Төв цэнгэлдэх орчимд худалдаа үйлчилгээний 400 зөршөөрөл олгоно

Нийслэл / Time Admin
2018 оны 06 сарын 11

Наадмаар мэргэжлийн хяналтын 350 байцаагч ажиллана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор байрлан худалдаа, үйлчилгээ үзүүлэх цэгүүдийн зөвшөөрлийг олгож эхэлсэн. Энэ жилийн Улсын их баяр наадмыг үеэр иргэдэд үйлчлэх худалдаа, үйлчилгээний цэгүүдийн талаар "Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож бууруулсан. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцох шаардлага, заавар, стандартыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, долоодугаар сарын эхээр байршлуудыг нь тавина. Наадмын өдрүүдээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллана” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа. "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн зүгээс баяр наадамд 100 хувь бэлэн гэдгээ комиссын гишүүдэд хэлж байв.