“Инновацийн үзэсгэлэн-2018”-аар 200 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна

Нийгэм / Time Admin
11 өдрийн өмнө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг энэ сарын 7-13-ны хооронд зохион байгуулж байна.Энэхүү долоо хоногийн үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголтыг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд зорилготой.

Уг арга хэмжээний нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн-2018” энэ сарын 11-12-нд 11.00-18:00 цагт “Улаанбатар чуулга”-ын байранд болно. Инновацийн нээлттэй үзэсгэлэн нь Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах юм.

Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага оролцоно. Мөн 13 эрдэм шинжилгээний байгууллага, зургаан төрийн байгууллага, 41 хувийн хэвшлийн байгууллага тус тус оролцох юм. Үзэсгэлэнд уг байгууллагууд хэд хэдэн чиглэлээр оролцох бөгөөд Үүнд:

  1. Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,
  2. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ,
  3. Төрийн үйлчилгээний инноваци
  4. Нийгэм, соёлын инноваци
  5. Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн
  6. Инновацийн дэд бүтэц,
  7. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт долоон чиглэлийн 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөөд байна.

Мөн энэ жилийн инновацийн үзэсгэлэн нь хоёх хоног үргэлжилнэ. Инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг өөрчлөх үүднээс мэдээллийн технологи, нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгож байгаа юм. Түүнчлэн энэ үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттай яаж нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөө өгөх бөгөөд тус үзэсгэлэн нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төрийн болон бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч буйгаараа онцлогтой.