Дорнод аймагт 1028 гадаад иргэн оршин сууж байна

Орон нутаг / Time Admin
2018 оны 05 сарын 30

Орон нутагт хятад иргэд олширлоо, Дорнод аймагт хятад иргэд мал маллаж байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тархах болсон. Тухайлбал, хамгийн сүүлд Хятад иргэн мал маллаж байгаа бичлэг фэйсбүүкээр цацагдах болсон билээ. Уг мэдээллийн дагуу Гадаадын иргэн харьяатын газраас шалгалт хийж, Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Петро чайна дачин тамсаг компанийн газрын тосны үйлдвэрлэлийн Газрын тосны 21-р талбайд очиж шалгалт хийсэн байна. 

Уг хятад иргэн 21-р талбайн угсралтын ангид тогоочоор ажилладаг бөгөөд тухайн үед яагаад хүний мал хараад байж байсныг мэдсэнгүй гэх тайлбарыг угсралтын талбайн дарга өгсөн байна.

Тус суманд мал малладаг н.Амартайван гэх Монгол хүн 80 хонь, 30 ямаагаа ажилладаг ангийнхаа хашаанд өвөлжүүлээд буцаагаад айлд тавих үедээ хятадын иргэн, найз Си-гээ ганцааранг нь малтайгаа үлдээсэн хэмээн тайлбарлажээ. Хятад иргэн Си-гийн хувьд Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гадаад иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосны дагуу Гадаадын иргэн харьяатын албанаас 12-р сарын 31 хүртэл Монгол Улсад оршин суухаар зөвшөөрөл олгож бүртгэжээ. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 1028 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаагаас Петрочайна дачин тамсаг компанид 680, Шиншинд 90 гадаад иргэн амьдарч, ажиллаж байгаа талаар Гадаадын иргэн харьяатын албаны хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэтуяа хэлсэн байна.