П.Баярцэнгэл: Цагт баригдаж хоол хийхээр маш их эрч хүч ордог юм байна

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт “Улаан баг”-аас ахлах тогооч Б.Тэмүлүн туслах тогооч СТА, жүжигчин Н.Цолмонбаярын хамт “Хөх баг”-ийн ахлах тогооч Б.Ариунбилэг туслах тогооч П.Баярцэнгэл нартай өрсөлдлөө. 

Тэдний энэ удаагийн хийх хоол амтлаг сүмстэй нугасны шарсан мах (амтласан буурцаг, чихэрлэг луувантай) байв. 

Хоолны материалуудыг туслах тогооч нарт өгөх үед хоёр туслах “Нугас уу, галуу юу” хэмээн мэтгэлцэв.Тэдний хувьд мэргэжлийн гал тогоо бүү хэл гэрийнхээ гал тогоонд ч тэр бүр хоол хийдэггүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр ойлгомжтой, нугасны махаар хоол хийж байсан туршлага тэдэнд үгүй байлаа.

Ингээд хоолны бэлтгэл эхлэх үеэс л хоёр туслах “Гараа гараа болгоомжтой, хутга яасан болгоомжгүй барьж байна аа” гэсэн сануулга сонсов. Нугасны мах эвдэхэд жүжигчин Цоомоо нэлээд будилсан бол, дуучин Баярцэнгэл ахлах тогоочийнхоо үгээр тун төвөггүй нугасны махаа төхөөрөв.

Ингээд цаг давчуу үед нарийн хоол хийх ажилдаа орцгоолоо. Мэдээж шоу нэвтрүүлгийн нэгэн дүр учраас хөтлөгч А.Миеэгомбо үе үе хоёр туслах тогоочийн дэргэд очиж, асуулт асуун анхаарлыг нь сарниулна. Түүгээр зогсохгүй хоолны амтлагч асуусан Цоомоод ундаа уувал хэлнэ хэмээн болзол тавилаа.

Улмаар дуучин Баярцэнгэлийг дуулуулж, жүжигчин Цоомоо бүжиглэв. Үүний дараа хоёр ахлах, хоёр туслахад нийт цагийн тал нь үлджээ. Энэ хугацаанд багууд аль аль нь нугасаа шарж, “Хөх баг”-ийнхан ногоогоо бэлтгэж амжсан бол, “Улаан баг” аньсны соус бэлдэв. 

Гэхдээ туслах тогооч Баярцэнгэл тахиагаа түлжээ. Олон янзаар чанаж, шарж бэлтгэсэн тэдний нугас ялалтын амттай болж чадсан болов уу.

Ингээд юу юугүй хоолоо таваглах цаг боллоо. Ахлах тогооч нар яаруулж, хоёр туслах ч багахан сандарсан байх аа.

Таваглахдаа нугасны махаа хөндлөн хэрчих үү, босоогоор нь хэрчих үү, нимгэн үү, зузаан уу гэх мэтээр тун давчуу үлдсэн цагт таваглалт амжиж дууслаа. 

Аа тийм, жүжигчин Цоомоо туршилтын журмаар таваглахад соусаа хэтэрхий их зарцуулчихав. Ахлах тогооч нь тун ч ууртай байх шиг байсаан. “Өө ёстой хэцүү юм байна” гэж Цоомоо хөлсөө шувтрав. Эсрэг багийн тухайд таваглах маш чухал гэдгийг ахлахаасаа сонссон Баярцэнгэл сүүлийн мөчид нэлээд сандрав бололтой. 

Гэхдээ нэвтрүүлгийн төгсгөлд тэр “Цагт баригдаж хоол хийхэд маш их эрч хүч ордог юм байна” гэж хэлсэн юм. 

Жүжигчин Цоомоо ч бас “Дадлага хийчихвэл болохоор байна” гэсэн магтаалын үг ахлахаасаа сонслоо.

Ингээд шийдвэрлэх мөч боллоо. Шүүгч тогооч П.Ганбат танхимд орж ирэв. Хуульч мэргэжилтэй тэрбээр АНУ-д олон жил ажиллаж амьдрахдаа хоол хийх урлагт суралцсан нэгэн. Одоо  түүнийг “Блью Фин” сүлжээ рестораны эзэн, ахлах тогооч гэдгээр нь андахгүй.

Энэ удаагийн нэвтрүүлгийн ялагчаар  “Хөх баг”-ийн ахлах тогооч Б.Ариунбилэг туслах тогооч П.Баярцэнгэл нар тодорлоо.

Харин “Улаан баг”-ийн тогооч Б.Тэмүлүний шийтгэл хүлээхээр болов. Түүний шийтгэл дунд сургуулийн гадаа зам дээр Эргүүлд гарах. Өвлийн ид хүйтэнд гадаа зогсох шийтгэл мэдээж хялбар байхгүй нь лавтай. Харин түүний туслах тогооч жүжигчин Н.Цолмонбаяр шийтгэлийн хагас өдрийн хугацаанд хэд хэдэн удаа ирж ахлах тогоочдоо халуун кофе авчирч өгсөн юм. 

Нэвтрүүлэг бүрэн эхээрээ: