Хүчирхэг Монголын төлөө хүчирхэг Оюу толгой

Нийтлэл / Арнауд Суарат
2018 оны 06 сарын 14

Оюу толгой компанийн 14,000 Монгол ажилчид, 1,000 гаруй ханган нийлүүлэгчийн 30,000 гаруй ажилчид хамтран хийж буй, гайхамшигт бүтээн байгуулалтын ажлыг нүдээр үзэн, биечлэн танилцах зорилгоор Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группын гүйцэтгэх удирдлагын баг энэ долоо хоногт Монгол Улсад ажиллаж байна.  
 
Оюу толгойд айлчлан очсон хэн ч сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй билээ. Тус уурхайд хөл тавих боломж олдсон хүн бүхэн тэнд өрнөж буй асар их эрч хүч, ажиллагсдын хүсэл зориг, чин эрмэлзэл, гүний уурхайн бүтээн байгуулалт дахь техникийн нарийн түвэгтэй ажиллагаа, түүний зэрэгцээ өмнийн говийн байгалийн үзэсгэлэнг шүтэн, биширдэг юм. Миний бие болон удирдлагын багийнхан, түүнчлэн дэлхийн даяар мега төслүүдэд ажиллаж явсан туршлага бүхий уурхайчдад ч энэхүү төсөл сэтгэлд хоногшин үлдэх, онцлог өвөрмөц сэтгэгдлийг төрүүлж байдаг билээ.  Оюу толгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд тус уурхай дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх том уурхай болж, зэсийн ирээдүйн зах зээлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээх энгийн хэрнээ гүнзгий агуулгатайэнэхүү баримтыг бид огоорч болохгүй билээ. Тус төсөл нь ажлын байр, техникийн ур чадвар, боломжийг монголчуудад хэдийн олгож эхлэн, зам, эмнэлэг, сургууль зэрэг чухалд шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах эх үүсвэрийг Монгол улсын Засгийн газарт төвлөрүүлж ирлээ. Оюу толгойг дагалдан олон арван шинэ бизнес үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эдгээр бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, үргэлжлүүлэн явуулах боломжийг хангах нь бидний зорилго болж байна.  
 
Гэвч Монгол Улсад цаашид ч үр шимээ үргэлжлүүлэн хүртээхийн тулд бидэнд бат бэх суурь шаардлагатай юм. Бат бэх, хүчирхэг суурьгүй баригдсан барилга нуран унах нь тодорхой. Оюу төслийн нэгэн бат бэх суурь нь газрын гүнд 1,300 метр үргэлжлэн бүтээн байгуулагдахын зэрэгцээ өөр нэг суурь нь 2009 онд хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2015 оны Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг үндсэн гэрээ хэлэлцээр дээр суурилж буй юм.  

оюутолгой зурган илэрцүүд
 
Оюу толгойн хийж бүтээсэн бүхий л зүйлс нь эдгээр гэрээнд заагдсан, бүхий л оролцогч талуудын үүрэг, зорилтуудын үндсэн дээр хэрэгжиж ирсэн. Энэ тодорхой заалтуудгүйгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг дэмжиж буй бүх хувьцаа эзэмшигчид болон олон улсын санхүүгийн 15 байгууллага нь Монгол Улсад нэмж 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт үргэлжлүүлэн хийх боломжгүй байсан юм.    
 
Оюу толгой нь мега төсөл бөгөөд дэлхийн хэмжээнд өөрийн төрөлдөө хамгийн томд тооцогдоно. Ийм төрлийн төслийг хэн нэгэн хүн эсвэл компани дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Ийм хэмжээний төсөл нь итгэлцэл, түншлэлийг шаардах ба зөвхөн техникийн хүч бололцоонд тулгуурлан хэрэгжих боломжгүй юм.  
 
“Дубайн гэрээ” хэмээн заримдаа нэрийдэж буй Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (UDP) нь Оюу толгойн ирээдүйг тодорхойлж, Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чухал баримт бичиг болсон. Энэхүү гэрээний талаар Монгол Улсад олон янзын тайлбар гарсаар буй, эдгээрийн зарим нь баримтад бус харин хувь хүмүүсийн үзэл бодолд үндэслэсэн болохыг ч миний бие сайтар мэдэж байна. Үүнтэй холбоотойгоор миний зүгээс хэлж чадах зүйл бол Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг бүхий л талууд өөрсдийн хүсэл зоригийн хүрээнд хэлэлцэн тохирсон бөгөөд үүнийг буруугаар тайлбарлах нь зөвхөн улс төрийн л 
зорилготой юм. Энэхүү гэрээгүйгээр өнөөдрийн Оюу толгойн үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан юм.  
 
Гэрээг бүрэн уншиж танилцсан Монголчууд хэд байдаг бол хэмээн би заримдаа боддог юм. Гэрээг хийсэн даруйд нь бид, Монголын иргэд болон дэлхий нийтэд зориулан цахим хэлбэрээр ил тод болгон байршуулсан тул хэн ч үүнийг олж, унших боломжтой буй юм. Бидэнд нуун далдлах зүйл юу ч байхгүй.  
 
Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь шууд заасан заалт бүхий баримт бичиг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хооронд өмнө үүссэн асуудлуудыг шийдэж, Монгол Улсад хүргэх үр шимийг нэмэгдүүлэхэд дэм болсон. Энэхүү гэрээгүйгээр бид бараг хоёр жил сул зогссон гүний уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх, Монгол Улс болон Оюу толгой төслийг дэмжиж буй олон улсын санхүүгийн 15 байгууллагын дэмжлэгийг баталгаажуулах боломжгүй байх байв.    Энгийнээр хэлбэл Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь өмнөх нэгдүгээр шатны зардлын зөрүү, анхны төсөв болон бодит зардлын ялгааг тайлбарласан аудитын дүгнэлтийг баталгаажуулж, хоёрдугаар шатны зардал болох 6.8 тэрбум ам. долларыг тооцон гаргасан юм. Энэ хэмжээ, эн цар хүрээний том төсөлд зардал анх тооцсоноос зөрүүтэй байх нь түгээмэл тохиолддог зүйл билээ.  

оюутолгой бутлуурын зурган илэрцүүд
 
Гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр Хөрөнгө оруулалтын гэрээгээр заасан татварын тогтворжуулалтын заалтуудыг дахин баталгаажуулж, татварын тооцоололтой хамаарах маргааныг шийдвэрлэсэн юм. Тодруулан хэлбэл тус төлөвлөгөө нь борлуулалтад ноогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцохыг тодруулан өгсөн билээ.    Гүний уурхайн ТЭЗҮ-ийн дагуу Засгийн газар нь Оюу толгойн нийт үнэ цэнийн 53%-ийг татвар, рояалти болон өөрт хамаарах 34%-ийн эзэмшлийн ноогдол ашиг хэлбэрээр хүртэх тооцооллыг дахин нотолсон юм. Энэ бүх үр ашгийг Монгол Улс ямар нэгэн санхүүжилт гаргалгүйгээр хүлээн авна.    Тухайн гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын Менежментийн үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг 6%-иас бууруулан 3% болгосон нь Монгол улсын хүртэх үр шимийг дахин нэмэгдүүлсэн хэрэг болсон. Энэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан 145 жилийн туршлага, үүний оюуны өмчийг ашиглахад хамаарсан шударга төлбөр юм.    Хамгийн чухал нь Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь гүний уурхайн бүтээн байгуулалтын иж бүрэн санхүүжилтийн төлөвлөгөөг тогтоож, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нэгдлийг бүрдүүлсэн баримт бичиг юм.    Ингэснээр хувьцаа эзэмшигч болох Монгол улсын Засгийн газар, Туркуойз Хилл Ресурсис болон Рио Тинто нь олон улсын санхүүгийн байгууллагууд болон Канад, АНУ болон Австрали зэрэг улсын Засгийн газрын экспортын зээлийн агентлагуудын эвслийг бий болгож, үүнд санхүүгийн 15 байгууллагыг татан оруулж, уул уурхайн салбарын түүхэн дэх нэг төсөлд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг (магадгүй хамгийн том нь ч байж болох)-ийг бий болгосон юм. 
 
Монгол Улсын “Гуравдагч хөршүүд” болох Канад, АНУ, Австрали, Европ болон дэлхий даяар Монгол Улсыг дэмжигч бусад талуудыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төлөө нэгэн үзүүрт зорилгоор нэгтгэсэн бөгөөд Канадын экспортын хөгжлийн байгууллага (EDC), Европын сэргээн босголт, 
хөгжлийн банк (EBRD), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), АНУ-ын Эксим банк  (Export-Import Bank of the United States) болон Австралийн экспортын санхүүжилт, даатгалын корпораци энэхүү эвсэлд нэгдсэн юм. Энэхүү арга хэмжээ нь БиЭнПи Барибас (BNP Paribas), ЭнЭнЗи (ANZ), АйЭнЖи (ING), Сосиете Женерал (Société Générale), Сумитомо Мицуй (Sumitomo Mitsui), Стандарт Чартеред Банк (Standard Chartered Bank), Канадын хатан хааны худалдааны банк (Canadian Imperial Bank of Commerce), Кредит Агрикол (Crédit Agricole), Интенсиа Сан Паула (Intesa Sanpaolo), Австралийн үндэсний банк (National Australia Bank), Натиксис (Natixis), ЭйчЭсБиСи (HSBC), Токио- Мицубиши банк (The Bank of Tokyo-Mitsubishi UFJ), Айпекс банк (KfW IPEX-Bank) болон  Нидерландын санхүүгийн байгууллага (Nederlandse Financierings-Maatschappij voor Ontwikkelingslanden) зэрэг олон улсын томоохон зээлдүүлэгч нарыг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийлгэхээр нэгтгэсэн юм.    Энэ хэмжээний санхүүжилтийн арга хэмжээг Гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө хэмээх суурь хөрсгүйгээр авч хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд энэхүү санхүүжилт нь Монгол Улсад их хэмжээний шууд үр шимийг хүртээсээр байна. Өнөөдөр бид бүхэн Оюу толгойн олж буй борлуулалтын орлогоос давсан хэмжээний гүйлгээг тус улсад оруулж буй бөгөөд зөвхөн 2017 онд л гэхэд 1 тэрбум гаруй ам.доллар буюу 2.4 их наяд гаруй төгрөгийн гүйлгээ хийжээ. 2010 оноос хойш Оюу толгой нь ойролцоогоор 1.8 тэрбум ам.доллар буюу 4.3 их наяд гаруй төгрөгийг татвар, рояалти хэлбэрээр төлсөн нь тус компанийг Монгол Улсын тэргүүлэх татвар төлөгчдийн нэг болох хэмжээнд хүргэжээ.    Үүнээс дүгнэвэл Монгол Улсын Засгийн газар нь бусад хувьцаа эзэмшигчдээс түрүүлэн төслөөс хэдийн ашиг хүртэж эхэлсэн юм. Төслийн бүтээн байгуулалтыг бүхэлд нь санхүүжүүлж буй хөрөнгө оруулагч нар өөрийн хийсэн хөрөнгө оруулалтаас ямар нэгэн өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш бараг 10 жилийн хугацаанд хүртээгүй буй билээ.    Оюу толгойн хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчид Монгол Улсын өнөөгийн ДНБ-ний хэмжээтэй тэнцэхүйц 12 тэрбум илүү ам.долларын хэмжээний хөрөнгө оруулалтыг ирээдүйтэй, нэг л төсөлд зарцуулаад буй юм. Гэхдээ үндсэн гэрээ буюу бат бөх суурьгүйгээр ямар ч хөрөнгө оруулагч энэ хэмжээний хөрөнгийг дангаар нь Монгол Улсад эсвэл бусад улсад ч оруулах боломжгүй гэдгийг бид бүхэн санаж явах шаардлагатай юм.  
 
Бидний зүгээс Оюу толгой, үүнээс үзүүлэх үр өгөөжид хамаарах аливаа асуудлаар яриа хэлэлцүүлгийг талархан дэмжиж буйн зэрэгцээ Монгол Улсын шийдвэр гаргагчдад хандан урт хугацааны үр нөлөөг онцгойлон харахыг уриалж байна. Бид бүгд Оюу толгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, бүрэн хүчин чадлыг нь эзэмшихийн төлөө байна. Нэг бол бид бүгд хожно, эсвэл аль аль нь алдагдал хүлээнэ. Хамтдаа хожих, хамтдаа хөгжихийн тулд бид бүхэн хамтын ажиллагааны суурь болсон гэрээндээ үнэнч байж, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлцгээе. Эрчим хүч, зээлийн хүүг бууруулах, хот суурин хөгжүүлэх чиглэлээр яриа хэлцлээ үргэлжлүүлж, ахиц дэвшил гаргах хүсэл эрмэлзэлтэй байна. Эдгээр асуудлаар Засгийн газартай хийж буй бидний яриа хэлэлцээ урагшилж буй ч өмнө нь хийгдсэн ямар ч гэрээг дахин сөхөх асуудлыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.  
 
Оюу толгой төсөл нь олон үе дамжин үргэлжлэх төсөл бөгөөд өнөөдрийн монголчуудын хүүхэд, ач зээ нарт төдийгүй тэдний үр хүүхдэд ч үр шимээ үргэлжлүүлэн хүртээх төсөл билээ. Оюу толгой нь зөвхөн нэг компанийн бус харин бид бүхний хамтын хүчин чармайлтын үр дүнд бүрдэн бий болох уурхай бөгөөд бид бүхэн нэгэн зорилгод хандаж, хамтын хүчин чармайлтаа нэгтгэснээр бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжтой юм. Монголын олон нийт Оюу толгойн болон улс орныхоо ирээдүйн төлөө санаа, зориг нэгдэн, хамтдаа байж, түүхэн бахархалт, түүчээлэгч ард түмний сэтгэлээр Оюу толгойг түшиж тулах цаг ирээд байна.