Их гүрний улбаа

Image result for hungary

Сая Хятадын төв телевизээр Унгар орны тухай сонирхолтой нэвтрүүлэг үзлээ. Ер нь дээхэн “Социалист хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд” хэмээх нэгэн дээвэр дор хамт амьдарч байсан болохоор миний л хувьд “Чех, Унгар, Болгар, Польш нөхөд маань ямаршуухан амь зууж байдаг бол?” гэсэн бодол хааяа боловч төрдөг юм. Уржнан жил Чех, Зүүн Германы нутгаар дайран өнгөрөхдөө тэндхийн амьдрал байр байдлын талаар там тумхан боловч ойлголттой болсон. Чех улсын тухайд Австро-Унгарын эзэнт гүрний аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 75 хувийг үйлдвэрлэж байсан. Өнөө хэр дэлхийн хорин тавдахь хүчирхэг эдийн засагтай орны тоонд ордог юм байна лээ. 

Энэ удаагийн нэвтрүүлгээр Унгарын тухай цоо шинэ ойлголттой болов. 10 гаруйхан сая хүн амтай Төв европын энэ жижиг орон улсыг засаж ардыг амаржуулах тал дээр өөрийн гэсэн тун чамбай бодлоготой байдаг ажээ. Юуны өмнө компьютерийн хэл, атом, устөрөгчийн бөмбөг, мэдээллийн эдийн засгийн ухагдхуун, С витамин зэрэг бидний сайн мэдэх алдартай нээлтүүдийг хийсэн 14 Нобелийн шагналтан Унгараас төрөн гарсан байдаг юм байна шүү. 

1974 онд барилга архитектурын сургуулийг дөнгөж төгсөөд байсан залуу эр Рубик өөрийн нэрээр нэрлэсэн “Рубикийн шоог” нээж үйлддвэрлэлд нэвтрүүлээд тэр нь дэлхий даяар хэрхин түгэн дэлгэрснийг бид мэднэ. Ганц үүгээр зогсохгүй тосон бал, шүдэнз, трансформатор, зурагтын дэлгэц, С витамин гээд Унгар хүний нэртэй холбоо бүхий нээлт бүтээлүүд урт жагсаалт үүсгэдэг аж. 

10 гаруй сая хүн амтай энэ жижиг улс жилдээ 40 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг гэх шиг болсон шүү. Би арай буруу дуулаагүй байлтай. Дэлхийн эдийн засгийн орлогын 10 хувийг аялал жуулчлалтай холбоо бүхий бизнес оруулж байгаа нь улам бүр нэмэгдэх хандлагатай байна. 70 сая хүнтэй Тайланд улсын үндэсний орлогын 17 хувийг зөвхөн аялал жуулчлалын салбар эзлэдэг. Эмират улсын тухайд аль 2002 онд аялал жуулчлалын орлого газрын тосноос олдог орлогыг ардаа хол орхисон тухай би бичиж байсан. Тэгвэл жилдээ 40 сая жуулчин хүлээн аваад байгаа Унгар улсын 125 тэрбумаар хэмжигдэх үндэсний нийт бүтээгдхүүнд аялал жуулчлалын салбар овоохон жин дарж таарна аа даа. 
Унгарын шүдний эмнэлгийн үйлчилгээ Европтоо дээгүүрт ордог болохоор жил болгон Европын холбооны нэг сая гаруй жуулчин тус улсад зөвхөн шүдээ эмчлүүлж янзлуулах зорилготой ирдэг гэнэ. 125 жилийн түүхтэй Будапештийн “Төв зах” гэж уран барилгын үзмэр болчихоор цэвэр цэмцгэр, тохилог, гоё сайхан газар байдгийг үзүүлж байна. Энэ урт удаан жилийн түүхтэй “Төв зах” нь жуулчдын зайлшгүй очих дуртай газруудын нэг байдаг ажээ. Гэтэл халуунд халж, хүйтэнд хөрч суудаг Нарантуул захаа бодсон чинь ганцаараа суугаа атлаа самсаа шархирмаар ч юм шиг, ичмээр ч юм шиг санагдаад явчихав. Бараан захын уламжлалт хэв төрхийг өөрчилж арилжаа худалдаа, аялал жуулчлалын том цогцолбор болгох тал дээр манай хотын удирдлага бодох хэрэгтэй санагдав. 

Дэлхийн хамгийн гоё сайхан, том барилгатай парламенттай улс гэдгээрээ Унгарчууд маш их бахархдаг аж. Үнэхээр ч тийм болохыг та бүхэн дорх зурган дээрээс хараарай. Зөвхөн хонгилын урт 20 км үргэлжилдэг гэж байна шүү. 440 депутатын суудалтай хуралдааны танхимд 200 гишүүн л сууж байгааг уг нэвтрүүлэгт гаргаж байна. “Яагаад ийм цөөхөн байгаа юм бэ?” гэж нэвтрүүлэгч бүсгүй асуухад тамгын газрын дарга нь “Урьд өмнө 440 гишүүдтэй үе байсаан. Гэхдээ 10 сая хүн амтай улс оронд 200-гаас илүү гишүүд хэрэггүй юм байна гэж үзээд тоог нь цомхотгосон юм.” хэмээн хариулж байлаа. Уран барилгын сод бүтээл болох парламентын ордонгоо гадаад дотоодын жуулчдад нэг удаа 20 доллараар үзүүлээд чамгүй мөнгө саагаад байдаг тухай уг нэвтрүүлгээр үзэв. Парламент гэдэг заавал татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж суух учиртай газар биш хгэдгийг Унгарчууд батлан харуулж чаджээ. Унгарын уран барилга, соёл урлаг, дуу хөгжмийн тухайд олон зүйл нурших нь бараг илүүц биз дээ. Энэ бүхнийг харж суухад цагтаа цагийг эзлэж явсан Австро-Унгар хэмээх том эзэнт гүрний хаялга улбаа одоо болтол энэ улсын амьдралд тод ул мөрөө үлдээгээ юү дээ гэсэн бодол нэвтрүүлэг үзэж суухад өөрийн эрхгүй