Ерөнхийлөгч Х.Баттулга баруун аймгуудад ажиллаж байна

Орон нутаг / Time Admin
2018 оны 05 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун аймгийн иргэдтэй хийх уулзалт  Ховд аймгийн төв Ховд хотын хөгжимт драмын театртаас эхэллээ.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Баруун хязгаарын Ховд аймгийн хөдөлмөрчин иргэд та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын болоод аймгуудын иргэдтэй хийсэн уулзалтын талаар та бүхэн тухай бүрт нь мэдээлэл авч байгаа байх. Иргэдийн дэвшүүлсэн зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Өнөөдрийн уулзалт бусад аймгуудын уулзалт шиг үр дүнтэй болох байх гэж бодож байна” гээд уулзалтыг эхлүүлэв.

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 87363 хүн амьдарч байгаа бөгөөд ДНБ нь 311.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн малын тоо толгой нь 3.4 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 168.3 мянган толгой мал буюу 5.1 хувиар өсчээ. 2017 онд аймгийн хэмжээнд 17 сумын 91 багт 7863 малчин өрх мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа юм байна.

Ховд аймаг жилд дунджаар 15.6 мянган тонн мах, 1.7 мянган тонн ноос, 514.1 тонн ноолуур, 300 мянган ширхэг арьс, шир үйлдвэрлэж, махны хэрэгцээгээ 100 хувь, төмсний хэрэгцээгээ 100 хувь, сүүний хэрэгцээгээ 85.6 хувь, хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээс хангаж байгаа юм байна.

Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалтын үеэр Ховд аймгийн иргэд ажлын байр хомс, цалин тэтгэвэр байгаа зэрэг нийтлэг асуудлыг хөндөж байв.

Ховд аймгийн иргэн, ноос ноолуур угаах үйлдвэрийн захирал Г.Билгүүн:

Би Ховд аймгийн залуу үеийн төлөөлөл байна. Ноос, ноолуурын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг юм. Надтай адил энэ чиглэлээр ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг олон залуу Ховдод бий. Бид ноосны падаан гэгчийг болиулахыг санал нэгтэйгээр дэмжиж байгаа гэдгээ юун түрүүн хэлж, үүнийг ажил хэрэг болгоорой хэмээн захимаар байна.

Өнөөдөр Ховдод олон залуус ажил хийж, амьдралаа босгохоор хичээж байгаа ч залуусаа дэмжих бодлого дутагдаж байна. Тиймээс залуусаа дэмжиж, ажил хөдөлмөртэй болгомоор байна.

Ховд аймгийн Бугат сумын иргэн Наранбаатар:

Манай аймагт мөнгөгүй, танилгүй л бол боловсон ажил олддоггүй. Би гэхэд сүүлийн 10 жил барилгын ажил хийж байна. Барилгын ажил улирлын чанартай байдаг учраас жилийн 7, 8 сар ажилгүй болчихдог. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлье гэсэн ч насаар нь ялгаварлан гадуурхаж байна. 40 нас хүрсэн намайг хөгшин гэж байна. Дайн болоод цэрэгт явлаа гэхэд 40 настай намайг хөгшин гээд үлдээхгүй биз дээ. Надад ганцхан л зүйл хэрэгтэй байгаа нь өвөл, зунгүй хийж болох ажил. Ажлын байрыг нэмэгдүүлж өгөөч л гэж хүсмээр байна.

Дорноговь аймгийн ЗамынҮүд сумын иргэн Б.Мөнгөнтуул:

Би сүүлийн зургаан жил Ховд аймагт зам, барилгын компанид ажиллаж байсан эмэгтэй байна. Би замын компанид ажиллаад сардаа 300 мянган төгрөг авдаг байсан. Гэтэл манай компанийн хятад ажилчид, жолооч л гэхэд сардаа 6-8 орчим сая төгрөг авдаг байсан. Яагаад бидний цалин ийм ялгаатай, монголоор дүүрэн хятад ажиллах хүчин байгаа юм бэ. Өнөөдөр монгол залуус Солонгос улс руу явж байхад зөрөөд Хятадаас олон мянган хүн ажил хийхээр Монголд ирж байна. Энэ зохисгүй хөдөлмөрийн харилцааг өөрчилж, Монголоор дүүрэн ажилгүй хүн байхад Хятадаас ажиллах хүч авмааргүй байна.

Ховд аймгийн Хишигт багийн иргэн Жаргал:

Ховдод үйлдвэрлэл хэрэгтэй байна. Цементийн үйлдвэр, Усан цахилгаан станц, малын гаралтай түүхийн эдийн үйлдвэр, Ховд аймгийн утаа гэсэн дөрвөн асуудалд онцгой анхаармаар байгаа санагддаг. Өмнө нь манай аймагт цементийн үйлдвэр байсан. Үйлдвэрээс гарсан сайн чанарын цемент нь л гэхэд өнөөдрийг хүртэл хагараагүй байгаа. Маш чанартай цементтэй.

Тиймээс тэр үйлдвэрийг сэргээвэл холоос үнэтэй цемент зөөхгүй, эндээ хэрэглэхээс гадна баруун дөрвөн аймгийнхаа хэрэгцээг хангах боломжтой юм болов уу. Мөн өвөлдөө утаа ихтэй болж байгаа. Улаанбаатар хоттой адил хэмжээний утаатай болохгүйн тулд одооноос дэд бүтцийн асуудалд нь анхаарлаа хандуулж, үүрэг чиглэл өгмөөр байна.

Ховд аймгийн иргэн Буянт:

Манай аймагт хоёр хурлын дарга байна. Үүнээсээ болоод л маргаан болдог. Дээшээгээ УИХ хүртэл төрийн талцсан хэрүүл маргаан олон болжээ. Энэ их хэл ам, хэрүүл тэмцэл, өнгө мөнгөний асуудалд нэр холбогдоод байгаа хүмүүсээсээ салмаар байна.

Харин энгийн иргэдээ ажил хийлгэдэг, ажлын байртай болгомоор байна. Манай аймгийн залуус ажил хийхгүй байна. Өглөө эрт гараад орой хүртэл биллъярд тоглож байгаад л шөнө дөлөөр харьж хүчирхийлэл үйлддэг юм шиг байгаа юм. Өмнө  нь монголчууд залхуу, ядуу байхаасаа ичдэг байсан бол одоо үүгээрээ бахархдаг юм шиг л болж дээ. Би таныг илүү их бүтээгч хүн гэж хардаг. Тиймээс ажлын байр бүтээж, иргэдээ ажилтай орлоготой болгомоор байна.

Баян-Өлгий аймгийн иргэдтэй Өлгий хотын Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт уулзлаа.

Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагссан юм. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож ярилцав.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгийд 101.5 мянган хүн амьдарч байгаа бол малын тоо толгой нь 2.2 сая болж нэмэгджээ. Мөн статистик мэдээллээр 1000 гаруй иргэн идэвхтэйгээр ажил хайж бүртгүүлсэн бөгөөд тэдний дийлэнх нь 15-34 насны залуус юм байна.

Мөн Монголбанкны мэдээгээр энэ оны эхээр тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 132.6 тэрбум төгрөг болсон байна. Үүний 4.5 тэрбум нь хугацаа хэтэрсэн зээл бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 86.4 тэрбум төгрөг болсон нь  өмнөх  оны  мөн үетэй  харьцуулахад  16.5 хувиар өссөн дүн юм байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэн Баянхан:

Одоо сум бүрт байдаг сумын хурал гэдэг бүтцийг төр засаг эргэж хараад анхаарал хандуулмаар байна. Хэдхэн мянган хүн амтай сумдад энэ хурлаас болж нам, засгаараа талцаж байна. Хоёрдугаарт, ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл танил тал гэдэг болжээ. Өнөөдөр манай аймагт ажилгүй олон залуу бий. Уг нь, МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө нэг өрх, нэг ажлын байр гэдэг хөтөлбөр багтаасан ч хэрэгжихгүй байна. Дарга нарын танил тал эсвэл хөрөнгө мөнгөтэй хүн л ажилд орж байна. 18 жилийн өмнө дээд сургуулиа төгссөн миний охин одоо хүртэл ажилд орж чадахгүй байна. Гэтэл танилтай хүн хэдхэн өдрийн дотор ажилд ороод байна. Иймэрхүү шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна.

Баян-Өлгий аймгийн иргэн Гүлболд:

 Хүүхдийн мөнгийг ялгаварлан өгч байгаад сэтгэл зовинож байгаа олон эмэгтэйн төлөөлөл болж үгээ хэлмээр байна. Өнөөдөр хүн бүр Монголын үрс маш олон болтугай гэж ярьдаг ч хүүхдүүдийг багаас нь ялгаварлан гадуурхаж байна. Үүнийг зогсоож хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгож, тэгш эрхтэй байлгах ёстой. Мөн хүүхдийн мөнгөнөөс, хадгаламжаас татвар авахаа болих хэрэгтэй. Миний хүүхдийн хадгаламжаас ашгийн татвар гээд авсан байсан. Хадгаламжийн хүү нь 1.3 хувьтай мөртлөө зээлийн хүү нь хоёр гаруй хувьтай байна. Одоо энэ зээлийн хүүгийн асуудалд төр засаг анхаарч, хуулиар зохицуулах хэрэгтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг санал, бодлоо хэлж дууссаны дараа иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа ажил, хуулийн төсөл, зарим хэрэгжүүлэхээр бэлтгэсэн хөтөлбөрүүдээ танилцууллаа. Мөн иргэдийн саналыг бичгээр авч цаашдын ажилдаа тусгаж ажиллана гэдгээ хэллээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү: