Визийн мэдүүлгийг хуурамчаар бүрдүүлбэл виз мэдүүлэх эрхийг нь хаана

Нийгэм / Time Admin
2018 оны 05 сарын 11

Зураг

Солонгосын виз мэдүүлэхдээ хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй талаар БНСУ-ын Элчин сайдын яам мэдээлэл хийв.

Энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг,  “Сүүлийн үед БНСУ-д зорчих визийг мэдээлэхдээ төрийн болон хувийн хэвшлийнхний тодорхойлолт нийгмийн даатгалын шимтгэлийг хуурамчаар үйлдэх болсон. 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа нь харамсалтай. Тухайлбал иргэд виз мэдүүлэхдээ  гэрлэлт, нийгмийн даатгал, урилга, дансны хуулга банкинд 5 сая төгрөг байршуулсан гэх тодорхойлолт, БНСУ-д суралцаж буй оюутан гэсэн хуурамч бичиг баримтыг бүрдүүлэх нь нэмэгдлээ. Хамгийн аюултай нь  европын орнууд руу зорчсон гэсэн хуурамч виз хүртэл авч ирж байна. Өнгөрсөн 4 дүгээр сард хуурамч материалын тоо 400-500-д хүрсэн. Хуурамчаар бичиг баримт үйлдвэл хамгийн багадаа 1 жил, цаашлаад хугацаагүйгээр Солонгост виз мэдүүлэх эрхийг нь хаана. Цахим сүлжээгээр дамжуулан 100 мянгаас -5 сая төгрөгөөр бичиг баримт гаргадаг  хүмүүс байна. Эдгээр хүмүүст залилуулан эд, хөрөнгөөрөө хохирохгүй байхыг хүмүүст анхааруулья. Улмаар гэмт хэрэгтэн болох нөцөл үүсч байгаа учир Солонгосын ЭСЯ-нд таньдаг хүнтэй виз гаргаж өгнө гэсэн хүмүүсээс болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ямар ч мөнгө авдаггүй. Гагцхүү иргэн та визний хүсэлт гаргахдаа ном ёсоор нь бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх явдал нь гэмт хэрэг. Тиймээс үүнийг газар авахуулахгүйн тулд хяналтыг маш сайн тавьж байна. Визийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх нь  нийгмийн итгэлцлийг алдагдуулж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн этгээд бус виз мэдүүлсэн хүнд эрүүгийн хариуцлага үүрэх учир үүнд маш болгоомжтой хандах ёстой. Түүнчлэн иргэд эмчилгээний аяллын виз буюу С-3 авахдаа заавал ГХЯ-ны нот бичиг шаардлагатай гэж ойлгодог. Гэтэл энэ нот бичиг нь заавал байх шаардлагагүй” гэв.