Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтыг монгол хүүхэд эхлүүлэх түүхэн мөч тун удахгүй

Спорт / Time Admin
2018 оны 05 сарын 18

Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг "Киа Моторс" Корпорацийн 3S зэрэглэлийн албан ёсны дистрибьютор "Киа Моторс Монгол" ХХК-с зарласан Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын хөтөч хүүхэд шалгаруулах уралдаан 2018 оын дөрөвдүгээр сарын 19-ний өдөр зарлагдсан бөгөөд энэхүү тэмцээн 3 үе шаттай явагдаж 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амжилттай дууслаа.

1-р шат: “Миний мөрөөдлийн Киа” эссэ бичлэгийн уралдаан байлаа. Энэхүү уралдаанд хот болон орон нутгийн нийт 665 хүүхэд өөрсдийн хүсэл мөрөөдлийнхөө талаар эссэ бичин илгээсэн билээ. Эдгээр эссэнүүдийг 5 шүүгч уншин, шилдэг 20 эссэг сонгон шалгаруулсан.

2-р шатанд шилдэг 20 эссэг олон нийтэд хүргэх зорилгоор "Киа Моторс Монгол" ХХК-ийн пэйж хуудасанд 3 хоногийн турш байршуулж түүнээсээ хамгийн их лайк авсан 9 эссэг сонгон авснаар шилдэг 9 оролцогч 3-р шатанд орох эрхээ авсан юм.

3-р шатанд шилдэг 9 оролцогч тус бүр 5 шүүгчтэй ганцаарчилсан ярилцлага хийлээ.

Шилдэг 9 оролцогч дунд тэргэнцэр дээр суугаа боловч хөлбөмбөгийн нэртэй сайн тайлбарлагч болох хүсэлтэй Э.Эрдэнэбаатар, багадаа галд өртөж хуруунуудаа алдсан ч өөрийн хүсэл тэмүүллийн төлөө баттай зогссон А. Билгүүн, тэмцээнд шалгараад Дарханаас шөнийн галт тэргээр ирсэн хөрслөг бор хүү Т.Галбар, алдартай хөлбөмбөгч бас хүүхдийг хайрладаг, спортод дурлуулагч бага ангийн багш болох хүсэлтэй Г. Содбилэг гээд мөрөөдлөө зорилгоо болгосон гайхалтай хүүхдүүд өрсөлдлөө.

Ярилцлагын үеэр оролцогч хүүхдүүд маань өөрийн авъяас чадварыг харуулан, эх хэлээсээ гадна орос англи хэлээр дуу дуулж, зарим нь шүлэг унших, жүжиглэх зэрэг авъяасаа чөлөөтэй харуулж байлаа.

Сэтгэл догдлуулсан мөч ирж уралдааны дүнг танилцуулахад ОХУ-д зохиогдох Хөлбөмбөгийн ДАШТ-ий 2018 оны 06 сарын 27-ны өдөр Нижний Новгород хотод болох Швейцари болон Коста Рика багуудын тоглолтыг эхлүүлэх бөмбөгийг авч гарах анхны Монгол хүүхдээр Шинэ Монгол сургуулийн 5-р ангийн сурагч Ө. Амар шалгарсан юм.


"Киа Моторс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Баясгалан:

Киа Моторс Корпораци нь Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилладаг бөгөөд Монгол дахь албан ёсны дистрибьютор "Киа Моторс Монгол" ХХК нь Дэлхийн 170 гаруй улстай өрсөлдөж Хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд Монгол хүүхэд гаргах эрхийг авсан.

"Киа Моторс Монгол" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон олон төслүүдийг хэрэгжүүлдэгийн нэг нь энэхүү арга хэмжээ байлаа.

Манай арга хэмжээ тодорхой хугацааны турш үргэлжилсэний эцэст өнөөдөр бид ДАШТ-ий талбайд гарах анхны Монгол хүүхдийг шалгарууллаа.

Энэ нь манай орны хөлбөмбөгийн хөгжил төдийгүй Монгол улсын хэмжээнд түүхэн үйл явдал болж байна.

Хүүхдүүдийн илгээсэн Эссэг уншиж байхад хүүхэд бүрийн  хүсэл мөрөөдөл, тэмүүлэл асар их, сонирхолтой гоё сайхан зүйлүүдийг их бичсэн байлаа.

Мөн шилдэг 9 оролцогчидтойгоо ярилцлага хийгээд сууж байхдаа бидний үе ямар байлаа бидний ирээдүй болсон хүүхдүүд хэрхэн хөгжиж ухаажиж байгааг харьцуулан бодож суулаа.

Хүхдүүд маань нас бага гэлтгүй эх ороныхоо төлөө,  нийгмийн төлөө тодорхой хэмжээнд санаа зовж байна. Мөн өөрсдийн эзэмших сонирхолтой мэргэжилээ бараг сонгочихсон тэрнийхээ төлөө сурдаг, хичээн зүтгэдэг юм байна гэдэг нь харагдаж байна.

Монгол улсад анх удаагаа Монгол хүүхэд Хөлбөмбөгийн талбайд албан ёсоор гарах гэж байгаа энэ арга хэмжээнд идэвхитэй оролцож бидэнд Эссэгээ илгээсэн бүх хүүхдүүддээ болон дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байгаа Монгол даатгал, Миат, Скайтел, Yolo.mn –ийн хамт олондоо баярлалаа.


Ө. Амар: Анх манай сургуулийн хананд уралдааны удирдамж наасан байсаныг олж харсан. Тэгээд л оролцохоор шийдсэн.

Манайх ам бүл дөрвүүлээ аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Айлын бага, эгчтэйгээ ихэр.

Би сургуулийнхаа “24-р үе” цахилгаан хөгжмийн хамтлагт соло гитар тоглохоос гадна үлээвэр хөгжим хөгжимддөг. Бас Монгол Улсын зуун буудалт даамны спортын 1-р зэрэгтэй. Дуулах, бүжиглэх, шүлэг зохиох сонирхолтой. Сургуулийн хөлбөмбөгийн багт хагас хамгаалагчийн байрлалд тоглож, усан спортоор хичээллэдэг.

Сая ярилцлагын үеэр шүүгч нар намайг дуу дуулж чадах уу гэхээр нь би ээждээ зориулж зохиосон дуугаа дуулж өгсөн. Бас өөрийн зохиосон шүлэгээ уншиж өгсөн.

Миний мөрөөдөлдөө хүрэх гүүр болж өгсөн "Киа Моторс" Компанийн ах эгч нартаа баярлалаа.


Ө. Амарын ээж:

Хүүгээ шалгарсныг сонсоод шууд уйллаа. Хүү маань агуу хөлбөмбөгчин болох  туйлын мөрөөдөлтэй. Ангийн найзууд болон багш нар, сургуулийн хамт олон болон гэр бүлийнхэн бид туйлын их баяртай байна. Гэр бүлийн зүгээс уралдаанд оролцох гэж байгааг нь дуулаад их сайхан хүлээж авч бүхий л чадлаараа дэмжсэн.

Аливаа амжилт зүгээр суухад ирдэггүй, хичээл зүтгэл, хөдөлмөрийн ард том амжилт байдаг гэдгийг хамтдаа харуулж чадсандаа баяртай байна.

Хөтөч хүүхдийг шалгаруулахдаа зохион байгуулагчид нь боломжийг өөрсөддөө ашиглахыг бодолгүй орон даяар олон хүүхдийг хамруулж тэдгээр хүүхдүүдээс 3 шатны шалгаруулалтыг хийн тодруулсан нь олон хүний сэтгэлд хүрсэн ажил болсон гэдэгт итгэлтэй байна.

Уралдааныг сайн зохион байгуулсан "Kиа Моторс Монгол" ХХК–ийн хамт олонд талархаж байна.

Мөн Монгол даатгал, Витафит групп, өсвөр насныхан болон залууст зориулсан Yolo.mn зэрэг ивээн тэтгэгч нарын гарын бэлгийг гардуулан өглөө.