Шунхлай Группийн 7 компани ТОП 100 ААН-ээр шалгарлаа

Эдийн засаг / Time Admin
2018 оны 05 сарын 01

Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП 100 ААН-ийг Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр өргөмжлөн шалгаруулдаг уламжлалтай. Ингэхдээ улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, үндсэн хөрөнгийн хэмжээ зэрэг голлох үзүүлэлтэд тулгуурлан, албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг.

2017 оны шалгаруулалтаар Шунхлай группийн 7 компани ТОП 100 ААН-д шалгарснаар групп компаниудын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдэж, 25 жилийн ойгоо амжилт дүүрэн угтаж байна.

Анх 1993 онд бизнесийн гараагаа эхэлж байсан Шунхлай Групп нь өнөөдрийн байдлаар бизнесийн 5 чиглэлд 20 орчим охин болон хараат компанид 3800 орчим ажилтан ажиллагсадтай Монголын тэргүүлэх групп компанийн нэг болтлоо өргөжин тэлжээ. 2016 онд Шунхлай группийн 4 компани шилдэг 100-д шалгарч байсан бол 2017 онд АПУ, АПУ трейдинг, Шунхлай, Спирт бал бурам, Скайтел, СББ трейд, Шунхлай трейдинг гэсэн 7 компани ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан байна.

Шунхлай групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж ирсэн.

Шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлт болох татвар, шимтгэлийн дүнгээс харвал, Шунхлай Группийн ТОП 100-д шалгарсан компаниуд нэгдсэн дүнгээр 2017 онд 251 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт хуримтлуулсан байна.

Түүнчлэн, ажлын байрны тогтвортой байдлыг хангах бодлого баримталж, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж байна. Ажил олгогчийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээр анхаарч, ажилчдын халамж тэтгэмжид 530 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламж, 6.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт урамшууллыг ажилчиддаа олгосон байна.

2017 онд Шунхлай группийн хувьд томоохон үйл явдал болсон нь 90 гаруй жилийн түүхтэй АПУ компанийн түүхэнд шинэ хуудас нээж, ХАЙНЕКЕН болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэсэн билээ. Ингэснээр дотоодын төдийгүй гадаад зах зээлд үндсэний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гаргах томоохон боломж нээгдсэн юм.

Мөн Шунхлай Группын ууган компани болох Шунхлай компанийн 25 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлог байна.

 

ТОП 100-Д ЭЗЭЛСЭН БАЙР

Компани

Нэгдсэн дүнгээр

Нийт татвар

Борлуулалтын орлого

Ажиллагсдын тоо

Ашгийн хэмжээ

Хөрөнгийн хэмжээ

АПУ ХК

12

4

27

28

17

10

АПУ Трейдинг ХХК

34

84

16

43

91

78

Шунхлай ХХК

37

17

32

81

57

90

Спирт бал бурам ХХК

43

12

71

68

42

53

Скайтел ХХК

57

72

84

26

79

35

СББ трейд ХХК

60

67

41

80

38

72

Шунхлай трейдинг ХХК

66

95

43

65

85

51