Медальтай жаалууд

Манай улс "Медальтай жаалуудын" тоогоор Гиннест өлхөн орчих байх шүү. Одон медаль социалист тогтолцооны үед маш нарийн хатуу журмын дагуу нийгэмдээ онцгой гавьяа байгуулсан хүмүүст л олгодог байсан. Тэр нь ч тухайн цаг үедээ нийгэмд тодорхой эерэг үүрэг гүйцэтгэж байсан гэж миний хувьд санадаг. Харин одон медаль, гавьяа шагнал жолоогоо алдан хавтгайраад байдал одоо ямар болсныг бүгдээрээ мэдэх юм хойно дэлгэрэнгүй нуршаад яах вэ? Одоо Монгол улсад одон медальгүй, гавьяа шагналгүй хүнийг тоолсноос өдрийн од шиг цөөрөөд байгаа "гавьяагүйчүүдийг" тоолчихвол шулуухан байж мэднэ.

Томчууд бидний энэ томоогүй тоглоом хүүхэд залуучуудад маань халдварлаад эхлэсэнд эмзэглэж явдагийн хувьд энэ бичлэгийг оруулж байгаа маань энэ. Дорхи зурган дээр зөвхөн Монголын залуучуудын холбооны одон медалийн зургийг хавсаргав. Хүүхдийн байгууллагынх энэнээс дутуугүй юм байж мэднэ. Хүүхдүүд нь дотоодын байгууллагын шагнал урамшуулал энгэр дүүрэн авсанд сэтгэл ханадаггүй зарим эцэг эхчүүд гадаадын уралдаан тэмцээнд оролцуулж цом медаль авах "эцэс төгсгөлгүй уралдаанд" зүтгүүлдэг нь ч нууц биш. Тэр бүхний цаана хүүхдүүдийнхээ хүүхэд насны баяр баясгалангаас хумслаж түүний хэрээр бие сэтгэлийн дарамт ядаргаанд оруулаад байгааг өөрсдөө анзаардаг болов уу?

Монголчууд хорвоод хосгүй оюуны чадамжтай болохоороо "Оюун ухааны тэмцээн сорилгод" олон арван медалийг нь хуу хамаад, америк, япон, солонгос, европчууд усан тэнэг болохоороо бараа сураггүй хоцорчихоод байгаа юм биш биз дээ гэдэг талаас нь бодож үзмээр санагддаг. Энгэр дүүрэн одон медальтай америк, япон хүүхэд залуустай би л хувьдаа энд тэнд явахдаа таарч байсан удаагүй. Харин хаа сайгүй гартаа ном барьсан дээрх үндэстний залуустай бол хаа сайгүй тааралдаж байсан шүү.

Өчигдөр миний оруулсан "Монгол гени" бичлэгийг уншсан цөөнгүй ээж нар "Хүүхдээ хэрхин тийм чадвартай болгох вэ?", "Манай хүүхэд сурах болов уу?" хэмээн асуужээ. Хүүхэд болгон тийм төвшинд сурах боломжтой. Түүнд ганц л нууц байгаа юм. Японд амьдардаг тэр жаахан охинд сургуулийнх нь хичээлийн ачаалал гэх юм бараг үгүй, дээр нь даалгавар гэж бараг тоглоомноос өөрцгүй бага зүйл байгаа гээд таачихад бараг хол зөрөхгүй байх аа. Тэр гэртээ буцаж ирээд л ханатлаа сайхан тоглочихож байгаа. Тийм хүүхдэд юу ч заасан элсэнд ус асгаж байгаагаас өөрцгүй сурах нь тодорхой.

Харин манайд болохоор сургалтын дэлхийд дээгүүрт орохоор хүнд хөтөлбөртэй, хийгээд дуусашгүй айхтар даалгавартайн зэрэгцээ эцэг эхчүүд одон медаль, уралдаан тэмцээний урт сунгаанд зүтгүүлчихдэг болохоор үнэндээ хүлээн авах чадвар нь сааталд орчихоод байдаг нь нууц биш л дээ.


МОНГОЛ ГЕНИ бичлэгийг үзэх бол ЭНД дарна уу.