Ким Жон Уны хэлсэн үг

North Korean leader Kim Jong Un, left, and South Korean President Moon Jae-in walk together after he crossed into the southern side of the DMZ.

Өнөөдөр хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт болов. Түүн дээр Умардын удирдагч Ким Жон Уны хэлсэн ердөө гуравхан өгүүлбэр дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ороод байна. Тэдгээрийг жагсаавал:

01. Өнгөрсөн арван нэгэн жилийн хугацаанд маш хайран цагийг алдаж дээ хэмээн харуусах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.

02. Гэхдээ бид нар стратегийн шинэ өндөрлөгөөс хамтын ажиллагаа эхлүүлэхэд юу нь хожимдох вэ.

03. Өнөөдрийн уулзалт хэлэлцээр хамгийн бодит үр дүнг авчирч шинэ хөгжил дэвшлийн үндэс суурийг тавих учиртай юм.

Дээрх өгүүлбэрийг синхрон орчуулгын тусламжтайгаар сонсож ойлгосон болохоор ерөнхий санааг бичлээ.

Ер нь түүний сэтгэлийн мухарт нь хятад маягийн хоёр тогтолцоо нэг улс загварын дор улс үндэстнээ нэгтгэх алсын хүсэл байсан мэт санагдах болов. Түүний өнгөрсөн онд атом, ус төрөгчийн бөмбөг болон тив алгасах пуужинг ойр ойрхон хөөргөөд байхаар нь дайны хэнээтэн биш биз дээ гэсэн бодол хэн хүний сэтгэлд байсан байх аа. Гэтэл тэгж ширүүн дориун аашилж байгаад гэнэт ийм зангаргатай атлаа аядуу намжуухан болсчихсоныг азийн улс орнуудад "Өрсөлдөгчөө маш ширүүн цуппаридаж байгаад шилдээд татчихсантай" зүйрлэж болохуйц дипломатын арга хэрэгсэл хэмээн үнэлж байна.

Атом цөмийн зэвсэг, тив алгасах пуужинтай технологийн асар их нөөц бүхий наян сая үндэстэнтэй нэгдмэл улс зүүн хойд Азид бүрэлдэн тогтоохыг Хятад, Орос улсууд тэгтэл таашаахгүй. Япончууд бүр ч жийрхэн жихүүрхэх нь аргагүй. Тэр тусмаа энэ хүчирхэг үндэстэнг салангид байлгах сонирхол Америкуудад бүр ч их байдаг гэвэл манайхан тэр бүр мэдэхгүй байх л даа.

Хятадууд дарга нараа бэлтгэх тусгай сургуультай бөгөөд тэндээ хэл ярианы чадварын хичээлийг онцгой сайн заадаг шиг санагддаг. Захын дунд тушаалын албан хаагч бүгд л час хийсэн цэгцтэй хэдэн үг хэлчихнэ шүү. Түүн лүгээ адил Солонгосчууд ч тэр тал дээр айхтар юм аа. Харин манай дарга нарын дунд логик муутай, ус ихтэй урт өгүүлбэрүүд урсгахыгаа хэл ярианы чадвар хэмээн ойлгосон хүмүүс цөөнгүй байх шиг байдаг нь орчуулагч хүний хувьд айхтар анзаарагддаг л даа.

Нэвтрүүлэгч үзэж суухад ийм бодол төрж байсныг давхар хавчуулав.