Бүсчилж хөгжүүлэх бүтээгүй оролдлого

Монголчууд эдийн засгаа бүсчилж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах тухай хэдэн арван жил ярьж, эрдэмтэн мэргэд нь судлаж, төр засаг нь олон шийдвэр гаргаж байсан ч өнөөдрийн байдлаар бүтэл муу, эдийн засгийн ч, хүн амын ч хагас нь ганцхан хотод төвлөрч, улсын өрсөлдөх чадвар нь дэлхийн 63 улсаас Венесуэлийн хамт сүүл мушгиж байна.

Дэлхийн 19 дэх том газар нутагтай, гуравхан сая хүн амтай Монгол улсын хөдөө нь эзгүйрч, нийслэл нь бөөгнөрч, иргэдийн гуравны нэг нь өлсгөлөн, дөрөвний гурав нь нүхэн жорлонтой амьдарч байгааг яалтай.

Төр засаг нь авлигад идэгдэж, түмэн олон нь улс төржин талцаж, хийж бүтээхийн оронд хувааж тараахад, хэлэлцэж мэтгэлцэхийн оронд хэрэлдэж маргалдахад хүч чадлаа зориулан, хэлбэрийг тахиж, агуулгыг өшиглөх болсны шалтгаан нь юу вэ? 

Бүсчлэн хөгжүүлэх хошгироо

Монголын төр шинэ зуунтай уралдан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай” хуулийг 2003 онд, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг 2007 онд УИХ-аараа баталжээ. Гэхдээ энэ хууль, бодлого нь хэрэгжсэнгүй. Гол шалтгаан нь чөлөөт эдийн засгийн зарчмаас гажсан, төрийн оролцоог хэтрүүлсэн, хууль хүн бүрт ижил, жигд үйлчлэхгүй, нийтийн засаглал цөөнхийн төлөө ажилладаг болсонтой холбоотой.

Дээрх баримт бичгүүдэд уг нь бол аймаг, сумдын аж ахуйн бие даасан байдлыг тэдгээрийн дотоодын нөөцөөр хангах бололцоогүй, улсын хөрөнгийг засаг захиргааны олон жижиг нэгжид тарааж хуваарилах нь үр ашиггүй болохыг хүлээн зөвшөөрч, эдийн засгаа бүсчлэн хөгжүүлэх бодлого гаргажээ. Бодлогын гол чиглэлийг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэглүүр болгон Монгол улсад эдийн засгийн Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гэсэн дөрвөн бүсийг тогтоож, Улаанбаатар хотыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлнэ гэжээ.

Бүсчилсэн хөгжлийн зорилгыг нь “газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задлаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх” гэж үзэл баримтлалд тодорхойлжээ.

Гэвч энэ том зорилгын аль нь ч биелээгүйг бид эдүгээ хорин жилийн дараа харж байна. Гоё ганган үгээр мөрөөдлөө бичээд түүнийгээ бодлого, төрийн болон намын хөтөлбөр гэж нэрлээд, Засгийн газар нь солигдоод, өмнөх засгийнхаа шийдвэрийг үгүйсгэдэг өвөрмөц шинжийг өнөөгийн төр засаг олоод байна.

Бүсчлэн хөгжүүлэх бодлого бүтээгүйн гол шалтгаан нь тодорхойлсон аймгуудыг нэгтгэсэн бүсийг засаг захиргааны томруулсан нэгж болгоогүй, төсөв, татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлого явуулах эрх мэдлийг өгөөгүйд оршиж байна.

Бүсийн зөвлөл нэртэй, тодорхой эрх мэдэлгүй, мөнгө төсөвгүй, хэдэн аймгийн удирдлага жилдээ ганц хоёр уулзаж, хамаг зовлонгоо уудлаж байсныг нь эс тооцвол бүсчлэн хөгжүүлэх оролдлого бүрэн дампуураад байна.

Орон зайн эдийн засаг

Эдийн засгаа бүсчлэн хөгжүүлэх тухай үе үеийн эрдэмтэд судалгаа хийж, санал зөвлөгөө гаргаж ирсэн байна. Гадаадад ч эдийн засгийн газар зүй, кластер, үнэ цэнийн хэлхээ, хотжилтын, сүүлийн үед орон зайн эдийн засаг (spatial economics) гэх зэрэг нэр томьёо гарч, хүмүүний хөгжил, дэвшлийн сүүлчийн ололтыг тусгасаар байна.

Улс орны бүсчилсэн хөгжлийн зорилгыг газар нутгаа эзэнтэй байлгах гэхээсээ, хүн ажиллаж амьдрах боломжтой эсэх, бизнес эрхлэх ашигтай эсэх талаас нь хэмжих орон зайн болон нөөцийн хэмжүүрүүдтэй болох шаардлагатай ажээ. Тэгээд бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих тохирсон бүтцийг тооцоолон засаг захиргааны нэгжээ шинэчлэн зохион байгуулах, эрэмбэлэн цэгцлэх цаг.

Улс орны газар нутгаа жигд хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр нөөц, онцлогт нь суурилсан төрөлжилтийг бий болгох, зах зээлийн таталцалд нь суурилсан оновчтой орон зайн төлөвлөлтийг хийх шаардлагатай болж байна.

Энэ удаа бүсчлэн хөгжүүлэх бодлогоо бүс нутгийн иргэд нь амьдралын чанар, эрүүл мэнд, соёл, боловсролынхоо түвшинд сэтгэл хангалуун байхад анхаарч гурав дөрвөн томоохон, өрсөлдөхүйц төвтэй байхаар зохион байгуулах нь зохистой.  Хүн нь хэт цөөрсөн сумуудаа нэгтгэж, тодорхой нэг аймгийн төвийг нь бүсийн төв болгож, Төв, бүс нутаг, аймаг, нийслэл, сум дүүргийн статусыг шинэчлэн хуульчлах хэрэгтэй.

Бүс тус бүр хойно, урдаа байгаа хоёр хөршийнхөө орон нутгийн эдийн засгийн онцлогтой оновчтой нэгдэх, босоо тэнхлэгийн замд холбогдох, хилийн гарцуудтай байх шаардлагатай. Дотооддоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний ногоог гадаадаас оруулж ирэхэд гаалийн татвар хөршүүдийн адил түвшинд ногдуулах шаардлага тулгарав. Эх орны түүхий эдийн нөөц дээр тулгуурлан, тэргүүний технологи ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж, нөхцлийг хувийн хэвшилд олгох хэрэгтэй байна. Жишээ нь бүсийн төвийн ойролцоо малын түүхий эдийг нийлүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжих хэрэгтэй. Эрдэс баялаг олборлосны төлбөрийн орлогын тодорхой хувийг орон нутагт үлдээх, тодорхой хэсгийг уул уурхайгүй бүс нутагт ч өгдөг Канадын жишгийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

Баруун, хангайн ба зүүн бүсүүдийг хооронд нь хурдны авто болон төмөр замаар холбох, тодорхой тооны их дээд сургууль, коллеж, нэгдсэн эмнэлэг, урлаг соёл, спортын төвүүдийг барьж байгуулах шаардлагатай. Өөрийн орон зайн эдийн засгийн хувьд ашигтай үйлдвэр үйлчилгээний төв, аж үйлдвэр, нутаг дэвсгэрийн цогцолборууд үүсэхээр байршлыг сонгох юм.

Бүс бүр өөр өөрийн татвартай, түүнийгээ өсгөж бууруулдаг, Төвтэй харьцуулахад тодорхой хувийн цалингийн нэмэгдэл, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалтын урамшууллыг олгохоор зохион байгуулсан цагт л бүсчилсэн хөгжил ажил хэрэг болно гэдгийг манай туршлага харуулж байна.

Нэгэнт манай түүх, ёс заншил бэлчээрийн мал аж ахуйд суурилсан учраас бүсийн малын бэлчээрийн газрыг багийн түвшинд эзэмших, малын хөлийн татвар тогтоох, мал аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэхэд, инноваци, техник, технологийн орчин үеийн шийдэлд суурилсан үйлдвэрлэлд эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн зорилго оршино. Малын эзэд зөвхөн хорших замаар малаа эрүүлжүүлж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бизнесийн үнэ цэнээ өсгөж, өгөөжтэй борлуулалт хийж чадах юм. Хоршилт нь зөвхөн малын эздээр хязгаарлагдах бус бусад салбарын туршлагатай судлаачид, эрдэмтэн мэргэдтэй мөн хорших тухай яригдаж буй.

Байгаль, түүх, соёлын өв нутгаа тодорхойлж аялал жуулчлалын давуу тал болгон хөгжүүлэх боломж байгаа.

Баг, сумын түвшинд нутгийн өөрөө удирдах зарчмаар иргэд ажил, амьдралаа зохицуулах эрх чөлөөг өгөх ёстой.

2018.05.30