Хөгнө тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд мотоцикл, судалгааны багаж хэрэгслийг гардуулав

Орон нутаг / Time Admin
2018 оны 05 сарын 22

2012 оны 3 дугаар сард Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагаааны хэлэлцээрийн хүрээнд Монгол орны  уур амьсгалын өөрчлөлтөнд голлон анхаарч биологийн олон янз байдлын хамгаалал, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудал тусгагдсан. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор  2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  Монгол Улсын Сангийн Яам  Германы Сэргээн босголт Зээлийн банк (ГСБЗБ)-тай “Санхүүжилтийн гэрээ”, БОНХЯ ГСБЗБ-тай “Санхүүжилтийн Тусгай гэрээг” тус тус байгуулснаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” (БОЯБХУАӨДЗ төслийг санхүүгийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Төв, Хангай, Зүүн бүсэд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслийн II үе шатанд ХБНГУ-ын Засгийн газраас дахин 19,5 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлээд байна.

Тус төслийн хүрээнд бартаат замын 4 ширхэг мотоцикл, 62 ширхэг судалгааны багаж хэрэгслийг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Цэнгэл Хөгнө Тарны Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд гардуулав.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих, хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг  чанартай гүйцэтгэхэд эдгээр тээврийн хэрэгсэл, хээрийн судалгааны тоног төхөөрөмжүүд нь чухал ач холбогдолтой юм.