АТГ-ын даргын ганхаж буй суудлыг түших үү, түлхэх үү?

Нийтлэл / Өглөөний сонин
2018 оны 04 сарын 30

Image result for АТГ

-АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс авч буй санал асуулга маргааш 22:00 цагт дуусна. Ийн тав дахь Ерөнхийлөгч АТГ-ын тав дахь даргыг  УИХ-д санал болгох хугацаа ойртсоор-

Оюутолгой төсөл, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой том хэргийг шалгаж, Ерөнхий сайдын алба хашиж явсан хоёр ч эрхэм тэргүүтэй хүмүүсийг баривчлан шалгаж буй Авлигатай тэмцэх газрын даргын суудал “ганхаж” эхэлжээ. Ер нь АТГ-ын даргын суудлыг суусан эзэндээ халтай “өргөстэй сандал’’-тай зүйрлэж болмоор. Учир нь 2006 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын 96 дугаар тогтоолоор АТГ -ын даргаар томилогдсон Б.Дангаасүрэн жил гаруйхны дараа буюу 2007 оны аравдугаар сарын 25-нд Австралийн Сидней хотод учир битүүлгээр амиа алдсан байдаг.

Дараа нь Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, ЦЕГ-ын 803 дугаар ангийн захирагч бөгөөд Цагдан хорих төвийн дарга, Цагдаагийн академид гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгч, ЭЦГ-ын дэд дарга бөгөөд Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ЭЦГ-ын дэд дарга бөгөөд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргын албын хашиж явсан хашир туршлагатай Ч.Сангарагчаа 2007-2011 онд АТГ-ыг удирдсан.

Гэвч Эрүүгийн хуулийн Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн түүнд анхан шатны шүүхээс 2.4 жилийн ял оноосон. Тэрбээр давж заалдсан ч Дээд шүүх түүний ялын хэмжээг хэвээр үлдээсэн байдаг. АТГ-ын түүхэн тус газрын даргын албыг хамгийн удаан хашсан эрхэм бол Н.Ганболд. Тэрбээр 2011-2016 ажилласан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй УИХ-ын сонгуулийн өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргад цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулах саналаа 2016 оны тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, томилох ёстой байсан ч томилоогүй.

Ийн хоёр сарын дараа буюу долоодугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын долоодугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар хурандаа Х.Энхжаргал томилогдсон. Ийнхүү зургаан жилийн хугацаатай томилогддог тус газар 12 жилийн хугацаанд дөрвөн даргын нүүр үзжээ. Тэднээс нэг ч бүрэн эрхийн хугацаагаа дуустал албаа хашаагүй.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 24-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм. Ингэснээр тухайн өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхэлсэн.

Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулна гэдгийг мэдэгдсэн юм.

Ингэхдээ санал асуулгад оролцогч “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх. АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн шаардлага хангасан хүнийг санал болгох ёстой.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргасан. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаарджээ.

Тус мэдэгдэлд,

Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй. 2007 онд үүсгэн байгуулагдсан Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын хуулийн дагуу улс орны хэмжээнд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгадаг. Гэвч тэр, засгийн удирдлагуудын зүгээс Авлигатай тэмцэх газрыг “Транспэрэнси Интернэшнл" байгууллагын ''Авлигын төсөөллийн индекс”-т бага оноо авсанд буруутган улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал ихсэж байна. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нь зургаан жилийн хугацаатай томилогддог. Одоогийн даргын бүрэн эрх 2022 онд дуусгавар болох ёстой” гэжээ.

Түүнчлэн “Транспэрэнси Иктернэшнл' байгууллагын дарга Делиа Ферреира Рубио “Монгол Улс тус индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж үзэж буйгаа уг мэдэгдэлд дурдсан байна.

АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс авч буй санал асуулга маргааш 22:00 цагт дуусна. Ийн тав дахь Ерөнхийлөгч АТГ-ын тав дахь даргыг УИХ-д санал болгох хугацаа ойртсоор. Харин АТГ-ын одоогийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх, Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг томилох эрх бүхий институт нь УИХ. Ийн АТГ-ын даргын ганхаж буй суудлыг түших, түлхэх үү гэдгийг парламентын гишүүд шийднэ.