Г.Баярмаа: “Ослыг тэглэх алсын хараа” гэдэг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага

Ярилцлага / Time Admin
2018 оны 05 сарын 01

МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болон сүүлийн үед яригдаж буй Vision Zero хөдөлгөөний талаар ярилцлаа.

Сайн байна уу? Энэ дөрөвдүгээр сард  улс орон даяар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сарын аян явагдсан. Сарын аяны уриа бас ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байгаа. Яагаад өнөөдөр залуучуудын оролцоог онцолж байна вэ?

За баярлалаа. Юуны түрүүнд энэ чухал асуудлыг хөндөн ярилцлага хийж байгаад талархлаа илэрхийлье. Өнөөдөр зөвхөн манай улсын хувьд төдийгүй дэлхий нийтээр 2030 он хүртэл “Тогтвортой хөгжил”-ийн 17 зорилгыг дэвшүүлж улс орны засгийн газруудаас хөтөлбөрөө боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн 8 дахь зорилго буюу Зохистой хөдөлмөрийн тэргүүлэх чиглэлийн нэг нь хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх асуудал байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн  асуудал хүн бүрт өөрт нь хамаатай.Ялангуяа  манай улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байна. Залуучуудад  ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд тавигддаг стандарт, нөлөөлөх хүчин зүйлс, ажлын байрны эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь ХАБЭА-н соёл хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо шаардлагатай байна.

Нөгөө талаас судалгааны тоо баримтаас харахад 18-35 насны залуучууд бусад насны хүмүүстэй харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртөх, эрсдэл гаргах байдал арай өндөр ч байдаг.

Та ослыг тэглэх олон улсын хөдөлгөөний талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?

“Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” гэдэг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага, арга зам бөгөөд хөдөлмөрийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал (Safety), Хөдөлмөрийн эрүүл мэнд (Health), Хөдөлмөрийн таатай байдал (Wellbeing) гэсэн гурван чиглэлийг нэгтгэж багтаасан ойлголт юм. Олон Улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн боловсруулсан “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хэмээх энэхүү үзэл баримтлал, стратеги нь уян хатан бөгөөд түүнийг аль ч салбарын онцлогт нийцүүлэн тохируулан хэрэглэж болдог.

“Vision Zero” хөдөлгөөн анх Шведед үүссэн. Тус хөдөлгөөний суурь зарчмууд болох “долоон алтан дүрэм”-тэй. Герман улс уг хөдөлгөөнийг уул уурхайн салбартаа нэвтрүүлж хэрэгжүүлсэн байдаг. Улмаар 2014 онд Германы Франкфурт хотноо ХАБЭА-н асуудлаар зохион байгуулагдсан Олон улсын Их хуралд оролцогчид “Vision Zero” хөдөлгөөнд нэгдэх, бүх салбарт нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах үндсэн эрмэлзэл мөн гэдэгт санал нэгдсэн. 2017 оны байдлаар 90 гаруй улс орон, 640 орчим компани уг хөдөлгөөнд нэгдсэн байдаг.
 

Та сургуулийнхаа талаар болон ХАБЭА-н мэргэжилтнээр  хэдэн оноос эхэлж бэлтгэж байгаа талаар ярина уу?

Эхлээд сургуулийнхаа талаар товчхон ярья. Манай сургууль бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх сургууль юм. Статусын хувьд улсын биш, хувийн биш. Олон нийтийн өмчийн, ашгийн бус байгууллага гэж ойлгож болно. МҮЭ-ийн холбооны санаачилгаар одоогоос 25 жилийн өмнө 1993 онд байгуулагдсан. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд дөнгөж шилжиж байсан үе. Монгол улсад нийгмийн түншлэлийг хөгжүүлэх цаг үеийн эрэлт хэрэгцээ ч шинээр тавигдсан. Ажиллагчдын эрх ашгийг хамгаалах энэ байгууллагын ирээдүйн боловсон хүчнийг монгол улсдаа бэлтгэх, мөн үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн харилцааны өргөн хүрээний мэдлэгтэй хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтнийг бэлтгэх эхлэлийг тавьсан тухайн үеийн МҮЭХ-ны удирдлага, тэргүүлэгч гишүүд, мөн сургуулийнхаа захирлуудад  манай хамт олон, төгсөгчид, оюутгууд  байнга талархаж явдаг. 

Та сая Монголдоо бэлтгэж эхэлсэн гэж ярилаа. Тодруулахгүй юу?

1993 оноос өмнө үйлдвэрчний эвлэлийн ажилтан, идэвхтэн сонгуульнуудыг мөн хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр ихэвчлэн ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Германы үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний сургууль, Санктпетербургт бэлтгэж байсан. Өнөөдөр улс орон бүрт хөдөлмөрийн харилцааны чиглэлийн их, дээд сургуулиуд, мөн энэ чиглэлийн судалгааны байгууллагууд байдаг гэж хэлэхэд буруудахгүй байх. Манай сургууль ОХУ-ын Бүх Оросын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, БНХАУ-ын Хөдөлмөрийн харилцааны их сургууль, Өвөр монголын Ажилчны эвлэлийн Кадрын сургууль, Беларус, Вьетнамын Хөдөлмөрийн харилцааны их сургуулиудтай хамтын ажиллагаатай. Мөн Солонгосын хөдөлмөрийн сангийн дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ассоциацитай хамтран “Аж жаргалтай хөдөлмөрийн боловсрол”-ыг , тодруулбал ХАБЭА-н мэргэжилтнийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа. Их гүрнүүдээс суралцах зүйл их байна. Мөн цагаач ажиллагчдын ХАБЭА-н сургалт эрхлэх, заавар зөвлөгөө өгөхдөө БНСУ их туршлагатай байна. Манай монголчууд ч олноороо ажиллаж байна.

2015 оноос бэлтгэгдэж байгаа манай сургуулийн ХАБЭА-н хөтөлбөрийн оюутнууд мэргэжлийн өндөр чадвартай, өргөн хүрээний мэдлэгтэй боловсон хүчин байж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Яагаад гэвэл, бид онол-практикийг хослуулсан байдлаар сургалт явуулж байна. Оюутанд хэрэгтэй сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмж, сургалтын гарын авлага, үндэсний болон олон улсын стандартуудыг бүрдүүлсэн, мөн сар, улирал тутам ХАБЭА-н удирдлагын тогтолцоогоор туршлагатай эх орны томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд богино хугацааны дадлага хийлгэдэг. Саяхан гуравдугаар сарын  29, 30-ны өдрүүдэд Эрдэнэт, Оюу толгой, МОШПА буюу Монголын мэргэшсэн ХАБЭА-н холбооноос хамтран зохион байгуулсан “ Нэн түрүүнд ХАБ-2018” улсын хэмжээний 8 дахь форумд 80 гаруй багш, оюутнуудаа хамруулж Эрдэнэт үйлдвэртэй танилцууллаа. 4 дүгээо сард “Говь” ХК-ийн ХАБЭА-н соёлтой танилцуулах ээлжит аялалаа хийсэн. Эдгээр үйлдвэрийн газраар аялж танилцах дадлага хийж байхдаа манай багш, оюутнуудын зүгээс дээр яригдсан “Ослыг тэглэх хөдөлгөөн”-д  бүгдээрээ нэгдэж цаашид 7 алтан дүрмийг түгээх, сурталчлах, улам гүнзгийрүүлж Шведийн туршлагыг судалцгаая гэдэг нэгдсэн зорилготой болсон.

Ер нь танай сургуулийн сурталчилгаа харьцангуй бага хийгддэг юм шиг санагдаж байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

Аливаа байгууллагын үйл ажиллагааны үр дүн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар танигддаг. Манай сургуулийн төгсөгчид бол бидний бахархал. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр энэ сургуулийг төгссөн төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байртай. Өөрөөр хэлбэл дипломтой ажилгүйчүүд биш. Манай төгсөгчид өнөөдөр Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил огогч эздийн нэгдсэн холбоо, цаашлаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллага, Татварын, даатгалын байгууллагуудад мэргэжилтнүүдээс эхлээд удирдах ажил хийж байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нарыг бэлтгээд байгаа биз. Ажил эрхлэлтийг судлаад үзэхээр нэг байгууллагадаа харьцангуй тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа тал ажиглагдсан. Мөн олон олон компанийн захирлууд, удирдах ажилтнууд, хүний нөөцийн мэргэжилтгүүд, мэргэшсэн нягтлангууд төрсөн байна.

Гэхдээ таны хэлснээр бид бас үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлэх тал дээр анхаарья. (инээв) Ер нь бол манайд хүүхдээ сургая гэсэн эцэг эхчүүд, багш нар, за тэгээд үйлдвэрчний ажилтнууд их ханддаг даа. 

Сургалтын чанараас гадна ажил олгогчдын тавьж буй шаардлагад танай төгсөгчид их нийцэж байна гэсэн үг үү?

Өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч, ажилтан хоёр бие биеэ олохгүй байгаагийн олон шалтгаан бий л дээ. Зөвхөн сайн үнэлгээтэй суралцсанаас гадна төгсөгчид практик мэдлэг сайтай байх шаардлагатай. Мөн ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагатай, өөдрөг үзэлтэй, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй, хөрвөх чадвартай нэг үгээр хэлэхэд хувь хүний хөгжил сайн залуучуудыг бэлтгэх нь боловсролын байгууллагын нэг үндсэн чиглэл гэж боддог. ЕБС сургууль төгссөн үе, мэргэжилтэн болж хөдөлмөрийн зах зээл дээр гарах үе хоёрын ялгаа их тод харагддаг.

Цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.