Төрийн удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг нэвтрүүлж эхэллээ

Нийгэм / Time Admin
2018 оны 06 сарын 12

Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг Монголд анх удаа боловсруулж, нэвтрүүлэх бэлтгэл ажил үе шаттай явагдаж байна. Удирдах ажилтнуудад зориулсан цахим  сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг Сангийн яам жeндэрийн бодлогынхоо хүрээнд анх санаачилсан бөгөөд уг хөтөлбөрийн туршилтын сургалт-семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалт семинарт Сангийн яам, түүний харьяа агeнтлагуудын 40 удирдах албан тушаалтан хамрагдаж, цахим сургалтын модультай танилцаж, туршсан бөгөөд модулийг үнэлж, сайжруулах талаар санал солилцсон юм.

Сургалтын модуль нь жендэрийн тэгш байдлын талаарх үзэл баримтлал, үндсэн ойлголт, байгууллага хамт олныг манлайлахад жендэрийн талаар анхаарах асуудал болон жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн түншлэл, хамтын ажиллагаа гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Сэдэв бүрийн дараа мэдлэг шалгах тесттэй бөгөөд сургалтын төгсгөлд шалгалт өгч, шалгалтад 80-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд “Ж-1 гэрчилгээ” гардан авах нөхцөлтэй ажээ. 

Модульд хамрагдаж байгаа оролцогчдын хувьд өөрийн боломжтой цаг хугацаа, орон зайд суралцах боломж олгож байгаагаар давуу талтай юм.

Сургалтын талаар Сангийн Яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Н.Энхбаяр “Өнөөдөр дэлхийн дахинд жендэрийн асуудал хурцаар тавигдаж байна. Монгол улсад ч мөн адил бодлого зорилтоо дэвшүүлж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Сангийн яамны тухайд 2016 онд яамныхаа болон харьяалах салбарын хүрээнд жендэрийн стратегийг батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүд жендэрийн талаарх сургалтад заавал хамрагдаж, сертификат эзэмшсэн байх ёстой болсон. Энэ боломжийг олгоход онлайн сургалтын хөтөлбөрийг Сангийн яаманд туршиж, бусад салбараас түрүүлж нэвтрүүлж байгаагаар өнөөдрийн сургалт онцлогтой юм гэлээ.

Сургалтын модулийн зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах тухай ойлголт мэдлэгийг төрийн удирдах албан тушаалтнуудад олгоход чиглэсэн бөгөөд цаашид төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын журамд энэ сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагыг тавихаар төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү сургалтын модулийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”техник туслалцааны төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.