Ц.Амгаланбаяр: Зэвсэгт хүчний эгнээнээс л генерал цолтон төрдөг гэх буруу ойлголт байдаг

Image result for Ц.Амгаланбаяр

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 74 жилийн ой энэ онд тохиож буй билээ. 1944.04.28-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр цэргийн дээд цол болох генерал цол олгож эхэлснээс хойш 181 генерал цолтон төрсөн бөгөөд өдгөө 96 нь энх тунх амьдарч байна. Жил бүрийн эл өдрийг “Монгол генералын өдөр” хэмээн онцолж, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд ээлжлэн хариуцаж зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил ШШГЕГ хариуцаж байгаа юм. Энэ хүрээнд ямар ажлууд зохион байгуулах талаар ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.АМГАЛАНБАЯРААС тодрууллаа.

Ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? 

-Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 74 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай, нэр хүндтэй үүрэг ШШГЕГ-т оногдсон. Эгнээнээсээ генерал цолтон төрүүлсэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр энэ өдрийг ээлжилж зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Мөн ноднин жил “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэж байх үеэр намайг хамгийн отгон генерал байсны хувьд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга байгаагийн хувьд давхардуулж энэ өндөр хариуцлагыг бидэнд оногдуулсан юм болов уу гэж бодож байна. 

Мэдээж үүнийг зохион байгуулна гэдэг ганц, хоёр өдрийн дотор хийчих хялбар ажил биш. Тиймээс бид үндсэндээ жилийн өмнөөс бэлтгэсэн. Яаж зохион байгуулах, генералуудаа хэрхэн сурталчлах, тэдний үйл хэрэг, алдар гавьяаг залуучуудад таниулах зэргээр багагүй ажлуудыг өрнүүлж байна. Манай байгууллагын бие бүрэлдэхүүний 60-70 хувь нь 30 хүртэлх насны залуус. Эдний маань ажиллах нөхцөл маш хүнд. Дандаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, нийгмээс тусгаарлагдсан хүмүүстэй ажилладаг. Мэдээж тэр хүмүүс дотор санамсар болгоомжгүйгээсээ үүдээд алдсан нь ч бий, санаатайгаар хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн танхай балмад этгээд ч бий. Ийм хүмүүстэй 24 цагийн турш ажилладаг хүмүүсийн хөдөлмөр хүнд байхаас аргагүй. Энэ ч үүднээс ажил дээрээ алдаа эндэгдэл гаргах, ажлаасаа няцаж шантрах асуудлууд гарна шүү дээ, хүний л ажил, амьдрал юм болохоор. Тиймээс бид “Монгол генералын өдөр”-ийн хүрээнд генералуудынхаа туулж өнгөрүүлсэн ажил, амьдралын замнал, алдар гавьяаг сурталчилж, эгэл жирийн байлдагч, хилчин, цагдаа, хянагч зэрэг албан тушаалтнуудад шантарч няцахгүй, ном журмынх нь дагуу зүтгэхэд амжилт ойрхон, эцэст нь генерал гэдэг энэ эрхэм хүндтэй цолонд хүрдэг юм шүү гэдгийг харуулах зорилготой ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар байгууллага дотроо зохион байгуулж байна. 

Үүнээс гадна “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэх тухай тушаал гаргаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 181 генерал цолтон байдгийн 96 нь энх тунх байна. Мэдээж энэ 96 хүнийг нэг бүрчлэн сурталчилж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс бид өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан ямар ч байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрөн гарсан генералуудаа олон нийтэд сурталчлах ажлууд хийж байна. Яагаад гэхээр олон нийтийн дунд зөвхөн Зэвсэгт хүчний эгнээнээс л генерал цолтон төрдөг, бусад газар генерал цолтон байдаггүй гэдэг буруу ташаа ойлголт байдаг. Энэ ойлголтыг залруулж, нийгэмд зөв ойлголт өгөх үүднээс энэ байгууллагаас төрөн гарсан генералуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж байгаа юм. Мөн “Монгол генерал төв” ТББ-тай хамтраад ахмад, дунд, залуу үеийн генералуудынхаа төлөөллийг оролцуулсан телевизийн хэд хэдэн нэвтрүүлгийг хийхээр төлөвлөсөн.

“Монгол генералын өдөр”-өөр ямар арга хэмжээнүүд өрнөх вэ? Генералууд маань энэ өдрийг догдлон хүлээдэг юм билээ... 

-Энэ жил гол арга хэмжээгээ дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулна. Сүхбаатарын талбайд генералууд маань гэр бүлийнхээ хамтаар цуглаж, өөр хоорондоо халуун дотноор уулзалдаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг. Ер нь бие биетэйгээ байнга уулзаад байх боломж тэр бүр санасных нь хэрээр олддоггүй. Тийм болохоор жилд нэг тохиодог баярын өдрийг нь генералуудынхаа сэтгэлд хүртэл сайхан зохион байгуулчих юмсан гэж хичээж байна. Мэдээж уламжлал ёсоор Их жанжин Сүхбаатарын болон Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн төрийн өндөрлөгүүд генералуудаа хүлээн авч уулзан, төр засгаас барьж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулж, генералууд ч бас өөрсдийнхөө бодол санааг хэлж ярилцах арга хэмжээг зохион байгуулна.

Таны хувьд хэд дэх генерал вэ? Энэ эрхэм цолны үнэ цэнэ чухам юунд оршдог гэж та боддог вэ? 

-Би Монгол Улсын 177 дахь генерал. Аравдугаар ангиа төгсөөд л тухайн үеийн Хилийн ба Дотоодын цэргийн 0195 дугаар ангид цэрэгт очсон тэр цагаас эхлээд 40 жил алба хааж байж генерал гэдэг эрхэм цолыг хүртсэн, энэ эрхэм хүндтэй цолыг хүртэх хувь заяатайдаа баярладаг юм. Мөн миний дараа Зэвсэгт хүчнээс дөрвөн генерал цолтон төрсөнд баярлаж, өөрийгөө булган сүүлтэй генерал гэж боддог шүү. Мэдээж хүссэн хүн бүрт хялбархан олддог цол биш, тиймдээ ч ямар үнэ цэнэтэй цол болох нь ойлгогдоно. Хамгийн гол нь цолондоо эзэн байхыг хичээдэг дээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэчнээн генерал төрсөн байдаг юм бэ? 

-Дөрвөн генерал төрөн гарсан. Ажиллаж байсан гэвэл таван генерал бий. Одоо гурван генерал амьд сэрүүн байна. 

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны тухайд та юу хэлэх вэ? 

-Сүүлийн үед манай байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа нэлээд ахиц дэвшилттэй байгаа. Үүнийгээ улам л хөгжүүлж, илүү өргөн цар хүрээнд хамтран ажиллах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тактикийн аварга шалгаруулах тэмцээн, команд штабын хээрийн сургууль, дадлагууд, зарим төрлийн хамтарсан сургалтууд гээд чамлахааргүй арга хэмжээнд идэвхтэй оролцож, дадлага туршлага солилцон хамтран ажиллаж байна. Ингэх ч ёстой. Эдгээр байгууллага зайлшгүй хамтын ажиллагаатай байж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хангагдана шүү дээ. Энэ талаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, бие бүрэлдэхүүн бүхэлдээ идэвх санаачилгатай байх ёстой. Ямар нэгэн байгууллагын хувийн амбиц байх ёсгүй гэж боддог. 

Энэ дашрамд “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан нийт генералууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Д.МЭНДБАЯР