Д.Эрдэнэбат: Иргэд, ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтын орлогоос татвар авахаас татгалзаж, хуримтлал буй болгоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

Улс төр / Time Admin
4 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор Ардчилсан намын бүлгээс өгөх дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.

       Бүлгийн санал дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна:                      

-Монгол Улсын Засгийн газар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019- 2020  оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэхийн зэрэгцээ ОУВС хөтөлбөрт хамрагдаж олон улсын санхүүгийн байгууллага, донор орнуудын тусламж нэмэгдэж, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтэд эерэгээр нөлөөлж байна. Гэвч 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлын бууралт, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, тэвчиж болох урсгал зардлын хэмнэх зэрэг чухал үзүүлэлтүүд тусгалаа  олсонгүй.

Төсвийн орлогын талаар:

-Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн нийт орлого өмнөх оноос 35.8 хувиар буюу 2.087.4 тэрбум төгрөгөөр өсөж 7.922.5 тэрбум төгрөгт хүрсэн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2018 оны эхний улирлын байдлаар 1,810.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 306.7 тэрбум төгрөг буюу 20.4 хувиар өсчээ.  Энэ бүхэн дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ 2016 оны 8 сараас өсөж эхэлсэнтэй шууд холбоотой. 2019 онд нийт орлого 2018 оны батлагдсан төсвийн нийт орлогоос 1.884.1 тэрбум  төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолсон байна. Энэ нь зэс, төмрийн хүдэр, алтны дэлхийн зах зээлийн үнэ дахин өснө гэж таамаглаад татварын орлогоо огцом буюу нэг их наяд 621 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Гэтэл эрх баригчдын татварын бодлого сүүлийн нэг жилийн хугацаанд хэд хэдэн удаа хувирсан. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “татварын дарамтаас ангижруулна” гэж амласан боловч, 2017 онд 9 төрлийн татвар нэмсэн. Олон нийтийн санал, хүсэлт, Ардчилсан намын шахалтаар зарим нэгийг нь цуцлаад байгаа. Эрх баригчид улсын төсөв, мөнгөний бодлогод чухал байр суурь эзлэх татварын асуудлаар нэгэн зэрэг шахуу тэс ондоо 3 байр суурь илэрхийлсэн нь энэхүү чухал асуудалд ямарваа нэгэн тогтсон байр суурь, тооцоо судалгаагүй байгаагийн илрэл юм. 2019 онд татварын орлого огцом өсөх дүр зураг харагдаж байна. Уул уурхай давамгайлсан төсөвтэй улс орон дэлхийн зах зээл дээрх үнийн таатай үед хуримтлал хийхийг эрмэлздэг.

Хэдийгээр төсвийн тогтворжуулалтын болон ирээдүйн өв сан байгуулж хуримтлал хийхээр хуульчилсан боловч өнөөдөр тус сангууд төсвийн алдагдлыг нөхөгч болон хувираад байгаа билээ. Монгол Улсын бүх орлого зөвхөн нэг нэгдсэн төсөвт шингэж байгаа нь  эдийн засгийн хөгжил, бизнесийн орчныг чөдөрлөж байна Орлого нэмэгдэх боломжинд Оюутолгойн зээлийн хүүг бууруулах санхүүгийн гүйлгээнээс  алдаж буй орлогыг нэмж тооцох зайлшгүй шаардлага байна. ОУВС-гийн зөвлөмж шаардлага нь хүн амынх нь дийлэнх нь бага орлоготой манай орны хувьд хүнд тусч байна.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь татварын  тогтворгүй орчин, цалин царцаалт,НДШ-ийн нэмэгдэл, хүүхдийн мөнгөний хасалт нь иргэдийн нуруун дээр хүндээр тусч, орлогын өсөлт иргэдэд тусахгүй байна. 2020-2021 оны төсвийн өөдрөг төсөөлөл нь  орлогын өсөлт ОУВС-гийн зөвлөмж, нэмж өр тавих зэрэг асуудлыг эргэж харах нь  зүйтэй гэсэн дохиог өгч байгаа юм.

Төсвийн зарлагатай холбоотойгоор:

-2019 онд нийт зарлага 2017 оныхоос 2 их наяд төгрөг, урсгал зардал 1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 1.2 их наяд төгрөгөөр өсөхөөр төсөвлөсөн байна. Ийнхүү төсвийн зарлага данхайтал тэлж эхэллээ. Энэ нь уул уурхайн эрдэс баялгийн үнэ өсөж эхэлмэгц төсвийн зардлыг 50-60 хувиар огцом өсгөдөг өвчин дахин сэдэрснийг илтгэнэ. Эргээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, эдийн засаг хумигдах үед тэлсэн төсөв асар их хүндрэл авчирдгийг 2012-2016 оны төсвийн жилүүдэд туулж өнгөрүүлсэн туршлагаас харж болно. Иймд эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй юм. Эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнийн савалгаа сөрсөн төсвийн бодлого нь “Зарлагыг орлогоос тусгаарлаж их хэмжээний орлого орж ирсэн ч зарлагыг дагуулж огцом өсгөхгүй байх” алтан дүрэмтэй гэдгийг дахин сануулж байна.

Өр, зээлийн асуудалтай холбоотойгоор:

-Монгол Банкны  гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2017 оны IV улирлын байдлаар 27 тэрбум 413 сая ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрсэн. ОУВС хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн задаргааг авч үзвэл нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.долларын өр нэмэгдэхээр байна. 2018 он гарсаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгос улсаас 700 сая, Хятад улсаас 500 сая, Монголын 24 аж ахуйн нэгж 30 орчим хамтын ажиллагааг Хятадын компаниудтай эхлүүлж энэ нь мөнгөн дүнгээр 4.6 тэрбум ам.доллар, УИХ дарга М.Энхболд Турк улсад айлчилж 300 сая ам.доллар... гэх зэргээр өр зээлийн хэмжээ цаг минут тутам өсөн нэмэгдэж байгаа. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд засгийн газрын өрийн нийт хэмжээ 2019 онд 24.428.8 тэрбум гэж тооцсон, гэтэл 2019 оны мэдэгдэлд 19.210.2 тэрбум буюу 6.218 тэрбумаар огцом буурсан учир шалтгаан нь тодорхой бус байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “...дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд “Засгийн газрын өрийн нийт хэмжээ”-г тусгана гэж заасан байдаг. Тиймээс хуулийн хүрээнд авч үзвэл өрийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнээр тооцох учиргүй юм. Хэдийгээр Засгийн газар дотоодын өндөр  хүүтэй зээлийг  барагдуулж байгаа гэх боловч энэхүү өрийг гадаад зээлээр  дарж, гадаад өр огцом  нэмэгдэж байгаа нь бодит эрсдэл болж байна. Аливаа улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг билээ.      Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр.Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм. Орлогын өсөлтийн энэ үед өрийн менежментийг зөв хийх, эдийн засгийн хөгжилд оруулах дотоод хөрөнгө оруулалтыг дэмжих, ирээдүйн хуримтлалыг буй болгох алхамыг зоригтой хийхгүй бол ганц тулгуурт эдийн засагтай манай улсын хувьд  баялгийн үнийн уналтын цикл давтагдвал эдийн засагт бодит аюул дахин учрах  болно гэдгийг эрх баригчид  санах хэрэгтэй.Татварын  орчныг  тогтвортойгоор  хадгалж орлогыг нэмэгдүүлэх, төсвийг алдагдалгүй  төлөвлөх, төсвийн зарлагыг хязгаарлах, Засгийн газрын өрийн хэмжээг хазаарлах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах дунд  хугацааны төсвийн стратегид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ардчилсан намын бүлгээс зөвлөж байна.

Төсвийг алдагдлын талаар:

-Төсвийг өндөр алдагдалтай баталж, санхүүжилтыг дотоод зах зээлээс өндөр хүүтэй Засгийн газрын бонд гаргах, эсвэл гадаадаас зээл авах хэлбэрээр шийдэж ирсэн. Манай экспортын голлох бүтээгдхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өссөн, олон улсын санхүүгийн байгууллагын хямд үүсвэр урсан орж ирж буй энэхүү таатай нөхцөл байдлыг алдалгүй  2019 оны төсвийн жилээс эхлэн төсвийн алдагдлыг эрс бууруулж, улмаар 2020-2021 онд нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар тооцоолох шаардлагатай байна.  

Төсвийн орлого нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр:

-Макро түвшиний төслүүдийг эхлүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх, уул уурхайн баялгаас авах татвар хураамжийн зөв тогтолцоонд анхаарах, гадаадын зээл тусламжийг зөв зүйтэй төсөлд зориулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлэх зэргээр боломжит хувилбаруудыг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байна. Ийм эрхзүйн орчинг бүрдүүлж төсвийн орлогоо нэмэгдүүлэн ажиллах бүрэн эрх МАН бүлгийн 65 гишүүнд байна. Төсвийн тогтвортой байдлыг хангах нь цаад утгаараа иргэн, хуулийн этгээдэд хуримтлалтай болох, ажлын байр нэмэгдэх, баялаг бүтээх боломжийг төр нээж өгч байгаа явдал юм.

 Төсвийн зарлагын асуудлаар:

-Үүнтэй уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлаар хэрэгжиж буй чиг үүрэг, төсөл арга хэмжээг тэргүүлэх чиглэл, ач холбогдлоор нь эрэмбэлж төсвийн дахин хуваарилалт хийх, хөрөнгийн зардлыг бууруулах, бүх шатны төсөвт зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар төсөвт ирэх ачааллыг богино, дунд хугацаанд бууруулах шаардлагатай тулгарч байна. Төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, зарлагын өсөлтийг хязгаарлахтай холбогдуулан төсвийн урсгал зарлагад шаардлагатай шинэчлэл, зохицуулалтыг хийх шаардлагатай байна.

Үүнд:

-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг төсвийн орлогын бодит өсөлттэй уялдуулан тодорхой хэмжээнд  нэмэгдүүлэх;

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх;

-Төсөвт байгууллагуудын чиг үүргийг давхардалгүй, оновчтой, үр ашигтай хуваарилах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх;

-Татварын шинэчлэлд иргэд, ЖДҮ эрхлэгчдээс борлуулалтын орлогоос татвар авахаас татгалзаж, хуримтлал буй болгоход нь дэмжлэг үзүүлэх

 -Нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлэх, улсын үйлдвэрийн газар, компаниудын үр ашгийг дээшлүүлэх, зөв менежмент нэвтрүүлэх, хяналтыг сайжруулах, хувьчлах зэргээр төрийн нуруун дээрхи татаас, өр зээлийн дарамтыг эрс бууруулах шаардлагатай байна гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын стратеги нь улс орны хөгжлийн бодлогын уялдаа холбоосыг харж, тодорхой зорилт бүхий байнгын судалгаа, тооцоотой хийгдэх ёстой. Монгол Улс хөрш зэргэлдээ улс орнуудын эдийн засаг, нийгэмд гарч буй өөрчлөлт шинэчлэл, төлөвлөлт болон бусад хүчин зүйлсийг анхааралтай судалж, дунд хугацааны бодлоготой уялдуулах хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.