Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана

Улс төр / Time Admin
2018 оны 05 сарын 14

УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн ээлжит хуралдаанаараа хүүхдийн мөнгөний асуудал, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, 80 хувьд олгох Засгийн газрын санаачилсан төслийг нэгтгэн хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулаж ажиллаж байгаа. Гэвч ажлын хэсгийг гишүүд нь МАН-ынхаа шахалтаар улс төрийн шийдвэрт хүрсэн гэж харж байна. Учир нь ажлын хэсэгт орсон манай намын хоёр гишүүнийг оролцуулалгүйгээр хуралдаж, хүүхдийн мөнгийг 80 хувь олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Дараа нь манай намын хоёр гишүүнийг гарын үсэг зурахыг шаардсан. 

Хэрэв УИХ-ын чуулганы хуралдаанаар 80 хувьд олгохоор хэлэлцвэл завсарлага авна. Хэрэв хууль батлагдах юм бол хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид илэрхийлнэ. Энэ байдлаар хүч түрэн шийдвэр гаргаад явбал хүүхдийг ялгаварласан асуудлаар цэцэд хандана" гэлээ.

Түүнчлэн, "2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь Монголын эдийн засаг дахь орлого зарлагыг 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлнэ. Түүхэнд байгаагүй данхайсан төсөвтэй улс болно гэж харж байна. Зардал хоёр дахин өсч байгаа бол амьжиргааны түвшин мөн хоёр дахин өсөх ёстой гэж харж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.