Ж.Одгарьд: Монголд эдийн засгийн бус, ёс суртахууны хямрал нүүрлэсэн

Ярилцлага / Time Admin
2018 оны 05 сарын 28

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.

Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.  Удахгүй болох Бурхан багшийн их дүйчэн өдрийн утга учир болон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхэн уламжлалын талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Баярлалаа, танай сониноор дамжуулан монголын нийт ард иргэд, сүсэгтэн олонд удахгүй тохиох Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын мэндийг хүргье.  Бурхан багш бидний амьдарч буй энэ цаг үеэс 2500 гаруй жилийн тэртээ Энэтхэг оронд эхээс мэндэлж, бурханы хутгийг олох ёсыг үзүүлж, сургаал номлолоо гурвантаа айлдсан гэдэг. Товчхондоо гучин таван наснаас наян нэгэн нас сүүдэр хүртэл ертөнцийн зовлон бэрхшээлээс гэтлэх номлол сургаалаа дэлгэрэнгүй айлдсан ачтан хэмээн бурхан багшийн шавь нар, сүсэгтэн олон хүндэтгэж ирсэн. Өнөө цагт дэлхийн улс орнууд, ялангуяа НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1997 оны 54 дүгээр тогтоолоор Бурхан багшийн хүн төрөлхтөний оюун санаанд оруулсан болон оруулсаар байгаа хүнлэг энэрэнгүй сургаалыг хүндэтгэн үзэж дэлхий нийтээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багш бээр эхийн хэвлийгээс мэндэлсэн, гучин таван сүүдэртээ (насандаа) бурханы хутгийг олох ёсыг үзүүлсэн, наян нэгэн сүүдэртээ (насандаа) нирваан оршиж, мөнх бусын ёсыг үзүүлсэн гурван их үйл явдал тохиодог учир дэлхий нийтээр Бурхан багшийн их дүйчэн өдөр хэмээн нэрлэж, тэмдэглэдэг уламжлалтай.

Ялангуяа Буддын шашин дэлгэрсэн Азийн ихэнхи орнуудад тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэнийг түүхийн хуудаснаас харж болох юм. Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэж байгаа гол утга учир нь Бурхан багшийн айлдвар сургаалыг илүү их судалж, сурч мэдсэнээр, хувь хүн өөрийн дотоод сэтгэлийг амар амгалан байлгахын зэрэгцээ бусдыг хүндэтгэж өөрийн тойрон хүрээлэл, нийгмийн харилцаанд эерэг хандлагатай байхыг зорьж байгаа болов уу.

Бидний аливаа зовлон бэрхшээл, аз жаргал бидний өөрсдийн сэтгэл хийгээд үйл үйлдэл хоёроос шалтгаална гэж бурхан багш айлдсан байдаг. Бид өөрсдийн сэтгэлээс гарч буй үйл үйлдэлийг бусдад хорлолгүй байлгаж, зөвд урвуулж чадвал аз жаргалтай байж чадна. Буддизмд аз жаргалын тухай юу гэж номлосон вэ гэвэл ашдын амар амгалан бол бурханы хутгийг олох буюу дээр дурьдсанчлан сэтгэлээс гарч буй үйл үйлдлийн эрхээс гэтлэх тухай ойлголт юм. Тиймээс бурханы шавь нар ашдын амар амгаланг гол зорилго болгодог. Ер нь бүхий л амьтад ашдын амар амгаланг хүсэмжилдэг ба зовлонг хүсэх нэг ч амьтан байхгүй нь лавтай. Бурхан багшийн их дүйчэн өдөр бол аз жаргалыг хүсэгч хүн бүрийн баярын өдөр юм.  

Монголчуудын хувьд Бурхан багшийн их дүйчэн өдрийг хэдий үеэс эхлэн, хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан вэ?

Монголд Бурханы шашин Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, эрдэмтэн судлаачид үздэг. Тиймээс энэ цаг үеэс эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн нь дамжиггүй. Жишээлбэл 1954 он буюу социализмын үед Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойг тэмдэглэж байсан түүх байдаг.

Монголчууд бурханы шашны дэлгэрүүлэхдээ шашны онол, сургаал номлол, түүх гарвалыг нь сайтар судалсны үндсэн дээр дэлгэрүүлсэн байж таарна. Тэгвэл шашин соёлыг судлах явцад уг түүхэн хүний амьдрал үйлсэд гол чухал үйл явдлуудыг анхааралгүй өнгөрөөх гэж байхгүй тул уг өдрийг онцлон тэмдэглэж л байсан болов уу. Түүхийн нугачаанд улс орон доройтон унахад шашин соёл нь мөн доройтдог учир Хүннү гүрний үед анхдугаар дэлгэрэлт гэж үздэг. Их монгол улсын үед  хоёр дахь удаагаа бурханы шашин монгол орнооо дэлгэрсэн. Энэ үед ч эл өдрийг онцгойлон авч үзэж тэмдэглэн өнгөрүүлж байсан нь логикоор бодоход  л болохоор байна.

Тэгвэл 1990 оноос хойш мөн адил энэ үйл ажиллагаа улам дэлгэрэнгүй болж сүүлийн хорин найман жил бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг болсон явдал нь XXI зууны хүн төрөлхтөний хүнлэг энэрэнгүй нийгмийг бий болгохын төлөө зорьсон зорилготой нийцэж байгаа юм. Тийм учраас дэлхийн олон улстай адил өөр өөрийн онцлог, уламжлалаар тэмдэглэж байна.

Монголчууд бид түүхэн уламжлалаараа эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа гол санаа нь бурхан багшийн айлдсан нандин сургаал номлолыг түгээх, хүн хүнээ хүндэтгэж, энэрч хайрлах сэтгэлтэй байх, оюун санааны өв санг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, таниулан сурталчлах зорилгын хүрээнд төрийн, төрийн бус, шашны байгууллагууд анхаарал хандуулдаг болов уу гэж бодож байна.

Энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдрийн үеэр шашин, соёлын ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?

Энэ жилийн хувьд Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу Зуны эхэн сарын шинийн арван тавны өдөр нь 05 дугаар сарын 29-ны Мягмар гарагт тохиож байна. Жил бүр уламжлал болгон Гандантэгчэнлин хийд болон Бурханы шашны сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран шашин, соёлын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг нэгэн уриан дор зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тухайд “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор зохион байгуулж байна.

Өнөөдрийн нийгэмд хамгийн эрхэм хэрэгцээ бол ёс суртахуун юм. Өдгөө бидний болж бүтэхгүй байгаа бүхий л шалтгааны үндэс нь гадна талд бус дотоод сэтгэлд буюу  бид өөрсдөө юм. Хэн нэгэн зовлонг бүтээж биднийг зовоож байгаа зүйл гэж үгүй. Таны  үйлдлийн  үр дагаварт зовлон буюу таагүй байдал, эсвэл амгалан жаргалан гарч байдаг байна. Харин үйл өөрийн сэтгэлээс гардаг. Тийм учраас нийгэмд тулгарч буй бэрхшээл бүхэн сэтгэлээс хамаарч байгаа. Бид өөрсдийн сэтгэлдээ  ёс суртахуунтай байх эсвэл, ёс суртахууныг үл эрхэмлэх, үл хүндэтгэдэг байх гэсэн хоёр тал бий. Маш энгийнээр хэлбэл, ёс суртахуунгүй байдлаас болж бүтэхгүй бүхэн гардаг. Улс орон хөгжихгүй, ард иргэд ядуу буурай байна, аль эсвэл дэлхийн хөгжингүй улс орнуудаас олон зүйлээр хоцрогдож байна гэдэг. Энэ болгон бидэнд ёс суртахуун хэр байгаагаас шалтгаална. Эцэстээ ёс суртахуун бол хүнлэг байх, зөв байх тухай ойлголт юм.

Хүнлэг байх, зөв байх, ёс суртхуунлаг байх шаардлага барууны хөгжингүй орнууд, бидний хөгжлийн жишээ болгож ярьдаг Америкд ч ус агаар шиг хэрэгтэй зүйл болж байна гэдгийг НҮБ-Аюулгүйн зөвлөлийн 2018 оны 3 сарын хурал дээр хамгийн чухал асуудал боллоо гэдгийн онцлон тэмдэглэсэн. Гэхдээ эдгээр улс орнууд биднээс илүү хөгжилтэй, олон зүйлээрээ манлайлж байна гэж бид харж байгаа бол биднээс ёс суртахуун болоод мораль илүү үйлчилж байна гэж миний хувьд ойлгодог. Жишээ нь Ази тивд  Сингапур улс түүчээ болон манлайлж байна. Яг аваад үзэхээр, цаад чанартаа Сингапурын иргэдийн ёс суртахууны баригдах зүйл нь соёл, шашин нь байна. Хууль тогтоох засаглах тогтолцоо нь илүү боловсронгуй болсон байж болох ч хуулиар зохицуулахгүй зарим зүйлсийг ёс суртахууны тухай ойлголт, шашин соёлоороо дамжуулж нийгмийн харилцааг зохицуулж байна гэдгээ өөрсдөө ч хэлсээр байна. Эерэг хандлагууд ёс суртахуунаас гарна. Бидний яриад байгаа авилгал, хээл хахууль нь ёс суртахууныг орхигдуулснаас болж байна гэж МБШТ Гандантэгчлэнлин хийдийн Тэргүүн их хамба лам , гавж Д.Чойжамц,  Гандантэгчэнлин хийдийн гавж Д.Нямсамууу нар олонтой айлдсан байдаг. Энэ бүхэн уламжлалт шашин соёлоо орхигдуулсанаас болж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Бурханы шашны хувьд Монголчуудын оюуны соёлын өв, монгол хүн зөв байх, монгол хүн боловсролтой бүгдийг түүчээлдэг байх ёс суртахууны асуудлыг хөгжүүлэх бүрэн нөөц бололцоо бий. Залуучуудыг хорт зуршил, дунд насныхан ажилч хөдөлмөрч, шударга баймаар байна. Төрийн ажилтнууд нь авилга хээл хахуульд автдаггүй, нийтийн эрх ашгийг эрхэмлэдэг, улс орноо дээдэлдэг, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байх хэрэгтэй.