Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улс төр / Time Admin
4 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу Байнгын хороодоос үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд ирүүлсэн санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тэдгээрээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураан шийдвэрлэсэн гэв. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, М.Билэгт, Ё.Баатарбилэг, Б.Ундармаа, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Энх-Амгалан,  нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Иргэдийг ажилтай, орлоготой болгох ач холбогдолтой тул жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоо хэр байгааг тодруулахад “Энэ чиглэлээр манай улсад хэрэгжиж байгаа олон төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн үр ашигтай, зөв системийг гаргах талаар судалж, холбогдох талуудтай хамтран ажиллаж байна” хэмээн Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгсөн. Түүнчлэн эдийн засгийн орчин, бодлогоо зөв болгон тогтвортой үргэлжлүүлж чадах юм бол бизнесийн орчин сайжрах нөхцөл бүрдэнэ гэдгийг тэрбээр тэмдэглэв. Түрээсийн орон сууцны тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийн талаар Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэл өгөв. Дотоодын зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн түрээсийн орон сууцны санхүүжилт хүндрэлтэй байгаа ч ирэх онд донор орнуудаас авах санхүүжилтийн нэлээдгүй хувийг энэ чиглэлийн хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх эд зарцуулах төсөл хийгдэж байгааг хэлсэн. Гишүүд сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан бөгөөд энэ жилээс өргөн цар хүрээтэй ажлууд, өөрчлөлтийг хийх боломж бүрдэж байгааг тэмдэглэж байв. Төсөлд уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашиггүй зарцуулагдсан төсвийн хөрөнгийн мөрөөр хариуцлага тооцох зэрэг асуудлаар тодруулга хийж, байр сууриа илэрхийллээ. 

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооноос нэгтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 33 саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.