тэгэхэд нь би “Үгүй ээ” гэж байгаа юм. (инээв) Олон ч хүнээс зугтсан даа.

Тэгж 1998 оны намар “Аяллын цаг” нэвтрүүлэг “Бурхан халдун” уулнаас эхэлж байлаа. 

МОНГОЛ ШИГ МИНЬ САЙХАН ГАЗАР МИНИЙ ХУВЬД БАЙХГҮЙ

-Хүн хамгийн их очихыг хүсдэг тэр газарт өөрийг нь цэнэглэх эрчим хүч энерги байдаг гэж уншиж байсан юм байна. Танд тийм газар орон байдаг уу?

Энерги гэж их ярьдаг болж. Тэр зүйлийг бол хаанаас ч авч болно гэж би боддог юм. Зүгээр номноос, хүнээс ч авч болно. Очих газрын тухайд гэвэл манай Ханхөхийн нуруу гэж сайхан газар бий. Хуучин цагийн домог түүхэнд бол Ар Халхын дунд диваажин байдаг. Тэр “дунд диваажин” бол миний төрсөн нутаг. Монгол хүн болохоор ч тэр юм уу, монгол хүн чинь нутгаа санадаг тийм сонин хүн шүү дээ. 40 мянгатынхан бол 40 мянгатдаа ирж байж сайхан болдог гэдэг ч юм уу. (инээв) 

Тэгээд нутагтаа очих бол мэдээж сайхан. Ер нь энэ дэлхий тойроод явж байхад хамгийн сайхан амьдарчихаар газар хаана байна гээд бодно. Сайн бодвол тийм газар Европ л юм билээ. Хөгжлийн хувьд биш шүү, тэр байгаль нь. Тэр дундаа надад их таалагдсан нь Шотланд. Хөгжил гэдэг ч юмуу ярьвал өөр юм ярина л даа. Гэхдээ Монгол шиг минь сайхан газар миний хувьд бол байхгүй. Яагаад гэхээр энэ чинь би энд л дураараа байна шүү дээ. Хөдөө гарч давхина, майхнаа барина, ууланд зургаа авна. Цагдаатайгаа муудалцана. Монголын юм монголоороо. Дэлхий дээр байгаа газруудаас зөвхөн энд л би эзэн шиг байж чадах оронзай минь юм. Түүнээс тэр олон орнуудаар явж байхад Америкт ч юм уу, Шотланд, Израил хаана нь ч буугаад амьдарч болно оо доо. Ажил хийгээд тийм ээ. Гэхдээ ганцхан олдох насанд хүний газарт хаяанд нь маягаар амьдарч байснаас өөрийнхөө газр дээр эзэн мэт амьдрах их чухал юм байна гэж боддог. Эрх чөлөө гэдэг бол хамгийн чухал баялаг юм байна гэдгийг их олон янзаар мэдэрдэг шүү. Аялж явсан 20 жилийн хугацаанд өөрчлөлтийг их хурдан мэдэрдэг юм билээ. Дэлхий ямар хурдан өөрчлөгдөв өө. Олон улсын онгоцонд хутга зүүгээд, тамхилаад явж болдог байлаа. Гэтэл есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш онгоцонд жижигхэн хоолны хутга байсан ч хураагаад авчихдаг болсон. Ер нь тэр есдүгээр сарын 1-ний явдлаас өмнөх 10 жилд дэлхий яг диваажин шиг байсан. 

-Та бол үлгэр сонсож өссөн сайхан хүмүүжлээр хүн болжээ. Харин таны нэг ярилцлагыг уншиж байтал одоо таны гэр бүлийн хүмүүжлийн арга барил өөр сангадсан. Танай гэр бүлийнхэн хувь хувьдаа тийм тусгаар тогтоносон байдаг юм болов уу гэж бодсон. Асуудал гарвал их товчхон ярилцаад шийдчихдэг гэж та ярьсан байсан. Орчин цагт гэр бүл ер нь ийм болчихов уу?

Миний хүүхдийн цаг үе, миний цаг үе өөр юм даа. Би бол тавдугаар анги хүртлээ аавынхаа өвөрт унтдаг хүүхэд байсан. Бид наймуулаа өссөн. Гэхдээ аавын хүүхэд, ээжийн хүүхэд гэж байдаг шиг, аав намайг онцгойлон хажуудаа авна. Тэгээд тавдугаар анги хүртэл аавынхаа өвөрт унтахад шөнө бүр биш ч ихэнх шөнүүд үлгэртэй байна. Аав өөрийнхөө үлгэр домог, туулиудаас ярихаас гадна Гэсэрийн тууж, Гучин хоёр модон хүний үлгэр, Шидэт хүүрийн үлгэр гээд дорно дахины хамаг л үлгэрүүдээс ярина. Би унтаж байхдаа ч сонсдог хүүхэд байлаа. Надад ярьж байхад бусад ах дүү нар маань ч дашрамд сонсоно. Азтай хэрэг шүү. Дорнын уламжлал, оюун билигийн зүйлүүдийг аав маань бидэнд тэгж хар багаас өгч байжээ гэдэг. Өөрийнхөө бага насыг ажихаар нэг их мөрөөдөмтгий, юмыг маш гоё дэврүүнээр хардаг, зөвөөр харахыг эрмэлздэг, буруу зөрүүг хэлэхгүй байхыг хичээдэг хүүхэд байжээ гэж одоо боддогддог юм.  Нэгдүгээр ангид орохдоо би үеийнхээ хүүхдүүдтэй тоглож чаддагүй байлаа. Тэр нь яагаад гэхээр ихэнх хүүхдүүд аавын надад хэлсэн , “Энэ бол муу үг шүү. Ингэвэл тэгнэ шүү” гэдэг ч юм уу зүйл хэлдэггүй байж. Нөгөө хүүхдүүд хараал ерөөл их хэлнэ. Тэр надад яагаад ч юм гэнэтийн санагдаад хүүхдүүдтэй тоглож чаддаггүй байж. Тэгэхээр одоо миний гэр бүл гээд ярихаар бид бол бие даасан байдалтай гэх үү тийм гэр бүл л дээ. Ер нь би боддог юм, аав ээж учиргүй яншаад юманд нь оролцоод л байх биш. Харин аяндаа бидний дуугүй байдал, бодож байгаагаас хүүхдүүд ойлгох юмаа шингээгээд авчихдаг юм уу даа. Миний аав, ээж хоёр бол онц сурах ёстой шүү гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би зүгээр л онц сурч байсан. Аль болохоор л үеийн юм шиг чөлөөтэй зөв харьцдаг, гэхдээ зиндаа байдаг тийм байдлаар төв дарамтгүй өсөх нь зөв юм байна гэж бодоод байгаа шүү. Чи заавал сайн хүн бол гэж хүүхдийг тархидаад байснаар сайн хүн болдоггүй. Бүүр задгай хаяаад байснаар ч бас болдоггүй. Гэр бүл, нийгэм, хувь хүн гэдэг гурван хүчин зүйлээс л хамаардаг юм байна. Архичин, танхай гэр бүлүүдээс ямар сайхан төв хүн бойжсон жишээ миний найзууд дотор бий шүү. Үнэхээрийн төв сайхан сэхээтэн, амьдрал байдал нь аятайхан тийм хүний гэр бүлээс тэгвэл нэлээд замбараагүй байрын хүүхэд гарах нь ч байна. Тэгэхээр энд тал талын л хүчин зүйл байна. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал үе бол шилжилтийн нас л юм билээ гэж бодогддог. 

-Таны хэд хэдэн шүлэг Ханхөхий уулын тухай, хайртай аав ээжийн тань тухай байдаг. Одоо эргээд уншихад, зарим дуу болчихсон шүлгээ сонсоход цаг хугацаагаар аялсан юм шиг мэдрэмж төрдөг үү?

Аав ээж нутаг усаа бичдэг чинь ер нь монгол хүний л онцлог юм шиг байгаа юм. Үнэхээр хуучин дуу сонсохоор нутаг ус бодогдоно. Манай аав байгальд их дуртай, тууварт явдаг хүн байлаа. Ханхөхий нуруунаас Хөвсгөл нуур хүртэл мал тууна. Тэгээд надад аав хэлнэ, “Миний хүү манай Хан хөхий шиг сайхан байгаль бас байдаг юм шүү” гэнэ. Би хаана тийм байгаль байгааг асууна. Тэгэхээр аав, “Хөвсгөл гэж газар байна. Миний хүү Сантын нуруун дээрээс Хөвсгөлийг нэг хараарай” гэж билээ. Аавынхаа энэ үгийг их боддог байлаа. Сантын нуруунаас Хөвсгөлийг энэ л үгийг бодсоор харсан. Аав минь намайг Ханхөхий нуруугаар дагуулаад нэлээд явна. Таванцонж, Оройнцонж, Гэрцонж гээд Ханхөхий нуруугаар, ойгоор явна. Шөнө ойд хоёулхнаа хоноход аав надад үлгэр ярьж өгдөг. Оюутан байхдаа энэ тухай шүлэг бас бичиж байлаа. Аав маань хээр хонох их дуртай хүн байсан. Нутгаа их сайхан биширнэ. Аав маань Дорнот аймагт цэргийн алба хаасан, өөр ч зөндөө газраар явсан. Гэхдээ яагаад ч юм Ханхөхийтэй жишиж бусад газрыг ярина. Манай “Ханхөхийн өвстэй харьцуулахад...” гэдэг байсан. Магадгүй байгальд дуртай энэ чанар маань аавтай холбоотой байж магадгүй. Ээж маань бол үнэхээр бурхан шиг бодь сайхан хүн л дээ. Найман хүүхдээ өсгөөд сууж байдаг. Ер нь манай нутаг миний өссөн Хөнхөхийн ой хөвч уулархаг газар шүү дээ. Одоо ингээд хөгширч байгаа чюм уу нутагтаа очихоор, “Ер нь ямар давтагдашгүй сайхан газар төрсөн юм бэ. Ийм газар төрсөн хүн гайгүй явах учиртай даа” гэж ингэж бодогддог.

-Таны нэг дурсамж яриаг уншиж байсан. Монгол хүн сансарт ниссэн тухай мэдээг өвгөчүүлийн ярианаас сонсоод уйлж байлаа гэж. Тэр баяр бахдлын нулимс байсан уу? 

Тэгэлгүй яахав. Өмнө хэлснээр их л мөрөөдөмтгий хүүхэд байж. Олон юм сонирхдог, ийм болоосой, тийм болоосой гэж ургуулан бодно. Янз бүрийн өнгө, зурагтай сэтгүүл, ном уншаад л мөрөөдөлл автамтгай тийм л хүүхэд байхгүй юу. Нэг өглөө, тэр нь 1981 оны 3 сарын 22-ны өглөө байсан биз. Тэр үед чинь би тав,зургадугаар ангийн хүүхэд. Сумын төвөөр гүйгээд явж байтал байшингуудын гадна талд том том зурагнууд наачихсан, маш өнгөлөг харагдав. Тухайн үед тийм өнгөлөг, тод хэвлэлтэй зураг ЗХУ-ын сэтгүүлээс өөрөөр бол байдаггүй байлаа шүү дээ. Ингээд харсан чинь Монголын далбаатай, хажууд нь нэг орос хүн бас Зөвлөлтийн зурагтай, монгол хүн сансарт ч билүү биччихсэн. Тэгээд сумын Улаанбулан, захиргааны хажууд өвгөчүүл суучихсан нэг их баяр дүүрэн, сэтгэл хангалуун хүмүүс сууж байна. Томчуудын яриаг сонсож болдоггүй үе шүү дээ. Тэгсэн ч гэсэн чихээ тавиад хэрэгт дурлаад сонстол “Монгол хүн сансарт ниссэн байна”, “Шөнө радиогоор ингэж ярилаа” гэж байна. Их тод санадаг юм юу гэхээр би тэр яриаг сонсоод газар зураад сууж байснаа өөрийн эрхгүй нулимс урсаад, сургууль руугаа гүйгээд хэн нэгэнд хэлэх гэсэн найзууд байдаггүй. Тийм л юм болж байж. Монгол хүн сансарт ниссэн тухай мэдээр бүр тэр алс нутгийн сумын сургуулийн хязгаарт оччихсон, сурагч хүүхэд сонсоод яаж байжээ. Монголд ингэж ард түмнээрээ давлгаалан баярлаж байсан үе ер нь хэдхэн байдаг. 

-Сансарт ниссэн үйл явдал бол түүхэнд томоор бичих үйл явдал байх. Түүнээс хойш таны сэтгэлд үлдсэн үйл явдал юу вэ?

Зүгээр нэг чухал үйл явдал гэхэд багадна. Энэ бол гайхамшигтай үйл явдал байсан. Яагаад гэвэл бүхэл бүтэн ард түмэн уйлах нь уйлж, инээх нь инээж байсан сэтгэлийн тийм давалгаа болж байгаа юм. Тэр цагаас хойш бол 90 оны үйл явдал байна. “Ардчилсан хувьсгал гараад, Монгол ийм чөлөөт орон болох гэж байна, бүгд гадаадад зорчдог болно, гадны гудамжаар дүүрэн байдаг машин удахгүй манайд ч байдаг болно, бүх дэлгүүр бараагаар дүүрэн, дэлхийн гоё сайхныг хэрэглэдэг болно” гээд л. Бас “Монгол Улс ардчилсан сонгууль явуулж, дундаасаа хүссэнээ сонгодог болно” гэхэд маш гоё сонсогдоно. Тэгээд тэр эхэн үеийн жагсаал, өлсгөлөнгийн дараа олон хүн уйлж байсан, тэр бол үнэн. Олон ч хүн “За ёстой нэг гоё юм болох нь, одоо л Монгол хөгжих нь” гэдэг найдлага тэр үед байсан. Энэ бол нэг үйл явдал. Өөр нэг үйл явдал бол манай Н.Түвшинбаяр алтан медаль авсныг хэлнэ. Тэгэхээр ард түмэнд бүгдийг нь давалгаалуулах хүлээлт хүсэл ямар ч гэсэн байдаг байх нь ээ. 1911 онд “Богд хаант улс мандаж, манжийн дарлалаас гарлаа” гэхэд хөдөө хотгүй баярлаж байсан гэдэг. Дараа нь 1944 онд Хятадаас тусгаар байна гэдэг санал асуулга явуулах үйл явдал. Энэ мэт баярт үйл явдлууд үе үе ард түмэнд ирдэг юм байна. Улс орон оршиж байгаа болохоор одоо цаашаа ч олон ирэх байх. 

-Нэлээд удаан ярилцлаа. Энд хүрээд ярилцлагаа өндөрлөе. Таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье.

Баярлалаа. “Болзоо” гэдэг нэвтрүүлэгт орж үзлээ. Танай нэвтрүүлгийнхэнд амжилт хүсье. Төгсгөлд нь настай хүн шиг сургааль айлдмааргүй байна, би чинь одоо идэр насны хүн шүү дээ. Ер нь бол энэ залуучуудыгаа, хойч үеээ эх орон газар нутаг, соёл түүхээ ойлгодог суурьтай болгож өсгөхгүй бол байдаг л нэг улс болчих гээд байна. Монгол чинь байдаг л нэг улс биш шүү дээ. Өөрийн түүх, баялаг соёлтой, үүгээрээ ялгардаг улс. Гэтэл одоо Европоор явахад улс гээд байдаг мөртлөө байдаг л нэг улсууд байна. Хэл нь байхгүй, онцлог соёлын хэлбэрүүд нь байхгүй. Ийм нэг байдаг л улс болчих гээд байна уу л гэж боддог. Хүмүүсийг багаас нь үүнд бэлдэхгүй бол зүгээр нэг эрх ашгаар нийгэмтэй харьцдаг болох гээд байна. Бид эрх ашгаар биш сэтгэлээрээ харьцдаг хүмүүс байх ёстой. 


Нэвтрүүлэг бүрэн эхээрээ: