Ахмад дайчин Ж.Ичинноров: Ялалтын мэдээг сонсоод л нулимс урсчихсан

Image may contain: 2 people, people standing, sky, suit and outdoor

Эх орон ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиа хайрлахгүй тэмцэж явсан ахмад дайчид, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ахмад буурлуудынхаа дурсамж дурдатгал, сургааль зөвлөмжийг нь сонсон уншигч танд хүргэхийн сацуу түүх болгон үлдээхийг зорьж байгаа билээ. Энэ удаад ахмад дайчин, чөлөөнд байгаа дэд хурандаа Ж.ИЧИННОРОВЫГ урьж ярилцлаа.

Та аль нутгийнх вэ?

-1924 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрж, Онон мөрний хөвөөнд өссөн хүн дээ. Аргын тооллоор 94, билгийн тооллоор 95 хүрч байна. 1935 онд Хэрийн хийдэд авга ах Данзан ламд шавь орон түвд ном заалгаж, хэнгэрэг цам цохиж, “дүвчигнэж” явлаа. 1937 оны хэлмэгдүүлэлтэд ах лам маань өртөж баригдаад явсан. Би яах вэ, гэртээ харьж аав ээждээ тусалж байгаад 1939 онд Баян сумын (одоогийн Дадал сум) төвд сумын түр сургууль байгуулагдахад элсэн суралцаж, монгол бичигт суралцсан даа. Удалгүй сумын бичээчээр дэвшиж, 60 төгрөгийн цалинтай лут амьтан болоодохлоо. Хоёр жил ажиллаад Норовлин суманд одоогоор бол мэргэжил олгох сургалт гэх юм уу даа сургууль байгуулагдахад элсэн суралцаж агротехникийн мэргэжил эзэмшиж сумандаа ажиллах болсон. Тоо бүртгэгч, бригадын дарга, мөнгөний нярав зэрэг ажил хийж байгаад 1944 онд цэрэгт татагдах гэтэл сангийн аж ахуйн дарга маань энэ жил явуулмааргүй байна гээд аваад үлдсэн юм. Тэгээд 1945 оны хавар цэрэгт мордож Өндөрхааны Vlll морьт дивизэд алба хаах болсон юм аа. Бичиг үсэг мэддэг, боловсролтой гээд улс төрийн хэлтсийн бичээчээр томилогдсон. 1945 оны 8 дугаар сард Дарьгангийн нутаг руу марш үйлдэж, Чөлөөлөх дайнд оролцсон доо.

Яг энэ тухай л голлож ярилцахаар л төлөвлөж байлаа. Дайны сураг чимээ хэрхэн дуулдав, цагийн байдал ямархуу байв?

-Биднийг ангидаа хувиарлагдаж очиход анги хээрийн сургуульд явчихсан байсан. Тухайн үед байлдаанд бэлтгэж байсан нь тэр байж. Бид бас Дарьгангын нутагт бэлтгэл сургууль хийж байгаад “Цэргийн тангараг”-аа өргөөд, гарын үсэг зурж, бичиг үсэг мэдэхгүй нь хурууны хээгээ дарж байж билээ. Тэгээд л үүрээр хил давсан даа. Дивизийн дарга маань албан ёсны мэдэгдэл хийгээд л, сэтгэл их тавгүй болсон нь одоо ч мэдрэгдэх шиг болдог.

Хил даваад хэдий хугацаанд ямар үүрэг гүйцэтгэв? 

-Морин маршаар нутгийн гүн рүү явсан. Тэр үед бид өдөрт 90-110 км явж, ар тал морин маршийг гүйцэхгүй хоцорсон байлаа. Дөч гаруй хэмийн халуунд усгүй 3 хонож маш хүнд хэцүү байдалд орсон. Хүн малгүй харангадаж, цөөн тооны цэрэг замдаа амиа алдсан. Замд худаг байсан хэдий ч дайсан хордуулчихсан, толгойн цэргийн ангийн худагны дэргэд босгосон “Худгийг хордуулсан байна” гэсэн бичигтэй самбарыг харахаар л гол харладаг сан. Их цангаад ирэхээр нүд ширгээд, хамар хүртэл хавчийж жижигрээд цаашаа орчихдог юм билээ. Явж явж Тэнгэр элсний ёроолд хүрч чийгтэй газар ухсан чинь жаахан ус гарч амь аврагдаж билээ. Шороо, элстэй ус залгилж өгсөн. Гэтэл цааш залгигдахгүй хамраар эргэж гараад, хүн малгүй тэгдэг юм байна лээ. За тэгээд удалгүй Долнуур орж тэнд байсан цөөн цэргийг устгаж чөлөөлөөд, Хянганы нурууг давах хүнд марш үйлдээд Жэхэд хүрлээ. Манай дивизтэй Зөвлөлтийн танкийн нэгтгэл хамт явсан. Би туг, бичиг баримтаа хамгаалж, маршийн сүүл хавьд штабтайгаа хамт явдаг байв. Жэхэд ширүүн тулалдаан болж, дайсны 8000 гаруй цэрэгтэй нэгтгэлтэй өдөржин байлдаж үдээс хойш гэхэд хотыг чөлөөлсөн. Жэхэ хотын баруун урд байх уулын бэлд олзны япон цэргүүдийн суулгаад, буу зэвсгийг нь овоолоод хураачихсан, орос, монгол цэргүүд манаад зогсчихсон дүр зураг одоо ч тодоос тод харагдаж байна. Хотыг чөлөөлөөд бид Японы анги байрлаж байсан газр түр байрлахаар төмөр замын буудлын хажуугаар өнгөрөхөд Т-34 танкаар хоёр гурван вагоныг мөргөөд онхолдуулчихсан, танкны хошуу нь махийчихсан нь их сонин харагдсан юм даг. 

Тэнд хэд хоноод нутаг буцав?

-Арваад хоносон байх. Есдүгээр сарын 3-ны өдөр маршал Х.Чойбалсан, армийн комиссар Ю.Цэдэнбал, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын батар армийн генерал Плиев, Жанжин Ж.Лхагвасүрэн нарын удирдлагууд нисдэг тэргээр хүрч ирсэн. Бид жагсаад, маршал Х.Чойбалсан бидэнд хандаж “Өчигдөр 9 дүгээр сарын 2-ны өдөр Номхон далайд байрлаж байсан цэргийн байлдааны хөлөг онгоцон дээр Зөвлөлтийн ба холбоотон гүрнүүдийн цэргийн өмнө Японы командлал үг дуугүй буух актанд гарын үзсэг зурж, Дэлхийн ll дайн дууслаа. Энэ дайнд 80 гаруй улс орон оролцсон, 60 гаруй сая хүний амь насыг авч одсон дэлхийн түүхэнд байхгүй аюултай дайны сүүлчийн голомт болсон японы цэргийг бут цохилоо. Танай дивиз байлдааны үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэе” гэж хэлэхтэй зэрэгцээд л нулимс урсчихсан. Бүгд “Ура” хашгираад би дивизийнхээ тугийг намируулаад л зогсож байлаа шүү дээ.

Та маршалын хэлсэн үгийг нь их сайн тогтоожээ...

-Түвд, монгол бичиг сурч үсэг цээжилж байсны л ач шүү дээ. Ингээд л бид 9 дүгээр сарын 10-даар нутаг буцсан даа. Очихдоо 1000 гаруй км газрыг 10 орчим хоног туулсан бол буцахдаа 1 сар явж эх орондоо ирсэн юм.

Нутагтаа хөл тавих мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан нь мэдээж...

-Эх нутаг руугаа ороод хэдхэн км-ийн цаана нутгийн иргэд, Хилийн цэргийнхэн биднийг угтсан. Цас ороод л хачин сайхан. Бид шууд аймгийн төвд ирсэн. Улмаар манай дивиз татан буугдаж 19 дүгээр морьт хороо гэж ганц хороо л үлдсэн дээ. Тэр өвөл анги маань өвлийн бэлтгэл хийж чадаагүй учир маш хүнд өвөлжсөн. Түлээ модгүй, адууны мах, будаатай шөл л иднэ. Зарим цэргүүд ядарч, эцэж тураад Сул биетний рот гэж тусдаа байгуулж, сургалт бэлтгэл хийлгэхгүй, арай нэмүү хоол өгдөг байлаа. Ингээд 1946 оны хаврын нэг өдөр ангийн дарга, дэд хурандаа Бүтэмж “Батлан хамгаалах яамны сайдын тушаал ирсэн. Манай хороог Улаанбаатар хотод очиж, Ардын хувьсгалын 26 жилийн ойн баярт морин ангиудыг төлөөлж оролцуулах болсон байна. Бид хоёр сарын өмнө явж, бэлтгэлээ базаах ёстой” гэсэн. 1946.05.05-нд Өндөрхаанаас морин маршаар хөдөлж Налайхын зүүн хойно Уубуланд ирж байрлалаа. 1946.07.11-ний өдөр Яармагт баярын жагсаал болж, манай анги хамгийн сүүлд жагссан юм. Маршал Х.Чойбалсан хүрэн халзан томсктой гарч ирэхэд Ж.Лхагвасүрэн жанжин хар халзан томсктой урдаас нь очиж рапорт өгөөд л, их сайхан. Бас Д.Сүхбаатар жанжны хөшөөний нээлтэнд манай хороог оролцуулах болсон. Бид хөшөөний ард морьтойгоо эгнэн жагсчихсан, маршал Х.Чойбалсан үг хэлж, бүтээлийг нь авч нээж байлаа шүү дээ. Түүхэн үйл явдалд оролцсон азтай хүн дээ, би.

Тэгээд нутаг руугаа хэзээ буцав, хот хүрээгээр явж чадсан уу?

-Манай хороог Дорноговийн Сайншандын Байшинтад байрлаж байсан Vll морьт дивизийн харьяанд оруулах шийдвэр гарчихсан байсан учраас шууд тийшээ марш үйлдсэн. Тэнд хоёр жил алба хааж байтал жанжин Ж.Лхагвасүрэн тэргүүтэй БХЯ-ны шалгалт очиж, манай анги сайн шалгагдаж байлаа. 1948 онд ангиараа Өндөрхаанд буцаж ирсэн юм. 1949 онд цэргээс халагдах болж бөөн баяр болж байтал, улс төрийн орлогч дарга, хошууч Санжмятав “Армийн улс төрийн газрын дарга, хошууч генерал С.Равдангийн тушаалаар бага дарга Ичинноровыг эвлэлийн хорооны даргаар томилж дэслэгч цол олгосугай гэж” тушаал уншсан. Ингээд л халагдаж, гэртээ харих хөг өнгөрч байгаа нь тэр. Гэхдээ нутагтаа сар гаруй амарсан. Ингээд л 1984 он хүртэл 40 жил Зэвсэгт хүчинд алба хааж Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

Энэ хугацаанд ямар ангиудад алба хаав?

-Шугамын, сургуулийн, барилгын ангиудад эвлэл, нам улс төрийн ажил эрхэлж явлаа. Армийн авто батальон, Зүүнбаянгийн 132 дугаар анги, Дарханы 155 дугаар нэгтгэл, Барилгын цэргийн 8 дугаар хороо зэрэг ангид ажиллаж, “Сүхбаатарын одон”, “Байлдааны гавьяаны Улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Бид ялав” зэрэг одон медалиар шагнуулж, төр түмэндээ хийсэн бүтээснээ үнэлүүлсэн. Армийн буянаар Ленины академид суралцсан. Дандар баатар, Хуйнаа Аюуш гээд олон мундаг хүмүүстэй ажиллаж байлаа. Төрийн минь хишиг, түмний хайр гэж боддог доо

Эвлэлийн ажил гэж одоогоор бол соёл хүмүүжлийн ажил биз дээ?

-Тэгэлгүй яахав. Мэдээлэл, ухуулагч, соёлын ажил хийнэ. Жамбаа гуайн улсын баатар цолны тодорхойлолтыг бичиж байлаа. 

Одоогийн Зэвсэгт хүчний тухай Та ямар бодолтой явдаг вэ?

-Хүч чадалтай зэвсэг техник, өндөр боловсрол мэдлэгтэй цэргүүдтэй, орчин нөхцөл сайтай гээд өөлөх зүйлгүй Зэвсэгт хүчинтэй болжээ бид. Монголдоо төдийгүй дэлхийл нэрээ мандуулж, эх орон ард түмнээ төдийгүй дэлхий улс орон ард иргэдийг өмгөөлөн хамгаалж байна. Энэ бол магтмаар бахархмаар зүйл яах аргагүй мөн.

Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг Та нар минь л жинхэнэ утгаар нь хэлнэ шүү дээ...

-Аминаас ч үнэтэй юм шүү дээ. Хүн аминдаа хичнээн их хайртай билээ. Гэтэл тэр амиа зөвхөн эх орныхоо төлөө л зольж чаддаг. Тийм болохоор эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг харьцуулах зүйл байхгүй юм даа. Ийм сайхан эх орон, эрх чөлөөгөө хүн бүр хайрлаж хамгаалах ёстой. Тэр дундаа цэргийнхэн бол бүр үүрэг хариуцлага үүрдэг юм шүү. 

Бидний яриа энэ хүрээд өндөрлөлөө. Зуун насыг дөхөж яваа буурал маань ухаан санаа саруул, үг хэл цэгцтэй, бие эрүүл тэнхээ тамир сайтай ёстой л цэргийн хүн, тэр дундаа улс төрийн ажилтан гэдгээ илтгэх мэт. Ярих бүртээ л хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг хэлж дайчин давшингуй ажиллах хэрэгтэй гэж захих нь нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэж байлаа. Ялалтын мэдээг сонсоод тугаа намируулан уйлж зогсох тэр мөчөө дурсахдаа нулимс нь цийлэгнүүлэн хоолой нь зангирч, дайсны хэдэн цэргийг устгасан бэ гэсэн эрээ цээргүй асуултад минь “Цөөн цөөн..За тэр яах вэ, хүү минь. Манай барилгын цэргийн ангиуд чинь их бүтээн байгуулалт хийсэн юм шүү дээ” гэж дүйвүүлэн өнгөрөөхөд нь хүнд хэцүү цаг үеийн сэтгэлийн шархыг нь хөндсөнөө мэдэрч сэтгэл тавгүй оргиж суулаа. Энэ хэдэн буурал маань л бидний хайрлаж, түшиж тулах ноён оргилууд маань билээ. Та нар минь урт насалж залуус биднийхээ өмөг түшиг болж яваарай.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, хошууч Х.Ганзул