Diversity: СОЛОНГОРОХ УРЛАГ

Diversity буюу төрөлжилтийг бид их л сайндаа эдийн засгийн салбарын, экспортын солонгорол гэж ойлгодог. Гэтэл энэ үг хамгийн гол нь СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, өөрөөсөө ӨӨР БУСДЫН ОРШИХУЙГ хүлээн зөвшөөрөх УРЛАГ юм гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Ер нь өнөөгийн монголчууд бидний хамаг зовлон үүнийг ойлгоогүйгээс үүдэлтэй юм. Бусдыг хүлээн зөвшөөрдөггүй юм гэхэд бусдын өөрөөсөө өөр байх эрх чөлөөг нь хүндэтгэх сэтгэлгүйгээс бид нэг нэгнээсээ илүү гарах гэж тэмцэлдэж, тэр нь эргээд юухан хээхэн дээр ч талцах хандлагыг бий болгожээ. Адгийн наад цах нь ТВ-ээр риалити шоу үзээд хоёр талд хуваагдаж хэрэлдэнэ. Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүртэл “тэдний хүүхэд тийм олон хэл сураад байна. Тийм сургуульд орчихоод байна. Чи яачихсан амьтан бэ?” гэж загнана. Түүний оронд хүүхдийнхээ өөр бусадтай адилгүй ЦОР ГАНЦ гэдгийг нь хүндэтгэн, тэр юунд дуртай, юунд авъастайг нь нээж өгөх сэтгэхгүй тэр бүр бидэнд байхгүй. 
 
Энэ зураг дээрх дауны синдромтой гэж ихэд онцгүйгээр бидний нэрлэж заншсан залуус юу хийж байгаа гэж та бодно. Тэд бол бүжигчид юм. Гэтэл бидний бүжигчин гэж хүлээн зөвшөөрдөг урт нарийхан хөл, гоолиг бие, будаж шунхадсан царай тэдэнд байхгүй. Гэвч тэд бүжиглэхдээ бол тийм бүжигчдээс дутахгүй, харин ч илүү гоё бүжиглэсэн. Тэгэхээр diversity бол эдгээр залуусыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биш бүжигчид гэж хүлээн зөвшөөрөх СЭТГЭЛГЭЭ юм. Хүнээ өөрийнх нь оршин буйгаар хүлээн зөвшөөрдөг нийгэм хүнээ хөгжүүлж олон гайхамшгийг бүтээж буйн ганцхан жишээ энэ юм.
 
 

Энэ толгойн дээрээ антен шиг төмөртэй залуу төрөлхийн colour blind буюу орчлонг саарал өнгөөр л хардаг. Түүнд Итал, Франц, Ирланд улсуудын далбаа яг ижилхэн харагддаг. Метроны шугамын өнгөт тэмдэглэлүүд бүгд хар, саарал хоёрхон өнгөөр үзэгдэнэ. Гэвч тэр тийм төрсөндөө гутарсангүй. Ертөнцийг, солонгын долоон өнгөөр харахыг хүсэж, зоригложээ. Гэхдээ зөвхөн ӨӨРИЙНХӨӨРӨӨ л харахыг. Өнгө бүр өөр өөр хэт авиан дохиолол үүсгэдгийг тэр уншиж мэджээ. Улаан өнгө хамгийн их давтамжтай авиа ялгаруулдаг, шар өнгө дунд зэрэг, цагаан өнгө чимээгүй гэх мэт. Тэгээд өнгийг авиагаар ялгах детектор өөрөө зохион бүтээж эмч нарыг ятгасаар толгойндоо суулгуулжээ. Толгойн дээрх антен бол нэг ёсондоо түүний өнгө ялгадаг  мэдрэхүйн эрхтэн нь болжээ. Тэр ертөнцийн солонгын долоон ӨНГИЙГ СОНСДОГ болж. Энэ нь өнгийг хардаг нүдтэй  биднээс ч зарим талаараа давуу гэнэ. Учир нь хүмүүс бид хүний нүүрний өнгийг хар, цагаан, шар, улаан өнгөөр л ялгадаг бол тэр залууд хүн бүрийн царайны өнгө өөр өөр гэнэ. Роберт Денирогийн царай түүнд нүргэлсэн “пүн пүнхийсэн хүчирхэг авиан өнгөтэй бол, Бона уйтгартай унжралдсан дуутай гэх мэтээр хүмүүсийн царай өөр өөрийн өвөрмөц давтагдашгүй өнгөтэй гэнэ. 

Тэр сансрын туяаг ч жирийн хүнээс илүү ялган СОНСОЖ НАСА-тай ч хамтарч ажиллах болжээ. Улмаар энэ нээлтээрээ ижил төрлийн зовлонтой олон хүмүүст туслав. Сүүлдээ бүр хүний хөдөлгөөнийг мэдэрдэг мэдрэгч зохион бүтээж, түүгээрээ газрын хөрсний чичирхийлэлтийг мэдэрдэг sensor зохион бүтээн хүний биед суулгаж болохыг нээсэн нь шинжлэх ухаанд цоо шинэ зүйл болжээ. Тэгэхээр diversity бол хүн өөрийгөө ямар төрснийг бусдаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ СЭТГЭЛГЭЭ юм. Нийгэм нь өөр нэгнийгээ ялгаварлан гадуурхахгүй хөгжүүлэх боломж олгосноор хүн өөрийнхөө сул талыг ч давуу тал болгох ямар их боломж байдгийн ганцхан жишээ энэ юм. Хэрэв энэ залуу Монголд байсан бол насаараа “сохор номин, харалган” гэж адлуулсаар өнгөрөх байсан биз. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол зүйл хүмүүсээ баян ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, мэргэжлийн мэргэжлийн бус, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэж явцууран ялгаварлан гадуурхахгүйгээр хөгжүүлж чадсан улс орон хүмүүсдээ хөгжих, өөрөө өөрийнхөөрөө амьдрах ямар их боломж олгодгийн ганцхан жишээ юм.
 
 
Сүүлийн энэ зураг бол Diversity хэмээх миний оролцсон Авсртийн Вена хотод зохиогдсон санхүүгийн форумын панел ярилцлага. Гэтэл энд хөгжлийн бэрхшээлтэй хүн, сескологич эрдэмтэн, банкны гүйцэтгэх захирал, төрөлжилт хариуцсан гүйцэтгэх захирал (баруунд томоохон компаниуд Chief Diversity Officer гэсэн шинэ албан тушаал бий болгож) зэрэг оролцож байгаа нь олон өнгөөр солонгорохын бас л нэг гайхамшиг гэлтэй. Энэ форумд дандаа зангиа зүүсэн санхүүгийнхэн оролцоогүй ч маш сонирхолтой байсан. Сүүлийн үед олон том компаниуд зөвхөн этник, жендерийн төрөлжилт тэнцвэртэй байдлыг ярихаас илүүтэй олон янзын бодол сэтгэхүйтэй өөр өөр хүмүүсээр багаа бүрдүүлдэг болсон нь тэдний амжилтийн үндэс гэдгийг ойлгох болжээ.
Олон өнгөөр солонгорох бол СЭТГЭЛГЭЭНИЙ ЯВЦУУРЛЫГ халах УРЛАГ ЮМ. Гэтэл бид өөрөөсөө өөр нэгнээ, өөр үзэл бодолтой нэгнээ хүлээн зөвшөөрөх нь бүү хэл НУХЧИН ДАРАХ гэж өвөр хоорондоо яасан их тэмцэлдэнэ вэ? Ямар ч хэрэгцээгүй нэг нэгнээ хэмлэж хүчээ тарамдуулах нь хэнд хэрэгтэй вэ? Үүний эсрэг ОЛОН ӨНГӨӨР СОЛОНГОРОХЫН ТӨЛӨӨ миний бие цаашид ч дуу хоолойгоо хүргэн тэмцэх болно.
 
АЛГАНЫ ХЭЭ, САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ, ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ номуудын зохиогч
Б.ЭРХЭМБАЯР