Цахилгааны хөнгөлөлт ба Нүүрсэн галлагаа

Нийтлэл / Өглөөний сонин
2018 оны 01 сарын 16

- Үнэндээ бол цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн, хөнгөлсөн гэлээ ч амьдрал дээр цахилгаан халаагуурын зардал тэгтлээ хөнгөн тусаад байгаа зүйл алга гэдгийг хэрэглэгчид ярьж байна- 

УИХ-ын болон Засгийн газрын гишүүд утааны голомт болох гэр хорооллуудын нөхцөл байдалтай танилцлаа гэх мэдээ шүүмжлэл дагуулдаг. Үнэн хэрэгтээ гэр хороолол бидний олонхийн төсөөлж байгаагаас ч илүү “давагдашгүй хүчин зүйл” болжээ. Дөрвөн ууланд хашигдсан Хүн чулууны хонхор гэх газарзүйн онцлог маань гэр хороолол хүрээгээ тэлэхэд огтхон ч саад болоогүйг зав зай гарган явж үзэж байж л ойлгохоор. Нэг үгээр бол дөрвөн ууландаа хашигдахгүйгээр гэр хорооллоор тэлжээ. Дөрвөн зүг, найман зовхист уул, толгой, жалга хонхор үл харгалзан айлууд суурьшсан байна. Тэнд хашаатай, хашаагүй гэрүүд, сайн муу байшингууд. Бүгд нүүрсэн галлагаатай. 
Улаанбаатар хотын утааг үгүй болгохын тулд тэр бүх гэр, байшин, яндангуудыг байхгүй болгох ёстой. Зорилго нь тодорхой боловч харин яаж гэдэг шийдэл нь төр засгийн мэргэн ухаанаас давж гараад удаж байна. 

Өнөөдөр яригдаж байгаа шийдлүүд болох утаагүй зуух, цахилгаан халаагуур тараах, цаашлаад орон сууцжуулах гэх зэрэг гарын таван хуруунд багтах хэдэн шийдэл яагаад ч гэр хорооллыг гэр, байшин бүрт хүрэх бололцоогүй гэдгийг гэр хорооллоор бүрэн явж үзсэний дараа л ойлгох болов уу?

Нүүрсэн галлагаагаар дулаанаа хангадаг гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах нь бүтдэг бол жинхэнэ сайхан шийдэл. Гэвч сэрэхгүй бол сайхан зүүд гэдэг шиг мөддөө бүтэхгүй. Иймд өнөөхөндөө нэг хэсэгт нь зуух тараана гэдгээ Байгаль, аялал жуулчлалын сайд нуусангүй. Ер нь үнэнээ хэлээд явчих нь худлаа амласнаас дээр болохыг улстөрчид ойлгож эхэлж байна. Нэг хэсэгтээ түлшээ, түлшээ ч юу байхав, нүүрсийг арай гүйцэд боловсруулдаг зуухыг боломжоо дуустал тараахаас өөр аргагүй. 
Нүүрс түлэхээс арай дээхнүүр бололцоотой хэсэг нь цахилгаан халаагуур тавих хэрэгтэй. Тэдэнд зориулаад цахилгааны тарифийг нь хөнгөлнө. Бас л байж болох шийдэл боловч нийт гэр хорооллын хэдэн хувийг хамрах шийдэл вэ гэдэг нь тодорхойгүй. 

Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн юм чинь шөнө нүүрс битгий түлээч ээ гэж УИХ-ын гишүүдийн зарим нь уриалж байна. Гэхдээ уриалаад ч урагш явдаггүй зүйл гэж бий. Үнэндээ бол цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн, хөнгөлсөн гэлээ ч амьдрал дээр цахилгаан халаагуурын зардал тэгтлээ хөнгөн тусаад байгаа зүйл алга гэдгийг хэрэглэгчид ярьж байна. 

Гэр хорооллынхны цахилгааны хөнгөлөлт гэх арга хэмжээ яг газар дээрээ юу болохыг хэрэглэгчийн амнаас сонсч үзье. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн У-гийнх 64 ам метр талбай бүхий блокоор барьж, тоосгоор битүү өнгөлсөн, суурь болон дулаалга сайтай өвлийн байшинд ам бүл тавуулаа. Бага насны хоёр хүүхэдтэй, сургуулийн насны нэг хүүхэдтэй. Нялх, нярай хүүхэдтэй айл учраас өдөр, шөнөгүй цахилгаан халаагуураа ажиллуулж байна. Өдөр, шөнийн цахилгааны ялгах тоолууртай. Засгийн газрын шийдвэрлэсний дагуу сард нэг өрхийн 700 кВТ хэрэглээг тэглэсэн. Энэ нь цахилгаан халуугаартай айлын 3-4 өдрийн л хэрэглээнд хүрэлцэж байна. Ердийн тень гэх халаагуур залгавал хоёр өдрийн л хэрэглээнд зарцуулагдана. Үүнээс цаашхи 26-27 хоногийн цахилгааны хэрэглээ нь 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах учиртай. Тэглэсэн гэх 700 квт цахилгаанаа зарцуулаад дууссанаас хойшхийг 50% хөнгөлж байгаа гэх ч хөнгөлөөгүй байх үеийнхтэй яг адилхан үнэ гарч байна гэж иргэн У учирлалаа. Тэднийх 64 м.кв талбай бүхий байшингаа цахилгаан халаагуураар халаахад сард 350.000 төгрөгийн цахилгаан хэрэглэж байгаагаас хөнгөлөлт бодогдоод бодогдоод сард 280000 төгрөгийн төлбөр төлөх болж байна. Цахилгааны хөнгөлөлтгүй үед мөн л ийм төлбөр гарч байжээ. 

Мөн тэднийд хүрч байгаа цахилгааны чадал нь 220 вольтдоо хүрэхгүй, 190 вольт орчим байгааг хэмжүүлж тогтоожээ. Ер нь гэр хорооллын айл өрх болгон цахилгаан халаагуур хэрэглээд эхэлбэл эрчим хүч үйлдвэрлэгчид хүчин чадлыг нь гүйцэхгүй, цахилгааны хомсдол, доголдолд орох бололтой. Тэгээд ч өвөлдөө бүтэн портер нүүрс 180 мянгаар аваад гал залгуулчихаж чадахгүй, өдрийн орлогодоо тааруулаад шуудайгаар нь нүүрсээ зөөж байгаа гэр хорооллын олон зуун өрхөд цахилгаан халаагуур, цахилгааны хөнгөлөлт гэдэг зүйл бүтэхгүй мөрөөдөл гэдэг нь тодорхой бололтой. 

Тэгэхээр нийтлэлийн эхэнд дурдсанчлан улс төрийн бодлого, шийдвэр гаргагчид гэр хороололтой танилцлаа гэхэд битгий шоолоорой. Тэд бодит байдалтай танилцах тусмаа сайн. Сайд зуух тараачихлаа, Засгийн газар цахилгаан тэглэчихлээ гэх мэдээндээ өөрсдөө итгээд шийдэл олчихсон мэт назгайрахаа болиг л дээ. Бид харин зуух тарааж байгаа юм чинь утаа багасна, цахилгааныг нь хөнгөлчихсөн юм чинь нүүрс түлэхгүй гэдэг гэнэн итгэлээ одоо гээцгээе. Зуух тараагаад, цахилгаан хөнгөлөөд ч, орон сууц бариад ч гэр хорооллынхныг нүүрсэн галлагаанаас ч болиулж чадна гэдэг найдвар талаар болохыг жил ирэх тусам мэдэрч байна. Бодитой харагдаж, мэдрэгдэж байгаадаа л итгэцгээе. Илүү дээр шийдэл, илүү алсын хараатай бодлогыг төр засгаасаа нэхэж, түүнийх нь үр дүнг тууштай нэхэцгээх нь л тэмцэл юм даа.