О.Орхон: Монгол Улс дэлхийн хамгийн том дата төв, блокчэйн, криптомайнинг болох боломж байна

Ярилцлага / Time Admin
2018 оны 06 сарын 14

“Бизнес өрөг” нэвтрүүлэг энэ удаа Монголын ууган арилжааны банк “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхонг онцолж ярилцлаа.

Оюутан байхаасаа Худалдаа хөгжлийн банкнаас ажлын гараагаа эхэлж нийтдээ 21-н жил, банкныхаа гүйцэтгэх захирлаар 11 дэх жилдээ  ажиллаж байна.

Ингээд түүний ажлын арга барил, Монголын эдийн засгийн нөхцөл байдал, банкны санхүүгийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлагыг одоо хүлээн авна уу.

Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр:

1.       “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

2.      “Анд глобал” компанийн захирал Ч.Анар нар уригдаж “Дэлхийд өрсөлдөх Монгол бренд” сэдвээр ярилцлаа.

Б.Болорчимэг: Ойрдоо та ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна ?

О.Орхон: Бид банкныхаа шинэ төлөвлөгөө, стратегиа боловсруулж байна. Стратегийн дагуу бас банкныхаа бүтцийг өөрчлөх тал дээр голлон ажиллаж байна.

Б.Болорчимэг: Сүүлийн үед анзаараад байхад арилжааны банкнууд харилцагч нараа их анхаарч, “харилцагчийн өдөрлөг”,  маркетинг идэвхжүүлэлтийн арга хэмжээнүүд их зохион байгуулж байгаа харагдаж байна. Энэ нь банкнуудын өрсөлдөөн ширүүсч байгааг илэрхийлж байна уу? Эсвэл технологийн хөгжил өрсөлдөөнд нөлөөлж байна уу?

О.Орхон: Энэ асуултад  хоёуланд нь “тийм” гэж хэлнэ. Яагаад гэхээр яг саяны хэлсэн хоёр зүйл бол “өрсөлдөөний шалтгаан” болж байгаа. Нэгдүгээрт манай эдийн засаг сүүлийн 4-5-н жил маш удаашралтай, өсөлт багатай, эрсдэлтэй, үндсэндээ зогсонги байдалтай байсан.

Тийм ч утгаараа манай банкнууд сүүлийн хэдэн жил шинэ төсөл, шинэ компани, шинэ харилцагчидтай болсонгүй их удлаа. Ерөнхийдөө активынхаа чанарыг сайжруулах, асуудалд орсон зээлүүдээ төлүүлэх, одоо байгаа харилцагч нар дээрээ түлхүү төвлөрч ажилласан байна. Харин өнгөрсөн жилээс эхлэн эдийн засгийн цусны эргэлт сайжирч,  бага багаар одоо хөдөлгөөнд орж, бизнесийн сезон эрт эхэлж байна. Энэ үйл явц хүн бүрийн ажил, амьдрал дээр мэдрэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Ялангуяа банкууд он гарсаар хадгаламжийн болон зээлийн хүүнүүдээ бууруулж, харилцагчид руугаа хандсан өдөрлөг аян явуулж байна. Банкнууд хүүгээ бууруулж, харилцагч нартайгаа тогтмол харилцаа холбоо тогтоож,  эргээд харилцагчдын маань ч сэтгэл санаа сэргэж байна. Жишээлбэл: бизнест хөрөнгө оруулахаасаа илүү, банканд хадгалуулаад ажиглаад цаг хугацаа авдаг байсан харилцагчид маань толгойгоо ажиллуулж эхэлж байна. Мөнгөө юунд хөрөнгө оруулж, яаж эргэлдүүлэх талаар бодоцгоож байна. Дотоодын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үйл явц зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн түвшинг бууруулах маш том түлхэц болж өгч байна.

Хоёрдугаарт техник технологи хөгжихийн хирээр дэлхий даяар банкны бизнесийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Өмнө нь харилцагч заавал банкан дээр ирж, хүсэлтээ тавьж, ашиг орлого бүхий төслөө тайлбарлан, их хүнд сурталтайгаар санхүүжилт авдаг байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ болж байна. Харилцагч заавал банкан дээр ирэлгүйгээр, зээлийн хүсэлт өгөөгүй байхад нь хиймэл оюун ухааныг ашиглаж, өөрсдөд нь эрсдэлд оруулахгүй хэмжээний зээлийг нь  батлаад явуулж байх жишээтэй. Үүнийг  л харилцагч төвтэй гэж яриад байгаа юм. Яг өөрт нь таарсан теллер бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, банк харилцагч хоёр шууд харилцах, асуудал болоод санхүүгийн хэрэгцээг нь хангадаг энэ систем бол дэлхий нийтийн хандлага болчихлоо. Тийм учраас энэ хоёр зүйлийн дагаад манай дотоодын банкны өрсөлдөөн  маш ширүүн өрнөж байна.

Б.Болорчимэг:  Салбарын өрсөлдөөн дотоодын  зах зээл дээр ширүүн болж байгаа энэ үед Худалдаа хөгжлийн банкны өрсөлдөөнд ялгарч баримтлах бодлого нь юу вэ?

О.Орхон: Манай банкны гол ялгардаг зүйлүүд бол олон улсын нэр хүнд, олон улсын харилцаа, гадаад төлбөр тооцоо, гадаад худалдааны санхүүжилт, томоохон төслүүдийн санхүүжилт гэх мэт үнэхээр энэ зах зээл дээр тэргүүлж байгаа олон зүйл байна. Жишээ нь Монгол улсын гадаад худалдааны санхүүжилт, актив баталгаа, импортын дараах зээл гээд гадаад худалдааны нийт санхүүжилтийн 60-70 хувийг Худалдаа хөгжлийн банк дангаараа санхүүжүүлж байна. Дээрээс нь нийт Монгол улсын гадагшаа болон дотогшоо чиглэсэн мөнгөн урсгалын бараг 80%-ыг дангаараа хийж байна. Энэ бол үнэхээр том үзүүлэлт, том ялгаа.  Энэ онцлогоос шалтгаалан хүрч чадахгүй байсан иргэдийн зах зээл рүү бол бид хүрч эхэлж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд 2016 оныг хүртэл, 26 жилийнхээ түүхэнд манай банканд тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүн байдаггүй байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр харилцагч болоод банкны маань нас ч явж байна. Банкны харилцагчдын хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Тэр утгаараа бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм. Цаг үеэ дагаад бидэнд бусдаас ялгарах онцлог дээрээ нэмээд бусдын адил үйлчилгээг үзүүлэх шинэ зах зээл шинэ нээгдэж байгааг бид нар харж байна.

Б.Болорчимэг: Эдийн засгийн эргэлт сайжирч байгаа учраас банкнуудын зээлийн болон хадгаламжийн хүү буурч байгаа гэлээ. Яг тодорхой хувиар хэлбэл хэдэн хувиар буурч байна? Цаашид хэдэн хувиар  буурах төлөвтэй байна вэ?

О.Орхон: 2018 оны эцсээр доод тал нь жилийн 3% , цаашлаад 4-5% буурах нөхцөл байдалтай харагдаж байна. Яагаад гэхээр бүх банкууд оны эцэст өндөр хөрвөх чадвартай гарсан. Үндсэндээ 4 орчим их наяд төгрөг Монгол банкны богино хугацаатай үнэт цаасан дээр байршиж байсан. Энэ бол өнөөдрийн манай эдийн засгийн хувьд  багагүй том хэмжээний мөнгө. Он гараад банкнуудын өрсөлдөөн ширүүсч, энэ мөнгийг банкандаа  байршуулах тал дээр анхаарч байна. Төв банк өнгөрсөн оны эцэст  хоёр ч удаа бодлогын хүүгээ бууруулсан. Энэ нь мөнгөний бодлогыг зөөлрүүлж байна.  Одоо эдийн засаг тогтворжиж байна. Тийм учраас аль болох “зээл олголтоо нэмэгдүүлээ” гэсэн дохиог банкууд маш соргог хүлээж авсан. Оны эцэст зээлийн дундаж хүү 19% гэж байсан бол энэ оны эцсээр 16% болох төлөвтэй байна. Энэ бол сүүлийн хэдэн жил харагдаагүй  үзүүлэлт болох байх. 

Б.Болорчимэг: Бизнес эрхлэгчдэд маш сайхан мэдээ байна.

“Банкнуудын санхүүжилт  уул уурхай, барилга зэрэг эрсдэлтэй секторууд руу төвлөрч болохгүй гэдгийг бид өнгөрсөн хямралын  алдаан дээрээсээ суралцсан.

Харин банкнууд импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспорт руу чиглэсэн санхүүжилтийг хийх тал дээр илүү анхаарч ажилллаж байна.”

Манай нэвтрүүлэг орж байгаа бизнес болгоныхоо олон улсад гарах боломжийн талаар ярилцдаг. Та бүхэн жижиг дунд үйлдвэрлэл болон бизнесүүдийг экспортонд гаргахад нь дэмжсэн бизнесийн зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа юу?

О.Орхон: Тэгэлгүй яах вэ. Манай банкны хувьд энэ хамгийн гол зорилго.  Яагаад гэхээр үндсэндээ манай эдийн засгийн бүтэц болсон уул уурхай, барилга орон сууц, гадаад худалдаа, үйлдвэрлэл сүүлийн үед бага багаар өсч байна. Жижиг дунд үйлдвэрүүдийг олон жилийн турш дэмжсэний ачаар шүү дээ.  Тэгэхээр цаашдаа банкнууд  ямар секторыг, ямар эдийн засгийг дэмжих юм бэ? Эдийн засгаа төрөлжүүлэх солонгоруулах тал дээр банкууд ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг дээр сайн бодох ёстой асуудал болж байгаа юм.

Сүүлийн үеийн хэд хэдэн удаагийн хямрал эдийн засгийн уналт удаашралаас харахад,  уул уурхай, барилгын салбар маш  тогтворгүй юм байна гэдгийг мэдэрлээ.  Бодлого болоод гадаад зах зээл, түүхий эдийн үнэ зэргээс их хамааралтай байдаг юм байна гэдгийг хаа хаанаа ойлгоцгоосон байх.  Өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засаг банкнуудын толь нь болсон. Банкнуудын санхүүжилт тэр эрсдэлтэй секторууд руу төвлөрч болохгүй гэдгийг бид нар алдаан дээрээсээ суралцсан. Харин бид одоо юун дээр анхаарч байна вэ гэхээр импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дээрээс нь экспорт руу чиглэсэн санхүүжилтийг хийх тал дээр илүү анхаарч байна.  Заавал жижиг, дунд байх албагүй том хэмжээний экспорт гарах тусмаа л энэ улсад хэрэгтэй. Бидэнд асар том боломжууд ч байгаа. Тиймээс харилцагч нараа дэмжихийн төлөө ажиллаж байна.  Дээрээс нь харилцагч нартаа банкныхаа өргөн гадаад харилцааг ашиглаж, харилцагч нартаа гадаадын түнш, худалдан авагч олж өгөх, гадаадын хөрөнгө оруулагч нартай холбож өгөх суудал дээр  бид их  анхаарч ажиллаж байгаа.  Үүний нэг жишээ бол манай банк Токио хотод төлөөлөгчийн газраа байгуулсан. Яагаад заавал Токиог онилсон бэ? гэхээр хоёр улсын хооронд анх удаа чөлөөт худалдааны гэрээ байгуулагдаж,  хоёр улсын бараа татваргүй явахаар болсонтой шууд холбоотой. Үүнийг дагаад Японы хөрөнгө оруулагчид Монголыг их сонирхдог болсон. Зөвхөн манай соёл урлаг спортоор Монгол улсыг мэддэг байсан. Харин  одоо “яагаад бизнесийн талбар байж яагаад болохгүй гэж” гэдэг талаар харж байна. Хоёрдугаарт Япон улс маш хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр. Технологийн өндөр дэвшилтэт учраас маш их ноа-хау байдаг. Хамтраад эхлэх л юм бол хүнд хэцүү цаг үед ч дэмжиж олон жил хамтарч ажиллаж ирсэн түүхтэй.  Ийм соёлтой ард түмэн учраас  бид Япон  улсыг түрүүлж сонгосон юм. Бид энэ хугацаанд Японы жижиг, дунд банкнууд болоод бүс нутгийн банкнуудтай харилцаа холбоо тогтоож чадсан байна. Эргээд маш олон Японы иргэд манай банканд дансаа нээж байна. Монгол улсыг мэддэг болж байна. Улмаар бизнесүүдэд хөрөнгө оруулж маш олон жижиг дунд компаниуд Монголд ирж хамтарсан компаниуд байгуулж байна. Энэ тал дээр бол маш их ахиц гарч байгаа. Ийм учраас экспортыг дэмжих, импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогынхоо хүрээнд бид Монголынхоо компаниудад Японд түншүүд олж өгөх, тэдгээрийн хоорондын бизнес харилцаа, худалдааг үүсгэх тал дээр ажиллаж байна. Ингээд үүсгэсэн бизнесийн худалдаан дээр банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэсэн үе шаттайгаар, бодлогоо хэрэгжүүлэх үүднээс, Япон улсыг сонгож анхны төлөөлөгчийн газрыг байгуулсан. Ганц бэрхшээл нь олон улсын стандартыг хангадаг Япон улсын стандартыг хангаж ажиллахад цаг хугацаа, хөрөнгө оруулалтууд манай компаниудад шаардлагатай болж байна.

Б.Болорчимэг: Манай бизнес эрхлэгчид  импортыг орлох, экспортод гаргах тал дээр боломжийг харж чадаж байна уу ямар төслүүд орж ирж байна вэ?

О.Орхон: Ер нь  бол манайхан боломжуудыг сайн харж чадаж байгаа. Манай улс 1990 оноос хойш бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн импортоллоо. Үүнийг тодорхой бренд болон чиглэлээр нь хуваагаад авсан худалдааны маш олон компаниудтай бид харилцдаг. Тэдгээрийн хувьд Монголынхоо зах зээлийг өөрсдөө хангаж болох юм байна өөрсдөө үйлдвэрлэж болох юм байна гэдгийг харчихсан байгаа. Тэгэх юм бол энэ тээврийн чанарын асуудал, олон татварын асуудал, цаг хугацаа хэмнэх гэх мэт маш олон зардлыг хэмнэнэ. Түүнчлэн дотооддоо нэмэн өртөг бий болгож,  үйлдвэрлэл бий болгож, улмаар ажлын байр бий болгож болохыг  компаниуд хардаг болсон байна. Үүн дээр санаанд байгаа нэг жишээ дурдвал: Монголын ургамлын тосны дийлэнх хувийг  импортолдог компани Монголдоо тосны үйлдвэр барихаар шинэ төсөл хэрэгжүүлээд одоо яг нээлтээ хийх гээд байж байх жишээтэй.

“Манай улсад  одоо л нэг бүх юмны цаг хугацааны тохироо бүрдэж, эдийн засаг сайжирч эхлэж байна. Гадныхан Монголын бизнесүүдэд хөрөнгө оруулах хандлага сэргэж байна. ” 

Б.Болорчимэг: Өнөөдөр санхүүгийн салбарын төлөөллүүд цугласан байна. Сүүлийн жил гарангийн хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээр хэд хэдэн бизнесүүд амжилттай IPO гаргаж, санхүүжилт босгож чадлаа. Монголын хөрөнгийн биржийн идэвхжил хэр урт хугацаанд үргэлжлэх вэ? Туйлшрал байна уу гэж зарим хүмүүс хардаад байгаа.  Боломж үнэхээр байна уу?

О.Орхон: Эхний туршилтууд амжилттай хийгдэж байна гэж хэлж болно. 1995 оноос хойш 2 дахь зах зээл эхэлснээс хойш үндсэн утгаараа IPO маш цөөхөн л хийгдсэн.  Олон улсын хөрөнгийн бирж юунаас хамаардаг вэ? гэхээр тухайн улсынхаа эдийн засаг, өсөх боломж, явуулж байгаа бодлого, цаашдаа компаниудын ашиг орлогод хэрхэн нөлөөлөх вэ гэх мэтчилэн маш олон зүйлээс хамаарч  эдийн засаг хэлбэлздэг. Манай улсад  одоо л нэг бүх юмны цаг хугацааны тохироо бүрдэж байна. Эдийн засаг сайжирч байна.  Олон улсын валютын сан орж ирээд хөтөлбөр явагдаж байна.  Итгэл сэргэж байна.  Ер нь хөрөнгө оруулагчид буцаад Монгол руу хандаж эхэлж байна.  Яг энэ үед хэд хэдэн туршилтууд хийж үзлээ. Манай залуучууд маш сайн амжилттай энэ туршилтуудыг хийсэн, цаашид ч боломж байна гэж харж байгаа.  Одоогийн байдлаар нийт банкны сектор бараг 15-16 их наяд төгрөг болчихсон. Гэхдээ яг тэрэнд хүрч хөгжитлөө үнэхээр бага байна. Гэхдээ аливаа шат шатаар ахина. Боломжтой юм байна гэдгийг харсан учраас маш олон “start up”-ууд болон экспортын чиглэлээр Монгол улсынхаа нэрийг гаргах гээд явж байгаа компаниуд зэрэг  яах аргагүй ар араасаа гарч ирэх бол уу? гэж найдаж байна.

Б.Болорчимэг: Таны хувьд сая  сүүлд хөрөнгийн зах зээл дээр анализ хийгээд, идэвхтэй ажиллаж байсны хувьд боломж цаашаа хэдий хүртэл байх вэ?

Ч.Анар: Асуулт  туульширал байна уу? эрэлт байна уу? гэлээ.  Ер нь бол аль аль нь байна. Манай санхүүгийнхэн болон математикийн багийнхан энэ тооцооллыг маш сайн хийсэн.  Бид математик загварчлалын үндсэн дээр  яг гарахын өмнө юу болох вэ? дараа нь юу болж байна гээд анализ хийгээд яваад байгаа. Тэгээд харахад яалт ч үгүй эрэлт ч байна, туйлшралд ч бас байна.  Туулширал байна гэдгийг бид нар тооцож үзсэн мэдэж байсан. Тэр туйлшрал нь манай компанид маш сөрөг нөлөөтэйгээр мэдрэгдсэн.  Гэхдээ хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн зохицуулах хороо маань маш зоримог шийдвэр гаргаж байгаа.  Дээрээс нь цаашдаа зоригтой, зоригтой IPO хийж байна. Энэ бол том золиос шүү дээ. Залуучуудыг улс төрийн шалтгаанаар янз янзын байдал руу цавчиж хаяад байгаа нь энэ туйлширлын шалтгаан гэж хараад байна. Бид  хамгийн олон хүнд хувьцаа тарааж үзье. Эд нар маань яах нь вэ? Ямар анализ гарах нь вэ? гэж үзсэн.  Өнөөдөр бидний сибилиаз хийсэн загварчлал, яг зөв  адилхан явж байна л даа. Хөрөнгийн зах зээлийн бараг ойлголтгүй хүмүүс  манай компани дээр маш их орж ирж байсан. Тэд нар маань “one day trader” гэж ярьдаг богино хугацааны арилжаалагчид байгаа. Гэхдээ тэд нарт одоо таван толгойн хувьцаа гарч ирэхээс өмнө, дахиад маш олон IPO гарч ирэхэд ойлголттой байх суурийг нь тавиад өгч байгаа юм.  Боломжийг нээж болох юм байна гэдгийг харуулсан гэдэг утгаараа бид өөрсдийгөө золиосолж  нэлээн том зоримог алхам  хийсэн  гэж бодож байгаа. Боломж, туйлшралын аль аль нь байна,  гэхдээ энэ бол муу юм биш. Туйлшрал бол байх ёстой. Гэхдээ энэ туйлшралыг зөв тал руу ашиглах ёстой. Миний хамгийн их бухимддаг юм юу вэ? гэхээр тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүс олон нийтэд мэдлэг хүргэхээсээ илүү өөрсдийн байр сууриа , олон нийтэд таалагдахын тулд маш их популизм хийдэг. Түүнийг нь мушгин гуйвуулж ашигладаг. Энэ хандлага арилахгүй байгаа нь санаа зовоож байна.  Үүнийг засахын тулд нийгмийн маань боловсролын түвшин дээшлэх хэрэгтэй болоод байна. Яг ингээд ярихаар яалт ч  үгүй суурь боловсрол гэдэг юм руу орчихоод байдаг байхгүй юу.

Ч.Ганхуяг: Манай Анараа аягүй даруухан яриад байна л даа. Залуу хүний хувьд Монголын IPO хийсэн түүхэнд анх удаагаа хүссэн мөнгөнөөсөө 16-17 дахин их мөнгийг дансанд төвлөрүүлээд хүмүүсийн итгэл дээр залуучууд чадна, Монголчууд чадна, бирж нь бэлэн болчихсон байгаа гэдгийг харуулсан шүү дээ. Хэдхэн сарын өмнө болох юм байна, бүтэх юм байна, хийж итгэж болох юм байна гэдэг олон түмний итгэл төрсөн.  Харин энэ нурахад амархан. Анод, Зоос банкнуудын жишээ байна. Тухайн үед холбогдох байгууллагууд нь буруу шийдвэрүүдийг гаргаад, ажлаа хийгээгүй дампууруулсан. Хадгаламж зээлийн хоршоо өөрөө муу зүйл биш бас л хийх ёстой ажил. Төр нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах ажлуудаа хийгээгүй.  Ганц хоёр муу хүнээс болоод бүхэл бүтэн тэр салбарыг болон  бидний амьдралыг хойшоо татагдаад байгаа байхгүй юу. Үүнийг гаргахгүй байхын төлөө бид нар ажиллаж байна. Нэг талдаа хүмүүс өөрсдөө мэдээлэлтэй мэдлэгтэй байх хэрэгтэй, нөгөө талдаа төр  аюулгүй байдлыг ханган ажиллах ёстой.

Хувь хүмүүс өөрсдөө өөрийнхөө гаргаж байгаа сонголт шийдвэр дээр хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Хувьцаа авна гэдэг чиний л асуудал. Ашиг хийвэл тэр ашиг таных л болно. Бид биткойн, блокчэйн гэж ийм юм байдаг юм, гээд юм байдаг юмаа гээд ярьсан чинь хүмүүс “bit coin”-ийн үнэ унахад улс төрийн дайралт хийгээд, би тэр “bit coin”-ийг чинь хийгээд зараад байгаа юм уу. Тиймэрхүү нэг өчүүхэн жижиг аар саар асуудлаар хойш нь амьдарлаа татахгүйгээр цөмөөрөө дандаа урагшаа харж ажиллаж амьдрах хэрэгтэй байна гэдэг талаас нь ойлгуулахыг хүсч байна. Өнөөдөр бидний ингэж ярилцаж байгаагийн зорилго ч тэр гэж бодож байна. Бид нарын ингээд харвал санхүүгийн салбарын өрсөлдөгчид гэж харахаар. Гэхдээ бид дотооддоо, хоорондоо өрсөлдөөд хол явахгүй.  Бид нэгдээд,  дэлхийтэй өрсөлдөж байгаа гэдгээ санах хэрэгтэй.

Хөрөнгийн зах зээлийн боломжийн хувьд  түүхэн цаг хугацааны тохироо бүрдчихлээ. Тиймээс бүгдээрээ цаг алдалгүй хөдлөх л хэрэгтэй гэмээр байна.

Б.Болорчимэг: Тэгвэл бидний олон улсад гарах Монгол брэндинг яг юу юм бэ?

О.Орхон: Бидний түүхэнд хусавч арилахгүй брэнд байна.  Энэ сайхан том газар нутаг, цэвэр онгон байгаль,  мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил хадгалагдаад ирчихсэн байна. Тиймээс өнөөдөр бид нар газар доорх баялгаасаа илүү газар дээрх  баялгаа ашиглах боломжийг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн явж байгаа чиг хандлагатай Монгол улс нийцэж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр бидний брэндинг бол цэвэр экологийн оригинал бүтээгдэхүүн, үйлчилгээ юм гэж харагдаад байгаа юм. Тиймээс л хөдөө аж ахуй, органик хүнсний бүтээгдэхүүн, дээрээс нь нанотехнологид болон биотехнологид ашиглаж болох маш олон өгөгдлүүд генетикүүд, генийн суурь Монгол улсад байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлд ажиллаж олон улсад гарах боломж байна.

Мөн үүн дээр  хамгийн гол брэнд нь бол энэ бүхний ард Монгол хүн байх ёстой. Яагаад гэхээр Монголчууд бид нар цөөхөн ард түмэн. Бидний сэтгэн бодох, хөгжүүлэх чадвар маш сайн. Үүн дээрээ түшиглэх хэрэгтэй. заавал 3 саяуудаа уурхайчин, малчин эсвэл банкир юм уу санхүүгийнхэн байх албагүй. Бид 3 сая мундаг эрдэмтэй  инженерүүд, зохион бүтээгчид, дэлхий нийтийн технологийг Монголд хийж байдаг гол цөм нь тархи нь болох боломж харагдаад байгаа юм. Энэ брэндийнхээ л төлөө бүгдээрээ нэгдсэн  концепцэд хүрчихвэл ажиллаж болох юм шиг санагдаад байгаа юм даа.

Ч.Ганхуяг: Блокчэйн технологи дээр бидэнд маш их боломж гарч ирж байгаа. Интернэтийг ярьж эхэлж байхад, бид энд картын бараандаа оочирлож байсан болохоор юун интернэттэй манатай хоцорч байсан.

Харин сүүлийн 4-5-н жилийн өмнөөс яригдаж эхэлж байгаа блокчэйн технологи дээр бидэнд үсрэлт хийх боломж байна.  3-4-н жилийн өмнөөс нийтэд жоохон түгж эхлээд гэхдээ сонирхох, үл итгэх байдлаар хандаж байгаа дээр нь бид нар түрүүлээд хөдөлчих боломж байна.  Бид  саяхан сарын өмнө блокчэйн дээр суурилсан крипто валют  зарлалаа. Блокчэйн академиа зарлалаа. Блокчэйн-ийг манайхан зөвхөн биткойн гэж ойлгох гээд байна. Үүнийг олон байдлаар ашиглаж болно. Жишээ санал хураалтыг дарга тоолохгүй, тамга дарж тоолохгүйгээр систем өөрөө тоолчихож байх жишээний. Нэг ёсондоо  төвлөрсөн бус байдлаар гэсэн үг. Сая Lendmn.mn-ийнхэн онлайнаар захиалга авсан. Би өөрөө оролдож үзээгүй л дээ. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаагаар шууд утаснаасаа брокер луугаа мөнгөө шилжүүлээд дансаа нээгээд арилжаанд оролцох боломжтой болсон гэсэн.  Хэрвээ тийм боломжийг нь нээгээд өгвөл хүмүүс ингэж түгжрэхгүйгээр, хөрөнгийн бирж дээр оролцох хүсэлтэй  л гэж байна. Ерөнхийдөө энэ талаас нь хараад Монголд явж байгаа үйл явц нь дэлхийд өөдөө гарах шат болоод байна гэдгийг залуучууд ярьж байна. Бидэнд бахархах брэнд байгаа. Гэхдээ дандаа өнгөрсөн баларснаа ярих биш. Одоо юу хийж болохоо ярилцах хэрэгтэй.

Ч.Анар: Манай компанийн зорилго бол Монгол брэндинг гэдгийг гаргах олон улсад гаргах.  Монголын олон мундаг залуучууд Стэнфордын  “IT”-ийг төгсөөд Токиогийн их сургуулийг төгсөөд л том компанид ажиллаж чадаж байна. Даанч гол нь нэгддэггүй.  Тиймээс манай “Анд глобал” Монгол залуучууд нэгдээд хийж чаддаг, олон улсад гарч чадна гэдгийг өөрсдөө харуулъя гэж шийдсэн. Хүмүүс манайхыг  “Lend.mn” л гэж хараад байгаа болохоос биш, манайх чинь одоо Филипинд банк авчихсан ажиллаж байна.  Одоо Индонезод хэлэлцээр явж байна. Бид нар намраас Монголдоо дахиад нэг том бүтээгдэхүүн зарлах гэж байна. Манай санхүүгийн корпораци дээр Merril Lynch-ийн хөрөнгө оруулалтын газрын захирал өчнөөн сая долларын цалинтай хүнийг Монголчууд бид тэр хүнд ажиллах биш, цалинжуулаад ажиллуулж байна. Энэ бүхэн боломжтой гэдгийг бид харуулахыг зорьж байгаа. Тэгэхээр Монголчууд бид нарын зорилго бол Чингис хаанаасаа илүү том брэндийг технологийн салбар дээр гаргаж ирье.

Б.Болорчимэг: За одоо та бүхний харин хувь хүнрүү нь чиглүүлсэн асуултаа асууя. Та нарын хамгийн дуртай алдаа нь юу вэ? Тэр алдаа нь магадгүй дараагийн шатанд гарах тулгуур болсон тийм түүхээсээ хуваалцаач?

Ч.Анар : Би чинь байнга алдаж явдаг хүн. Алдаж яваад алдаагаа судалсаар санхүүгийн бизнес рүү орчихсон шүү дээ. 

Хуульч хүний мэдлэг чадварыг дутуу үнэлээд алдсан 600 долларын алдаа миний амьдралд маш том сургамж болж байсан юм. 

Би 2010-2013 онд тоглоом хөгжүүлэлтийн компанитай байлаа. Нэлээн амжилттай явж байсан. Бид гадныхны захиалгаар ажил гүйцэтгэдэг байсан юм. Монгол руу их хэмжээний мөнгө шилжүүлж болдоггүй болохоор бид төлбөрөө Хонг Конгд нээсэн компанийнхаа дансаар авдаг байлаа. Тэгээд өөрсдөө тусдаа компани байгуулаад өөрсдөө хийж үзье гэж шийдээд Хонг конг дахь дансаа хувийн данс руу шилжүүлэх хэрэг гарсан юм. Гүйлгээг хийхийн тулд хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй болсон. 

Тухайн үед банкных нь өмгөөлөгч би чамд цагийн 600 доллараар консалтинг хийгээд өгье гэхэд нь Би ганцхан цагийн зөвлөгөө өгөөд 600 доллар байхдаа яадаг юм гээд зөвшөөрөөгүй. Тэгээд би өөрөө мэдээд л гүйлгээгээ хийгээд компанийхаа дансыг хувийнхаа данс руу шилжүүлсэн. Тодорхой хугацааны дараа Монгол улс мөнгө угаахтай тэмцэх конвенцэд нэгдсэн. Тэр үед миний данс сэжигтэй гэж үзээд царцсан.

Тэгээд тэр процесс бараг 3-4 жил үргэлжлээд би чинь санхүүгийн маш хүнд хямралд орж, ажлаа хийж чадахаа больж байсан л даа. Дараа нь хуульчийн үнэ цэнийг ойлгоод баахан хуульч хөлсөлсөн ч хамгийн гол нь 100 % миний буруу учраас тэр кэйс дээр ажиллах хуульч дахиад олдоогүй. 

Хүний оюуны мэдлэгийн үнэ цэнийг дутуу үнэлж болохгүй. Бид мэдэхгүй юмаа мэддэг хүнтэй нь хамтраад хийх ёстой юм байна гэдгийг маш өндөр өртгөөр ойлгож авсан сургамж болсон 
 

Миний урдны хийж байсан төслүүдийн алдаанууд ч гэсэн дандаа гэрээгээ сайн хийгээгүйгээс л болж байсан юм


О.Орхон: Өнөөдөр манай монгол улсад нэг юм асар дутагдаад байгаа юм нь хүний хийсэн юман дээр алдаа олохдоо  их гарамгай болжээ. Харин улсаараа хийгээгүй зүйлээсээ болж хэчнээн их боломж алдаж байгааг ярихгүй байна.  Тэрийг бодитоор тооцоолоод гаргаад ирдэг судалгаа байхгүй болохоор хийгээгүй алдаагаа ярьдаггүй байхаа. Алдагдсан боломжийн өртөг гэж бид тооцолдог доо .  Бидний одоо гэнэт сөхөж яриад байгаа 1072 хувьцаатай болсон цаг хугацаа бол аль 2010 он шүү дээ. Тэр үед олон улсад түүхий эдийн үнэ огцом өсөөд манай Монгол улс эдийн засгийн хувьд маш таатай нөхцөл үүсэж байсан.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд Монголд ямар нэгэн бизнес олж авах гэж өрсөлдөж, бүр бааранд зодолдож байсан ч түүх байдаг.

Манай таван толгойг 10 тэрбум доллараар үнэлж, олон улсын хоёр гурван ч хөрөнгийн биржүүд дэлхийн түүхэнд байгаагүй үнэлгээгээр санал болгож байсан. Тухайн үед Монголын бирж Хонг Конг, Лондонгийн биржүүд дээр зэрэг явуулж 2 - 3 тэрбум доллар босгох боломж байсан.
Даанч тэр ажлыг улс төржүүлж, талцаж, буруу зөв мэдээлэл цацаж бодитоор харж чадахгүй, шийдвэр гаргахгүй шийргэнэсээр бид БОЛОМЖИЙГ АЛДСАН.

Тэгсэн бол өдийд хэчнээн төгрөгний нүүрс гаргах байсан юм, хэчнээн төгрөгийн татвар олох байсан юм, хэчнээн төмөр зам барчих байсан, хэчнээн хямрал болж үнэ унаж байсан ч манай эдийн засаг уналтанд орохгүй байх боломж байсан гэх мэтчилэн жишээнүүд тоо томшгүй их байна. Энэ бол юу ч хийхгүй байсан байрандаа л алдаа хийгээд сууж байгаагийн жишээ.

Одоо ахиад л том төслүүдээ хөдөлгөе, 1072 хувьцаа гээд л сөхөөд яриад байна. Энэ нь бас шийдэгдэхгүй хэдий хугацаа үрэх юм. 
Бизнест алдагдсан боломжийн өртөг гэж байдаг. Тэр бол хийгээд алдсан алдаанаас ч илүү том алдаа.

Бид ийм байдлаараа дараагийн боломжуудыг бас алдах вий гэдгийг ойлгомоор.

Монгол улс дэлхийн хамгийн том дата центр, блокчэйн, криптомайнинг болох боломж байна.

Хятад улс сая криптокаринси, криптовалиют олборлохыг хориглочихлоо. Хятадын маш олон компаниуд Хүйтэн уур амьсгал, эрчим хүчний боломжийг нь харгалзаад Канад, Оросыг зорьж байна.
Гэтэл яг үүн дээр Монгол улс хамгийн тохиромжтой улс. Маш том газар нутаг, уур амьсгалын хувьд тохиромжтой, хамгийн хямдхан нүүрсээр хамгийн хямд эрчим хүчийг үйлдвэрлээд дата центр, блокчэйн-ээ экспорт хийх боломж бүрэн байна. Үүнээс бид  хэдэн тэрбум доллар, хэдэн тонн нүүрстэй тэнцэхүйц хэмжээний орлого олж болно
Төрийг хүлээлгүй компаниуд нэгдэх хэрэгтэй.

Таван толгойн цахилгаан станц гэж таван жил ярилаа, тавдугаар цахилгаан станц гээд л аягүй бол 10 жил ярьсан байх.  Цахилгаан станцаа хурдан бариад хажууд нь дата центр босгох боломж байгаад л байна. Тэгээд хүнээ хөгжүүлэх. Нэгэнт ийм цогцолбор бий болчихвол залуучууд гадаадад сурч,  эргэж ирээд эндээ ажиллаад,  эрчим хүчний эх үүсгэврийг яаж хямдруулах тал дээр ажиллаад эхлэх л байх. Гол нь яриад суулгүй эхлэх хэрэгтэй байгаа юм.  

Ч.Анар: Үүн дээр хэлбэл  цахилгаан станц  өөрөө шөнө дандаа цахилгаан нь илүүдэж байдаг. Гэтэл дата центр 24 цаг нэг хэвийн тогоо хэрэглэж байдаг учраас цахилгаан станцаа барьчихад маш том боломж бий болж байгаа юм.  Гол нь  манай цахилгаан станцууд төртэй хэлэлцээ хийж чадахгүй байгаа шдээ. Гэтэл заавал төр гэхгүй  дэлхий дээр байгаа хамгийн хямд эрчим хүчийг экспортлохгүйгээр нэгдээд цахилгаан станц дата центр барьчихвал.

Ч.Ганхуяг: Улс маань өөрөө том төслүүдээ хөдөлгөхгүй ярьж суусаар нэг юмаа л мөргөөд дороо байгаад байдаг. Гэхдээ миний хувьд ийм зүйлүүдийг дуугүй өнгөрч чадахгүй хэлээд явдаг. Яагаад гэхээр хувиа л бодсон хэрэг. Би хөгширчихөөд харамсмааргүй байна. Тэрийг тэр үед нь боломж байхад, хүчтэй байхдаа засаад залруулчихдаг байж харамсаж суухгүйн тулд ярьж, хийхийг уриалж явдаг. Бид үр хүүхдүүдтэй боломжийг бий болгох хэрэгтэй.

Хувийн амьдрал дээр сорилтын хувьд олон сорилт, алдаатай тулгарч л явсан.

Тоолж үзсэн чинь 50-аад компани байгуулсан юм байна. Тэнгэр санхүүгийн нэгдлийг хасаад 20 хэдэн компани гэхээр дутуу байгаа болгон нь алдаа болсон байх.

Гэхдээ би алдаанаас айж няцдаггүй. Том төслүүд эхлүүлж байсан мөнгө алдаж үзсэн, сонгуульд нэр дэвшиж байсан алдсан. Гол нь алдаан дээрээ суралцаад өмдөө гөвөөд цаашаа явах нь чухал.

Ядуу хүн яагаад ядуу байдаг вэ?

Америкын нэг сургуулийн судалгаа гарсан байсан. Тэр хүн өглөө босоод орой би үр хүүхэддээ яаж талхны мөнгө олж ирэх вэ? гэж сэрдэг гэнэ. Тэгээд өдөржингөө зөвхөн тэрийгээ бодож явсаар орой нэг зүсэм талхтай гэртээ ирдэг. Дахиад маргааш өглөө босоод би яаж талхны мөнгө олж ирнээ л гэж боддог. Гэр бүлээ бол өлсгөхгүй яваад байна.

Гэхдээ тэр хүнээс бүтээлч санаа, аливааг том зургаар сэтгэх бодол шийдвэр хэзээ ч гарахгүй. Яагаад гэхээр тархи  өөрөө ганцхан л бодолд автаад, түүндээ стрессдээд байгаа учраас.

Бид аливааг том зургаар харж сэтгэх тал дээр сэтгэлгээгээ хөгжүүлэх хэрэгтэй.

 Б.Болорчимэг: За баярлалаа маш сонирхолтой санаанууд байлаа.

За бидний ярилцлагыг үзэж байгаа үзэгчдэд сонирхолтой байх асуулт бол ипотекийн зээл байх. Статистик мэдээг харах юм бол ипотикийн 8%-ийн зээлийн эргэн төлөлт  сайн явж байгаа юм байна. Эндээс дүгнээд үзэх юм бол иргэдийн санхүүгийн сахилга тогтворжсон гэж харахаар. Харин Цаашдаа барилгын салбар, төр, банк гурав  хамтраад бага орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх боломж байна уу?

О.Орхон: 8%-ийн зээлийн үр өгөөж, эдийн засагт оруулсан хувь нэмэр, иргэдийн амьдралд оруулж байгаа  өөрчлөлтүүдийг өнөөдөр улсаараа мэдэрч байна даа. 18 болон түүнээс ч дээш байсан хүүг  8 дээр аваачина гэдэг болвол маш их зардлыг хэмнэж байгаа. Мөн дээрээс нь  хугацааг нь урт болгож байна.

Бүр бага орлоготой иргэдийн хувьд өөр арга бодож олох шаардлагатай болж байна.

Энэ маань юу вэ? гэхээр заавал өнөөдөр  зах зээлийн  өндөр үнээр өндөр өртөгтэй  2-3 өрөө байр авч зээлэнд хамрагдаж явах уу? Эсвэл одоо байгаа өөрийн капиталаа ашиглаад, газар дээрээ хямд өртөгтэй хувийн өөрийн орон сууцтай болох уу гэдгийг иргэд маань бодож үзэх хэрэгтэй.   Ийм боломж бас нээгдэж ирж байгаа учраас энэ дээр нь илүү түлхүү анхаарч дэмжиж өгөх шаардлагатай юм болов уу гэж харж байна.

Энэ нь эргээд  утааг бууруулах, байгаль экологийн асуудалтай ч холбоотой нийгмийн асуудалтай ч холбоотой. Өнөөдрийн метр квадрат нь 1,5 сая,2 сая төгрөгөөр биш таван зуун мянган төгрөгөөр ч гэдэг юм уу,  өөрөөр хэлбэл нэг гэр бүл 30 сая төгрөгт багтаагаад хувийн орон сууцтай боломж байна. Тэрэнд нь зориулаад тодорхой хэмжээний зээл санхүүжилт ч гэсэн шийдэх тухай ярилцаж байгаа.

Инноваци ашигласан, технологийн шийдэл ашигласан, улс нийгэмдээ хэрэгтэй төсөл дээр байвал хамтарч би өөрөө хөрөнгө оруулна

Б.Болорчимэг: Бид бас олон компанийн гүйцэтгэх удирдлагуудтай уулзаж ярилцаж байхад нэг ойлголтон дээр  нэгдээд байгаа л даа. Хэдийгээр том бүтэцтэй компани байсан ч компанийн гүйцэтгэх удирдлагын арга барил нь  хамгийн бага нэгжийн ажилтны бүтээмжид хүртэл нөлөөлдөг юм байна гэдэг тал дээр.

Сүүлийн үед мөн  CEO брендинг гэдэг ойлголт ч хөгжөөд байна. Таны хувьд  гүйцэтгэх удирдлагын манлайлах арга барилаа яаж хөгжүүлдэг вэ?

 О.Орхон: Гүйцэтгэх удирдлагын удирдлагын арга барил компанид маш их нөлөөтэй байдаг юм байна гэдгийг саяхан манай дээр авсан хүний нөөц, байгууллагын соёлын судалгаагаар их тодорхой гарлаа. Маш сайн ойлгосон.

Миний менежментийн зарчим бол хүмүүсийг  ийм юм хий, тийм юм хий гэж үүрэг өгөөд суугаад байхдаа биш. Өөрөө оролцож, өөрөө манлайлж,  өөрөө сэтгэж,  удирдах нь зүйтэй юм байна гэж ойлгосон. Эхний үедээ нэг салбар нэгж хариуцаж байхад  хүнээр хийлгээд ажиллаж болж байсан бол одоо банкаа том зургаар харах юм бол өөрөө заавал манлайлахгүй болохгүй.

Заавал доороос бүтээлч санал гарч ирэхийг хүлээх юм бол их цаг хугацаа ойлголцол алдах юм байна лээ. Дээрээс нь маш их хурдацтай хөгжиж байгаа үед маш ихийг уншиж, мэдэж яг хариуцаж байгаа мэргэжилтэн, бизнес хариуцаж байгаа захирлаас дутахгүй чадвал бүр илүү хэмжээний ойлголттой байж гэмээнэ  энэ иновацыг хийхгүй хоцрогдох гээд байна, буруу шийдвэр гаргах юм бол үргүй зардал үргүй хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хамтран ажиллах санал тавьж байгаа финтекүүд ч бай, ер нь олон компаниудтай уулзахад тэдгээрийн ярьж байгаа зүйл санал болгож байгаа зүйлийг өөрсдөөс нь дутахааргүй мэдэж ойлгочихсон байхгүй бол  хамтарч ажиллана, нээлттэй байнаа гэдэг нэрийдлээр хөтлөгдөөд явах юм бол буруу тийшээгээ залагдах эрсдэлүүд байгаа.

Банкандаа 21 ажиллахдаа голд нь ажлаасаа гарч, нефть импортын салбарт хувийн бизнес хийх гэж оролдож байсан. Гэхдээ бүтэлгүйтсэн....

Ч.Анар: Би чинь нэг  өдөр юу ч үгүй болоод л, тэгээд  бүгдийг нь босгоод л яваад байсан. Над шиг тийм байдалд ороод, ентерпрёнер болох хэрэгцээ гараад бүх юмыг тэгээс эхлэх бол та юу хийх вэ?

О.Орхон: Үзээгүй биш үзсэн. Банканд ажиллаж байхдаа дундуур нь нэг завсарласан.

Би 1997 он их сургуулийнхаа ширээнээс шууд төрөлх банкандаа ажилд орж одоо 21 дэх жилдээ ажиллаж байна.

Дунд нь харин 2004 онд банкнаасаа гарсан. Бизнес хийгээд болчих ч юм шиг санагдаад, амьдралаа өөрчилье гээд тэр шийдвэрийг гаргаж байлаа. 
Гадаадад мастераа хамгаалаад ирээд 2 жил болчихсон, гадаад хэл маань ч эрс сайжирчихсан, өөрийгөө “болчихлоо” л гэж бодсон л доо.

Арай жоохон дорвитойхон юм хийе гээд харилцаан дээр тулгуурлаад, төлбөр тооцооны инноваци ашиглаж нефтийн бүтээгдэхүүнийг Оросоос оруулж ирэх бизнес хийх гэж оролдсон. Амихандаа л инноваци ашигласан шинэлэг бизнес хийлээ гэж бодсон. Гэсэн ч банкинд ажилласан туршлага байсан боловч, бизнес хийж байсан туршлагагүй болохоор бүтэлгүйтсэн дээ.

Амьдрал үнэхээр баялаг. Тухайн үедээ өөртөө зөв гэж бодсон мэдрэмжээрээ шийдвэр гаргаад магадгүй буруудсан юм шиг хэсэг хугацаа өнгөрөвч амьдрал баялаг юм чинь хүн эргээд очдог юм байна , илүү ч явж болдог юм байна. Буруу шийдвэр гаргачихав уу гэж бодож байсан зүйл чинь чиний амьдралын эргэлтийг хийх хамгийн зөв шийдвэр байсныг цаг хугацаа харуулдаг.

Одоо бол би арай өөр юм боддог болсон. Одоо өөрт илүү ашигтай гэдэг юмуу тухайн хөрөнгө оруулж байгаа компанидаа ашигтай гэхээсээ илүү энэ нийгэмд нийгэмд үр өгөөжтэй, цоо шинэ зүйлийг арга барил нэвтрүүлсэн,  эсвэл урт хугацаанд тогтвортой явах  төслүүд дээр хөрөнгө оруулж  хамтарч дэмжиж ажиллах бодолтой болсон. Банкныхаа зээлийн бодлогодоо бид нар энийгээ тусгаж чаддаггүй.  Яг ийм юм байвал зээл олгоно,  ийм юм бол дэмжихгүй гэсэн хатуу журамтай байдаг.

Миний хувьд болохоор  инноваци ашигласан, технологийн шийдэл ашигласан төсөл байвал би хамтарч хөрөнгө оруулна гэж бодож байгаа.


Ярилцлагын үргэлжлэлийг “Бизнес өрөг” нэвтрүүлгээс...